Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2018/02787

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 31 өдөр Дугаар 101/ШШ2018/02787 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо,10-1-38 тоот хаягт оршин суух, Түмэн ном овогт Сайнхүүгийн Н /регистрийн /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамж 2-43 тоотод оршин суух, Харчин овогт Раалайбаатарын Б /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,308,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н , хариуцагч Р.Б , үүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б нь удаа дараа их бага хэмжээгээр, бэлэн ба бэлэн бусаар 2012 оноос 2016 оны хооронд хамаг зовлонгоо тоочин зээлүүлээч би удахгүй ажлаа бүтээгээд эргүүлж өгнө хэмээн гуйж эхлээд 4 сая төгрөгийг их, бага хэмжээгээр, бэлэн ба бэлэн бусаар цувуулан зээлж авсан. Дараа нь 2014 оны 10 сарын 21-ний өдөр бас баахан зовлон тоочин, чи одоо 4 саяыг зээлүүлээч, би хашаа байшингаа барьцаанд тавьсан байгаа, одоо 4 сая нь үлдээд байна. Энэ 4 саяыг өгч зээлээс чөлөөлж авчихаад дахиж тавиад нэг мөсөн 8-аас 10 саяыг зээлээд чиний 8 саяыг бүтнээр нь эргүүлж өгье хамт явсан ч болно гээд гуйгаад байхаар нь итгээд өөрийн дансанд байсан 4 сая төгрөгийг Б ын 5082004106 тоот дансанд шилжүүлж өгсөн. Ингээд хамт явъя гэсэн чинь эргүүлж өгнө чи дансаа шалгаж бай, мөн нотариатаар оръё гэхэд хэрэггүй зээл гарангуут мөнгийг нь өгнө гэж хэлээд явсан боловч өнөөдрийг хүртэл ганц ч төгрөг буцааж өгөөгүй утсаар холбогдоход хөдөө байна гэж шалтаг тоочин өдий хүрч байна.

Мөн хүү өгнө гэсэн ч би татгалзан зөвхөн надаас авсан мөнгөө өгөхийг хүссэн. Өмнө нь 2011 оны 01 сарын 10нд 2,500,000 төгрөг зээлж аваад буцааж 2,300,000 өгсөн болохоор итгээд зээлүүлсэн болно. Ингээд миний итгэлийг эвдэж 6 жил 1 ч төгрөг буцааж өгөөгүй байна. Энэ хугацаанд миний бие эдийн засаг болон сэтгэл санааны их хохирол амсч байна.

Удаа дараа мөнгөө нэхэхэд өгөхгүй гэсэн хүн байхгүй өгнө л гэсэн хариуг өгдөг. Би 2015 оны 02 сарын 10-ны өдрөөс эхэлж 8 хувийн хүүтэй байрны лизинг төлж эхэлсэнээ хэлэхэд бас л удахгүй өгнө гэсэн хариуг өгдөг. Учир иймд би хамгийн энгийнээр бага алданги тооцуулж гаргаж авна. 2015 оны 2 дугаар сарын 10-аас 2018 оны 8 дугаар сарын 10-ныг хүртэл нийт 42 сарыг 53,300 төгрөгөөр тооцоод 2,238,000 төгрөгийг 8,000,000 төгрөг дээр нэмж тооцуулна. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах тухай гаргасан нэхэмжлэлийн 70,200 төгрөг, нийт 10,308,200 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнээс дансаар болон бэлэн 8 сая төгрөг зээлсэн нь үнэн. Наймаа хийгээд дампуурсан нь үнэн. Энэ хүний мөнгийг өгөөгүй хүлээлгэсэн нь үнэн. Би 8 сая төгрөгийг төлнө гэж бодож байна. Хүүг нь төлөх боломж байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Р.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,308,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Р.Б нь 2014 оноос 2016 оны хооронд нэхэмжлэгч С.Н гаас бэлэн болон бэлэн бусаар нийт 8,000,000 төгрөгийг зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү төлөхөөс татгалзаж байна.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд 8,000,000 төгрөгийн зээлийн харилцаанд орсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 232 дугаар зүйлийн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т ... бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө. гэж тус тус заасан бөгөөд талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү төлөхөөр тохиролцоогүй талаар зохигч нэгэн адил тайлбарлаж байх тул талууд хэлэлцэн тохирч, зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хохирол гэж үзхээргүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р.Б аас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,308,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэр хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,882 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Р.Б аас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,308,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,882 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА