Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/0247

 

     2021           3              11                                       2021/ДШМ/0247                                

 

     О.Б, Б.Ш, Б.С,

            нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч С.Батжаргал,

шүүгдэгч Б.Ш, шүүгдэгч О.Б нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

хохирогч Б.С,

нарийн бичгийн дарга Б.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ш, О.Б нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2362 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Б овгийн О-ы Б,

 

          Т овгийн Б-ийн Ш,

 

          А овгийн Б-ийн С,

 

          Шүүгдэгч О.Б нь Б.Ш-тэй бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын13-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гангар 40 дүгээр байрны гадна талд Б.С, Б.С нартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Б.С-ийн үснээс зулгааж, толгой, хөл, гар руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед тархи доргилт, баруун шуу ясны цууралт, 2 гарын бугалга, шуу, тохой, 2 хөх, 2 өвдөг, хэвлий, нуруу, баруун дал, зүүн тавхай, баруун гарын эрхий ядам хуруунд зулгаралт, цус хуралт, зүүн чамархай, баруун тохойн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          мөн ганцаараа Б.С-ын үснээс зулгааж газарт унагаан чирсний улмаас биед нь тархи доргилт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          шүүгдэгч Б.Ш нь О.Б-тэй бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гангар 40 дүгээр байрны гадна талд Б.С-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, толгой, хөл, гар руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед тархи доргилт, баруун шуу ясны цууралт, 2 гарын бугалга, шуу, тохой, 2 хөх, 2 өвдөг, хэвлий, нуруу, баруун дал, зүүн тавхай, баруун гарын эрхий ядам хуруунд зулгаралт, цус хуралт, зүүн чамархай, баруун тохойн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          шүүгдэгч Б.С нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гангар 40 дүгээр байрны гадна талд Б.Ш-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодсоны улмаас түүний биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Б, Б.Ш нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хоёр хүний эсрэг, бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Б-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ш-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.С-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Б.Ш, Б.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Б.Ш, Б.С нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Б, Б.Ш нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Б.С, хохирогч Б.С, Ш.Б нар нь манай үйлчлүүлэгч нар болох шүүгдэгч О.Б, Б.Ш нарын сэтгэл санаа болон бие махбодид дарамт үзүүлж, нэр хүндийг нь гутааж, зэрлэгээр зодсон /үснээс олон удаа зулгааж доош нь дарах, гараа атгаж байгаад цохих, нүүрэн тус газарт нь гараараа алгадаж, түлхэж унагаар зэрэг/ бусдыг үл хүндэтгэж, маш харгис хэрцгий аргаар хэргийг өдүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийг шалган шийдвэрлэсэн мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ үл биелүүлж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр хэрэгт хэт нэг талыг баримталж хандсан нь энэхүү хэргийн улмаас бие махбодийн хийгээд сэтгэл санааны хохирол хүлээсэн хүмүүс болх О.Б, Б.Ш нарт давхар хохирох нөхцөл байдал бүрдсэн болно.

 

Мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шалгаж бэхжүүлж авалгүйгээр орхигдуулсан байгаа нь энэхүү хэрэгт жинхэнэ гэм буруутай этгээдүүд ял завших боломжийг олгож байна. Учир нь, Б.Ш, О.Б нарын зүгээс хэрүүл маргаан үүсгэх, тухайн этгээдүүдийн биед халдах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй ба харин н.С нар болон Билэг гэгчийн зүгээр хэрүүл, зодоон үүсгэж, хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд нөлөө үзүүлж болохуйц байдлаар биднийг дарамталж байсан нь баримттай ба “муусайн цагдаагаар яадаг юм, хуягаа ахыг дууд, мөн шоронд явуулна, хэн хэнийхээ дээр гарахаа үзье, 10 сая төгрөг бэлд, муусайн балиар, тарган авгай нар” гэх зэргээр хэл амаар доромжилж, шантаач хийх, өөрсдөө мөнгө авах зэрэг танхай болон шунахайн сэдэлт, санаа зорилгоор бидний биед зориуд халдаж өөрсдийн гэмт санаа бодлоо тулгасан хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан болно.

 

Мөн тухайн этгээдүүд нь цагдаа ирсэн даруйд цагдаагийн газарт очиж гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлэлгүйгээр нилээд хугацаа өнгөрсний дараа гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлж, хувцас хэрэглэлээ үнэлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч С, С нарт гарсан гэмтлийг О.Б, Б.Ш нар нь гаргаагүй бөгөөд тухайн этгээдүүдэд учирсан гэмтлийг хэн гаргасан болохыг тогтоолгүйгээр манай үйлчлүүлэгч нарыг буруутгаж байгаа нь хууль бус гэж үзэж гомдолтой байна. Тухайн үйл явдлыг харсан гэрч болох Б.Б, Б.С нар нь О.Б, Б.Ш нарыг доромжилж зодсоныхоо дараа цагдаагийн газар луу явалгүйгээр өөр хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэж, зодолдсон талаар мэдүүлэг /1хх 36-39/ хавтаст хэрэгт авагдсан болно.

 

Мөн хэргийн газрын ойролцоох Эмийн сан, “Гангар орд” СӨХ-ийн хяналтын камерын бичлэгийг мөрдөгч, прокурорын зүгээс нотлох баримтаар авах ямар нэгэн ажиллагааг хийгээгүй байдаг. Энэхүү СӨХ-ийн камер нь яг хэрэг учрал болсон газрыг бичдэг байсан ба тухайн үед манай үйлчлүүлэгч нар ямар нэгэн зодоон үүсгэх байдлаар биеэ авч яваагүй хийгээд Б.С нарын бусдыг илтэд үл хүндэтгэж бүлэглэж зодсон болох нь үйлдлийн хувьд хөдөлбөргүй тогтоогдох байсан боловч мөрдөгч прокурорын зүгээс энэхүү үйл баримтыг тодруулалгүйгээр зөвхөн мэдүүлгүүдэд хөтлөгдөж асуудалд хандсанд харамсаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Намайг гүтгэсэн байна. Манай дүүг зодсон учраас би дүүгээ өмөөрч, салгах гэж ноцолдож байгаад би өөрөө зодуулсан. Мөнгө нэхсэн гэж гомдолдоо дурдсан. Мөнгө нэхсэн зүйлгүй, цагдаад анх мэдүүлэг өгч байхдаа миний хувцсыг урсан гэж хэлэхэд наадахаа үнэлүүлж болно шүү гэж хэлэхээр нь үнэлүүлсэн. Өөрсдөө анхны шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний хувцасны мөнгийг шилжүүлсэн. Цагдаа дагаж яваагүй талаар ярьсан. Цагдааг бол дагаж явсан. Тухайн үед би өөрөө зодуулсан, миний аав өнгөрсөн, сэтгэл санаа тавгүй байсан. Ээж маань хүнд өвтэй, бие нь муу байсан учраас тухайн үед очиж чадаагүй боловч дараа нь цагдаад очсон. Согтуу байсан гэж хэлдэг. Тухайн үед бие өвдөж байсан болохоор 100 грамм вино уучхаар гайгүй болдог гэж бодоод  уусан байсан. Би согтуу бол байгаагүй, намайг гүтгэж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч С.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.С аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэж байна. Тухайн үед дүүгээ бусдын халдлагад өртөөд зодуулж байхад очиж хамгаалсан, салгасан үйлдлийг хийсэн учраас аргагүй хамгаалалт гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гомдолд дурдсан шүүгдэгч О.Б, Б.Ш нар хохирсон болохоос бусдыг хохироогоогүй гэж тайлбар хэлсэн. Тухайн үед болсон өөрсдийнх нь мэдүүлэг, шүүх хуралдаанд хэлсэн мэдүүлгүүдээр тухайн үед ноцолдсон, зодолдсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдалтай байснаа мэдүүлж хэлдэг. Шүүгдэгч О.Б, Б.Ш нар 17 цагаас 00 цаг хүртэл гадаа машинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Гарч ирээд зодоо хийх үедээ аягатай пивотой байсан гэдэг. Анх хохирогч Б.Сыг үсдэж дарж, зодсоноос болсон байдаг. Шүүгдэгч Б.Сгийн хувьд анхан шатны шийтгэх тогтоолд заасан торгуулийн ял хүндэдсэн гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх, мөн торгуулийн ялыг хамгийн багаар оногдуулах боломжтой байсан” гэв.

 

Хохирогч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед эгч болон манай гэр бүлийн хувьд хүнд үе байсан. Аав өнгөрөөд удаагийн байсан. Ээж маань шулуун гэдэсний хорт хавдартай болохоор хагалгаанд орох гээд эмнэлэгт хэвтсэн байсан. Эгч бид хоёр машин дотроо цаашид яах талаараа ярилцаж байсан. Шүүгдэгч О.Б, Б.Ш нар өөрсдөө зүгээр байсан хүмүүсийн биед халдсан. Манай эгч намайг хамгаалж орж ирсэн. Тухайн үед намайг зодуулж байхад эгч орж ирж салгаагүй бол 2 хүнд зодуулж, хөнгөн биш хүнд гэмтэл авах байсан. Манай эгч хэрэгтэн болоод шүүхээс ял шийтгэл авч байгаад гомдолтой байна” гэв.  

 

Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хавтас хэрэгт авагдсан гэрч Б болон шүүгдэгч нарын өгсөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хэн хэнийхээ биед хүч хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн. Камерт бичлэг хийгдсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид үүрэг чиглэл өгсөн. Тухайн цаг хугацааны камерын бичлэг устсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн шүүгдэгч, гэрч нарын мөрдөн байцаалтын явцад мэдүүлгүүдийг үндэслэн камерын бичлэгийг сэргээх шаардлагагүй гэж үзсэн. Мөрдөн байцаалтын явцад прокурорын зүгээс хэт нэг талын барьж ажиллагаа явуулсан гэж үзсэн боловч баримтаар нотлогдоогүй үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

          Шүүгдэгч О.Б нь Б.Штэй бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гангар 40 дүгээр байрны гадна талд Б.С, Б.С нартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Б.Сгийн үснээс зулгааж, толгой, хөл, гар руу нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед тархи доргилт, баруун шуу ясны цууралт, 2 гарын бугалга, шуу, тохой, 2 хөх, 2 өвдөг, хэвлий, нуруу, баруун дал, зүүн тавхай, баруун гарын эрхий ядам хуруунд зулгаралт, цус хуралт, зүүн чамархай, баруун тохойн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          мөн ганцаараа Б.Сын үснээс зулгааж газарт унагаан чирсний улмаас биед нь тархи доргилт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          шүүгдэгч Б.Ш нь О.Бтэй бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гангар 40 дүгээр байрны гадна талд Б.Стай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, толгой, хөл, гар руу нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед тархи доргилт, баруун шуу ясны цууралт, 2 гарын бугалга, шуу, тохой, 2 хөх, 2 өвдөг, хэвлий, нуруу, баруун дал, зүүн тавхай, баруун гарын эрхий ядам хуруунд зулгаралт, цус хуралт, зүүн чамархай, баруун тохойн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          шүүгдэгч Б.С нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гангар 40 дүгээр байрны гадна талд Б.Штэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодсоны улмаас түүний биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          хохирогч Б.Сын “... үл таних хоёр согтуу эмэгтэй машины жолооч талын хаалгыг таглаад зогссон байхаар нь намайг холд гэхэд холдохгүй байхаар нь гараараа түлхтэл “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд хэнийг нь мэдэхгүй нэг эмэгтэй миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Тэгэхэд миний баруун өвдөг зулгарсан. Дараа нь намайг газарт унагахад би “яая” гээд орилоход манай ах н.Б, эгч Б.С нар гарч ирээд салгасан. ... би алхаад нөгөө газарт ирэхэд үл таних хоёр эмэгтэй манайг эгчийг газарт хэвтүүлчихсэн хоёулаа үснээс нь зулгаасан байдалтай байсан. Манай эгч “ёоё, тавиачээ” гээд орилж байсан. Үл таних хар өнгийн футболктой эмэгтэй толгой, хөл,гар руу нь цохиод өшиглөөд байсан. ...салгах гээд очиход саарал футболк өмссөн эмэгтэйн миний цээжийг маажаад өмсөж байсан майкийг урчихсан байсан. ...” /1хх 23-24/,

 

          гэрч Б.Бын “... гараад очиход ээжийн үс нь аймар зулгаагдаад дайхирсан байдалтай, хувцас нь шороо болчихсон ба цаашаа очиход Ш эгч зүүн талаараа, ягаан хослолтой эгч баруун талаараа газарт хэвтчихсэн байдалтай байсан. Ягаан хослолтой эгч Б.Ш эгчийн үснээс нь зулгаагаад тавихгүй байсан ба үл таних согтуу эгчийн нөхөр нь гэх ах салгах гээд Б.Ш эгчийн гар, цээж рүү нь цохиж, түлхээд байсан. Намайг анх гарч ирэхэд Б.Ш эгчийн баруун хацар нь тэр чигтээ цус болсон байдалтай байсан. ...” /1хх 38-39/,

 

          гэрч Ш.Бийн “...хадам дүү гарч ирээд заза машинаа холдуулчихъя гээд машин руугаа суух гэж байхад хар хувцастай махлаг биетэй эмэгтэйн дүүгийн үснээс нь зулгаагаад шилдэж дарсан. Тухайн үед дүүг орилохоор нь яасан гэхэд манай эхнэр С хадам дүүгийн үснээс нь зулгаасан эмэгтэйтэй үсдэлцсэн. Тэгээд бужигнаж байгаад саарал хувцастай туранхай биетэй эмэгтэйтэй манай эхнэр үсдэлцсэн байхад махлаг биетэй эмэгтэй манай эхнэрийн гэдэс, хөл, гар руу нь олон удаа өшиглөөд байсан. Манай эхнэрийг босох гэхэд босгохгүй, үснээс нь зуурсан байсан. ... Тэгээд би тэр хоёрыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. ... ” /1хх 40-42/,

 

          Б.Сгийн хохирогч болон яллагдагчаар өгсөн “... манай дүү машин дээрээ очоод машинаа холдуулах гэхээр нь үл таних хоёр согтуу эмэгтэй манай дүүг нийлээд үснээс нь зулгаагаад чирч байхаар нь би очоод салгах гэхэд хоёулаа нийлээд миний үснээс зулгаагаад доошоо дарсан байхад нөгөө эмэгтэй нь миний нүүр рүү өшиглөөд цохиод байсан. ...” /1хх 30-31, 151-152/

 

          Б.Шийн хохирогч болон яллагдагчаар өгсөн “... Тэгэхээр нь О.Б нь “танай аав чинь өөд болсон юм бол гэртээ гэрийнхнийгээ тайтгаруулаад байж байхын оронд энд юугаа хийж архидаад байж байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл ягаан хослолтой эмэгтэй “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд үснээс нь зулгаагаад доошоо дарсан. Тэгэхээр нь салгах гээд очоод бужигнаж байхад нэг залуу нэмэгдэж ирээд салгах гэж байгаа юм болов уу гэхэд бүр эхнэртэйгээ нийлээд үсдэж аваад байсан. Тэгэхээр нь салгах гэхэд үл таних залуу намайг мангасдаж 2-3 удаа унагаасан. Үл таних залуу миний үснээс зулгаагаад доошоо суулгасан. Түүний эхнэр гэх эмэгтэй миний үснээс зулгаагаад доороо хийгээд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. О.Бгийн үснээс нь хажуу талд нь сууж  байсан согтуу эмэгтэй зулгааж эхлэхээр нь салгах гэж очсон тэр ягаан хувцастай, буржгар үстэй эмэгтэй миний нүүрийг маажиж, уруул руу цохисон. Хамт байсан залуу нь миний нүүр рүү 2-3 удаа гараараа түлхэж унагаасан. ... ” /1хх 13-14, 108-110/,

 

          О.Бгийн яллагдагчаар өгсөн “... миний толгойн оройн хэсгээс зулгаагаад доошоо дарсан. Намайг үсдчихээд тавихгүй байсан. Манай найз Б.Ш нь салгах гэж байгаад С гэх эмэгтэйд үсдүүлсэн. Үл таних хоёр эмэгтэйн нөхөр нь гэх залуу гараад ирсэн байхаар нь миний харснаар Б.Шийг 2-3 удаа түлхэж унагаасан уу, цохиж унагаасан уу гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг Сд үсдүүлсэн байхад миний нүдний шил унасан байхад би нүдний шилээ аваад зүүсэн. Тэгэхэд дүү нь гэх С нь машинаа холдуулах гэхээр нь “чи яах гээд машинаа холдуулах гээд байгаа юм бэ” гэж байхад эгч нь гэх С нь миний үснээс зулгаасан. Үл таних эмэгтэйн нөхөр нь гэх залуу ирээд салгах нэрийдлээр үсдүүлээд доошоо дарсан байхад эхнэрийнхээ гаран дээрээс бариад миний үснээс үсдэж татаад гараа тавь гээд миний толгой руу цохисон. ...” /1хх 118-119/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9347 дугаартай “... Б.Шийн биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогджээ. Дээрх баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /1хх 44-45/,

 

          2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9346 дугаартай “... О.Бгийн биед эрүүнд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” дүгнэлт /1хх 48-49/,

 

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9401 дугаартай “... Б.Сгийн биед тархи доргилт, баруун шуу ясны цууралт, 2 гарын бугалга, шуу, тохой, 2 хөх, 2 өвдөг, хэвлий, нуруу,баруун дал, зүүн тавхай, баруун гарын эрхий, ядам хуруунд зулгаралт, цус хуралт, зүүн чамархай, баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 53-54/ дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 159-160/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 

          Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч О.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг бүлэглэж үйлдсэн, мөн Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Ш, О.Б нарын Б.С, Б.С нартай маргалдан улмаар Б.Сгийн үснээс нь зулгааж, толгой, хөл, гар руу нь цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед тархи доргилт, баруун шуу ясны цууралт, хоёр гарын бугалга, шуу, тохой, хоёр хөх, хэвлий нуруу, баруун дал, зүүн тавхай, баруун гарын эрхий, ядам хуруунд зулгаралт, цус хуралт, зүүн чамархай, баруун тохойн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг, мөн Б.Шийн ганцаараа Б.Сын үснээс нь зулгааж газарт унагаан чирсний улмаас биед нь тархи доргилт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Б.Сгийн Б.Шийн үснээс зулгааж, нүүрэн тус газарт нь цохисны улмаас түүний биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Ш, О.Б, Б.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, О.Бг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн ялын зорилгод нийцжээ.

 

          Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх тул шүүгдэгч Б.Ш, О.Б нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан “... мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан, уг хэрэгт Б.Ш, О.Б нарын үйлдэл хангалттай, эргэлзээгүйгээр нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

          Өөрөөр хэлбэл, хэрэг учрал болсон шалтгаан нөхцөл нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б.Ш нь О.Бгийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн хаалгыг нээх гэж байгаад Б.С, Б.С нарын сууж байсан тээврийн хэрэгслийн хаалгыг цохисноос эхэлсэн бөгөөд улмаар бие биенээ хэл амаар доромжилж хоорондоо маргаан үүсгэн, харилцан зодолдож О.Б нь ганцаараа Б.Сын биед хөнгөн хохирол, Б.Штэй бүлэглэн Б.Сгийн биед хөнгөн хохирол, Б.С нь Б.Шийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүнчлэн, өмгөөлөгчийн гомдолд дурдсан уг маргааныг Б.С, Б.С нар үүсгэсэн гэх гомдлын хувьд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, мөн камерын бичлэгт дурдагдсан “... муусайн цагдаагаар яах юм, Хуягаа ахыг дууд, шоронд явуулна, 10 сая төгрөг бэлд ...” гэх зэрэг үгийг хэлсэн үйлдэл нь уг хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Мөн гэрч Б.Бын “... үл таних согтуу эгчийн нөхөр нь гэх өндөр ах салгах гээд Ш эгчийн баруун гар, цээж рүү цохиод, түлхээд байсан. ... хиймэл давхраатай эмэгтэйн хажууд нь зогсож байсан өндөр нуруутай ах зодооныг салгах гээд байж байсан. ...” /1хх 38-39/, гэрч Ш.Бийн “... би хар хувцастай эмэгтэйг “цаашаа бол” гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан, тэгтэл хажуугаар явж байсан үл таних хэдэн залуучууд салгасан. ...” /1хх 41-42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9347 дугаартай шинжээчийн “... Б.Шийн биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтлүүдээс баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 44-45/ дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд Б.Шийн биед учирсан гэмтлийг Б.Сгийн нөхөр Ш.Б нь учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Б.С, Б.С нарыг тухайн хэрэг учрал болсны дараа өөр хоорондоо зодолдож, гэмтэл үүсгэсэн байх боломжтой гэх гомдлын хувьд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9401, 9402 дугаартай “Б.С, Б.С нарын биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар Б.С, Б.С нарыг Б.Ш, О.Б нартай муудалцсаны дараа өөр хоорондоо зодолдож гэмтэл авсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй буюу хэргийн материалд авагдсан баримтаар уг үйл баримт тогтоогдоогүй болно.

 

          Хэргийн материалд хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг,тэдгээрийн гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлага байхгүй байна.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ш, О.Б нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ш, О.Б нарын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ