| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/01435/И |
| Дугаар | 101/ШШ2022/01536 |
| Огноо | 2022-04-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/01536
2022 04 05 101/ШШ2022/01536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ё.С-т холбогдох,
69,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
Хариуцагч Ё.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ё.С нь 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3445 тоот С үйлчилгээний гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр тэрээр С гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор тохиролцсон. Уг үйлчилгээнд wifi төхөөрөмж, утасгүй интернэт, суурин утас, телевизийн сувгууд багтана.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Ё.С нь 29,500 төгрөгийн үнэтэй багц сонгосон, уг багц сар бүр автоматаар сунгагдах нөхцөлтэй байсан. Манай зүгээс 2020.05.01-ний өдрөөс 2020.05.31-ний өдөр хүртэл гэрээнд заасан үйлчилгээг бүрэн үйлчилгээ үзүүлсэн, гэрээнд заасан нөхцлийн дагуу тэрээр гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй учраас гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа сунгагдаж, түүнд гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлсэн. Хэрэглэгчийн хүсэлтгүйгээр үйлчилгээг шууд хаах боломжгүй юм.
Үүнээс гадна манай инженер техникийн ажилтнууд хэрэглэгч нарын байраар явж, хэрэглэгчдэд үйлчилгээг байнга үзүүлдэг.
Тэрээр төхөөрөмжийг 2020.06.22-ны өдөр хүртэлх хугацаанд идэвхтэй ашигласан. Ингээд 2020.05 сарын төлбөрөө төлөөгүй учраас гэрээг 2020.06.22-ны өдрөөр тасалбар болгосон, гэрээгээр хэрэглэгч нь тухайн сарын төлбөрөө дараа сарын 05-наас 25-ны өдрүүдэд төлөх үүрэгтэй. Бид өөрсдийнхөө төхөөрөмжийг идэвхтэй, идэвхгүй ажиллаж байгааг харах боломжтой, энэхүү төхөөрөмж Ё.С-т байгаа байх, үйлчилгээг тасалбар болгосон өдрөөс тухайн төхөөрөмж идэвхгүй, ашиглагдаагүй болох нь харагдаж байгаа болно. Тэрээр төхөөрөмжийг манайд буцааж хүлээлгэн өгөөгүй, хэрэглэгчийн зөвшөөрөлгүй төхөөрөмжийг хянах боломж манайд байхгүй.
Сарын 29,500 төгрөгийн багц дээрээ хэлний хичээл нөхөх, ухраах, зогсоох үйлчилгээ ашигласан учир нэмэлт үйлчилгээний төлбөр 3,000 төгрөг нэмэгдэж тооцогдсон.
Гэтэл Ё.С нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.6, 5.2.3, 6 дугаар зүйлийн 6.2-д заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон “С” ХХК-иас үйлчилгээг зогсоосон.
Гэсэн хэдий боловч тэрээр 2020 оны 05 сарын үйлчилгээний төлбөр 32,500 төгрөг, 06 сарын үйлчилгээний төлбөр 32,500 төгрөг, нийт 65,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Ё.С-аас үйлчилгээний үлдэгдэл төлбөрт 65,000 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг, нийт 69,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ё.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ё.С миний бие 2012 оны 12 дугаар сараас эхлэн “С” кабелийг 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл хэрэглэж, хэрэглээний төлбөрийг хугацаанд нь барагдуулж байсан болно.
Ер нь 2012 оноос 2020 оны хооронд тухайн кабелын үйл ажиллагаа маш чанаргүй, хэрэглэгчийн эрх ашигт бүрэн нийцдэггүй, шинэчлэлт, хөгжүүлэлт хийж чаддаггүй, байнгын гомдол мэдүүлж, засч, залруулж өгөхийг хүсч цаг бардаг байсан.
Эдний интернэтийн дуу, чанар, дүрс, дамжуулалт муу байсан учир манайхаас төхөөрөмжөө авч биднийг хохиролгүй болгож өгөх, мөн цаашид эдний кабелийг хэрэглэхгүй гэдгээ удаа дараа хэлж, гуйж байсан.
Ингээд бид хагас дутуу үйлчилгээ явуулж байсан С-аас татгалзсан. Энэ талаар албан ёсоор салбар дээр очиж уулзаж байгаагүй, хүсэлт гаргаж байгаагүй.
Гэтэл эднийх 2020.05.20-ны өдөр манай интернэтийг тасалсан байтлаа энэ хүртэлх хугацааны төлбөрөө нэхсэн. Тэгээд энэ гацдаг интернэт болон телевизийн сувгийг хэрэглээд яахав гээд 2020.06.20-ны өдөр “Ю” ХХК-тай гэрээ байгуулсан. Эдний төхөөрөмж манай гэрт байгаа байх, буцааж эднийд өгөөгүй. Нэмэлт үйлчилгээний 3,000 төгрөг яг хэзээнээс нэмэгдсэн талаар мэдэхгүй байна, манайх тухай бүрт нь төлж явсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 2020.05 сарын төлбөрийг төлнө, харин 2020.06 сарын төлбөрийг, нотариатын зардлын хамт төлөхгүй. Учир нь 2020.06 сард үйлчилгээ аваагүй тул үйлчилгээний төлбөрийг төлөхгүй гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон төлбөрийн даалгавар, “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “С” ХХК-иас М.Ц-д олгосон итгэмжлэл, С гурвалсан үйлчилгээний гэрээний маягтын хуулбар, 2020 оны 05 болон 06 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэх, итгэмжлэл /хх-ийн 2-9, 20-21/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагчаас хариу тайлбар, “Ю” ХХК-тай байгуулсан үндсэн үйлчилгээний гэрээ /хх-ийн 30/ зэрэг баримтыг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Ё.С-т холбогдуулан 69,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 32,500 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигч талуудын хооронд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3445 дугаартай “С” байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь “Ай Пи телевиз, интернэт, суурин утас” гурвалсан үйлчилгээг үзүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу зохих төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар заажээ.
Талууд гэрээний талаар маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан байх ба гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй./хх-ийн 6/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нь сарын 29,500 төгрөгийн үнэ бүхий гурвалсан үйлчилгээний багц Prime HD-ыг, мөн 3,000 төгрөгийн үнэ бүхий “хэлний хичээл нөхөж үзэх ухраах, зогсоох, эхлүүлэх” нэмэлт үйлчилгээг сонгосон байх ба гэрээний дагуу түүний 2020 оны 5 дугаар сарын төлбөр 32,500 төгрөг, 2020 оны 6 сарын төлбөр 32,500 төгрөг болох нь төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 20-21/
Нэхэмжлэгч нь с үйлчилгээний гэрээний 3.2.1-т “Хэрэглэгч нь тухайн сард ашигласан үйлчилгээний төлбөрөө дараа сарын 05-наас 25-ны өдрийн хооронд бүрэн төлнө”, 3.2.2-т “Төлбөртэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд хэрэглэгчийн төлбөр төлсөн баримтанд тулгуурлан асуудлыг шийдвэрлэнэ”,
6.1.2-т “Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол” гэдэг үндэслэлээр үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоожээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 5 сарын төлбөр 32,500 төгрөгийг зөвшөөрч, 6 сарын төлбөр 32,500 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 36,500 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг 2020.05.20-ны өдөр үйлчилгээг хааж, интернэтийг тасалсан, түүнчлэн нэмэлт үйлчилгээний 3,000 төгрөгийн төлбөр хэзээ, хэрхэн нэмэгдсэн болохыг мэдэгдээгүй мөртлөө үйлчилгээ үзүүлээгүй хугацааны төлбөр нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч үүнтэй холбоотой баримт ирүүлээгүй болно.
Гэрээний 4.1-т хэрэглэгчийн эрхийг, 4.1.6-т “Зөвхөн гэрээ байгуулсан хэрэглэгч иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтыг авчран өөрийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг авах” гэж,
4.2-т хэрэглэгчийн үүргийг, 4.2.3-т: “Хэрэглэгчийн төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд үйлчилгээний төвд өөрийн биеэр иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, гэрээний хамт ирж төхөөрөмжийн ажиллахгүй болсон шалтгааныг тогтоолгоно”,
6-т үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлахыг, 6.2-т: “Хэрэглэгчийн гэрээ цуцлах хүсэлтийг зөвхөн уг гэрээ байгуулсан хэрэглэгч өөрөө гаргах бөгөөд үйлчлэгчтэй гэрээ байгуулсан хэрэглэгч өөрийн биеэр ирж иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, гэрээг авчирч дараах төлбөрүүдийг төлж барагдуулсан байна. Үүнд: Гэрээг цуцлах хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний төлбөрүүд” гэж тус тус заажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээ цуцлах болон өөрийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг авах зэрэг хүсэлтийг гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг гэрээгээр хүлээсэн энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Үүнээс үзэхэд хариуцагч нь өөрийн татгалзлыг баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзнэ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагчийг үйлчилгээний төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнээс 2020 оны 5, 6 сарын үйлчилгээний төлбөр болох 65,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаж ирүүлсэнтэй холбоотой нотариатын зардал 4,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ё.С-с 65,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Ё.С-с улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ