Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Хулан

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  М.Э-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

              Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч М.Э нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ***сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Тыг зодож, түүний эрүүл мэндэд тархинд доргилт, дээд уруулын салстад язрал, зүүн дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч М.Э нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Тын бие эрх чөлөөнд нь халдан зодож, түүний биед нь тархинд доргилт, дээд уруулын салстад язрал, зүүн дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.Эын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Тын  өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний  өдрийн 20 цагийн үед манай нөхөр өнөөдөр багийн шинэ жилтэй хоёулаа цуг явья гэж хэлэхээр нь би тэгье гээд хувцсаа солиод нөхрийн хамт гэрээсээ гараад 21 цагийн үед багийн төв дээр очоод шинэ жилийн арга хэмжээнд оролцоод байж байсан. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00 цагийн үед манай нөхөр гэв гэнэт өнөөдөр чи их хөөрхөн харагдаж байна энд ирсэн бусад хүмүүс чам шиг гоёж гангараагүй байгаа биз дээ чи залуучуудтай адилхан гангараад намайг орхиод явах гэж байгаа биз дээ гэж хэлээд байхаар нь би чи юу яриад байгаа юм бэ, чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн  чинь манай нөхөр хоёулаа гараад машин дотроо сууя гэж хэлэхээр нь би  за тэгье гэж хэлээд нөхрийн хамт багийн төвөөс гараад явж байсан чинь манай нөхөр гэв гэнэт намайг зодоод эхэлсэн. Багийн төв дээр байсан хүмүүс бид 2-ыг салгасан. Нөхөр бид 2 тэр хавиар байж байгаад үүрийн 06 цагийн үед шинэ жилийн арга хэмжээ тараад цуг явж байсан 2 хүнийг гэрт  нь хүргэж өгөөд гэртээ ирээд манай нөхөр шинэ жилийн арга хэмжээн дээр цохисонд уучлаарай гэхээр нь би юм хэлээгүй юм тэгсэн л манай нөхөр намайг уучлахгүй юм байна. Тэгвэл чамайг ална гээд намайг шууд зодоод эхэлсэн. Тэр үед манай хүүхдүүд орноосоо босож ирээд нөхрийг надаас холдуулсан чинь ингээд намайг уучлахгүй байгаараа гээд орилоод байсан.  Тэгж байгаад манай нөхөр унтаад өгсөн. Шинэ жилийн арга хэмжээн дээр миний миний нүүрэн тус газарт 4-5 удаа цохиод уруулыг минь сэт цохисон байсан, Үүрээр гэртээ орж ирээд миний толгой тус газарт 10-аад удаа гараа атгаж байгаад цохиод байсан. Ер нь бол байнга л чамайг ална гээд миний толгой тус газарт цохиод байдаг. 2023 оны 11 дүгээр сард   намайг хүнтэй хардаж зодож байсан. 2021 оны 12 сард манай дүүгийн хурим найранд байхад намайг зодож байсан. 2017 оны 07 сарын 10-нд согтуу орж ирээд зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

             Гэрч Б.Э өгсөн: “..2024 оны 12 дугаар сарын 21-ний  өдөр би нөхрийн хамт Хөвсгөл аймгийн А.Р сумын ****дугаар багт болох шинэ жилийн арга хэмжээнд оролцох гээд Мөрөн сумын нутаг дэвсгэрээс 20 цагийн үед гараад орой 23 цагийн үед ****сумын *** дугаар багийн төв дээр очоод шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхад миний төрсөн эгч болох Т.Л нь нөхрийн хамт явж байсан. Би ч эгчтэйгээ мэнд мэдээд хоорондоо юм ярьж сууж байгаад талбай дээр бүжиг болж байсан. 2024 оны 12 дугаар сарын 22 өдрийн 00 цагийн үед намайг бүжгийн талбай дээр байхад хүмүүст гэнэт шуугилдаад байхаар нь би юу болсон юм болоо гэж бодоод яваад очсон чинь хүргэн ах маань эгчийг цохиод зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би хүргэн ахыгаа холдуулаад эгчийг аваад өөр ширээнд суулгасан чинь ах араас ирж зодох гээд байсан. Би тэр болгонд нь хүргэн ахыгаа эгчээс холдуулаад байж байсан. Өглөө үүрийн 5 цагийн үед хүргэн ахын архи согтууруулах ундааны зүйл нь гарчихсан арай гайгүй болоод эгч нөхрийгөө дагаад яваад өгөхөөр нь би нөхрийн хамт шууд гэр лүүгээ яваад өгсөн. Намайг салгахад эгчийн уруул нь хавдаад цус гарчихсан байсан. Бусад  зүйлийг сайн ажиглаагүй. Эгчийн юу болсон талаар тухай үед нь асуухад манай эгч манай нөхөр шууд гараа атгаж байгаад цохиод авлаа гэж хэлсэн... “ гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

              Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаартай: “... Л.Т.Лын  биед  тархи доргилт, дээд уруулын салстад язралт зүүн дээд 1-р үүдэн шүдэнд сулрал бүхий  гэмтэл тогтоогдлоо.   Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгджээ.  О.Тын биед үүссэн гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын  зэрэг тогтоох журмын  3.1.1-т  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.  тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварт  нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 тал/,

           Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт /хх-ийн 24 тал/,

           Хохирогч О.Тын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 7 тал/,

           Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны  хэрэгслээр ирүүлсэн  гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06 тал/,

          Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар  хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл  тогтоосныг    хүлээн зөвшөөрсөн: “...О.Т сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоов...” гэх маягтын загвар /хх-ийн 43 тал/,   

           Шүүгдэгч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна..” гэх мэдүүлэг  /хх-ийн 30 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хуралдаанд улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Э нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Тыг зодож, түүний эрүүл мэндэд тархинд доргилт, дээд уруулын салстад язрал, зүүн дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.Тын өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна. Иймд М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт,

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч  Б.Ганчимэг гаргасан: “...Миний үйлчлүүлэгчийг түүний гэр бүлийн хамаарал бүхий хүн болох М.Э нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. 24 жил гэдэг хүний амьдралын тал хугацаа. 6 хүүхэд гаргасан. Өөрөө хүүхдүүдээ хараад сумын төвд байдаг. Хааяа уурлах, бухимдах гар хүрэх асуудал олон жил болж байна. Эхлээд гомдолтой байсан. Цаашид хамтран амьдрахад хэцүү байна. Миний хувьд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байгаагүй. Хүүхэд гаргаж мал маллаж гэрийн ажил хийж явсаар энэ хүнд, энэ амьдралд өөрийгөө зориулсан байтал намайг буруугаар ойлгож бусадтай хий харддаг гэсэн асуудал даамжирсан. Энэ асуудал дээр гомдолтой гэсэн байр суурьтай байсан. Одоо сар шинэ боллоо. Хүүхдүүдийнхээ байгаа байдлыг харгалзаж үзээд мөн эдийн засаг нэг учир сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээтэй холбоотой зардал мөнгө гаргуулаад яах вэ. Бид хоёрын хооронд ярилцаж тохиролцсон асуудал байгаа учир гэж хэлснийг дамжуулж байна. 47 настай эрэгтэй хүн уураа, биеэ барьж чадахгүй бол цаашид юунд хүрэх вэ, энэ дээр анхаарах хэрэгтэй байна. Мал төллөх цаг болж байна. Энэ хүн амьдралын эх үүсвэр болсон малаа хардаг, үр хүүхдээ малын ашиг шимээр тэжээн тэтгэдэг энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд улсын яллагчийн гаргаж байгаа саналыг дэмжин оролцож байна. 47 настай хүн шүүхийн танхимд юу эсийг бодож зогсож байгаа вэ. Энэ нөхцөл байдлууд дээрээ цаашдаа анхаараарай..”  гэсэн санал дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч  Э.Хулан гаргасан: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн тухайд ямар ч маргаангүй явж ирсэн. Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс өнөөдрийн шүүх хуралдаан болох хүртэл өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ ухаарч гэмшиж байгаа...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгч Э.Хулан нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч   О.Т, гэрч Б.Э нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмчийн дүгнэлт,  хохирогч О.Тын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн  яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад нь шүүгдэгч М.Э нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Тын бие эрх чөлөөнд нь халдан зодож, түүний биед нь тархинд доргилт, дээд уруулын салстад язрал, зүүн дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч М.Эын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Тын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч  М.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч М.Э нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Тын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

            Шүүгдэгч М.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  О.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Хохирогч О.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй,  хохирогч О.Т нь шүүхийн шатанд: “...эдийн засаг нэг учир сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээтэй холбоотой зардал мөнгө гаргуулаад яах вэ. Бид хоёрын хооронд ярилцаж тохиролцсон асуудал байгаа...” гэх тайлбарыг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан байх тул шүүгдэгч М.Эыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч  О.Тд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Эын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Энэ хүн амьдралын эх үүсвэр болсон малаа хардаг, үр хүүхдээ малын ашиг шимээр тэжээн тэтгэдэг энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд улсын яллагчийн гаргаж байгаа саналыг дэмжин оролцож байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Хулан гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгуулийн доод хэмжээ 450 нэгжээр торгож өгөөч гэсэн саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

           Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Эт тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч  О.Тд төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

          1.  Шүүгдэгч  М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-г  600/ зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Эт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

           4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

           5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Тд төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч  М.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН