Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/99

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

  Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Жамба,

  Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн *******дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

  Монгол Улсын иргэн,  

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “******” гэх газраас Г.Бийн 2 тооны сарлагийн үхрийг буюу олон тооны малыг хулгайлан авч бусдад 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,  шүүгдэгч Л.Б эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45 тал/,  Хаан банкны Хөвсгөл  салбарын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5890/17 дугаартай албан бичиг, Л.Б*****дугаартай дансны хуулга /хх-ийн 46-49 тал/, хохирогч Г.Бийн мэдүүлэг /хх-ийн 10 тал/, гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 12 тал/, гэрч   Ч.Л мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, хохирлын үнэлгээг тогтоосон  Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-925/11706 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-25 тал/,  шүүгдэгч Г.Б хохирогч  Г.Б нарын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 0320 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-ийн 52-55 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

  Энэ хэргийн улмаас шүүгдэгч Г.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Г.Бт 3.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-925/11706 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0320 дугаартай  “...Нийт төлбөр 3.200.00 төгрөгнөөс 2.300.00 төгрөгийг 1 удаа, 900.000 төгрөгийг 2 дахь удаа нийт 3.200.000  төгрөгийг Хаан банкны ******  тоот данснаар бүрэн хүлээн авсан. Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх /хх-ийн 52 тал/ эвлэрлийн гэрээ  хэрэгт авагдсан  байх тул шүүгдэгч Г.Быг энэ шийтгэх тогтоолоор  хохирогч  Г.Бт төлөх төлбөргүй гэж үзэв.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил  хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

  Шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь  цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүлийн 1, 2, 3, 4 дэх заасныг  тус  тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  Г.Бт төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН