Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 16

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг

            Шүүгдэгч Б.Баттүвшин нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ард овогт Болормаагийн Баттүвшинд холбогдох 201723010015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд 1991 оны 03 сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, ах, дүү, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 06 сарын 28-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар,

-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕД91032215 регистрийн дугаартай Ард овогт Болормаагийн Баттүвшин.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Б.Баттүвшин нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар баг Бүрдийн 08 тоотод оршин суух хохирогч А.Ганзоригийн цоожтой амбаарт хууль бусаар нэвтрэн орж улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж бусдад 1000000 төгрөгний, мөн давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 02 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Улаан худаг” гэх газар оршин суух Ц.Хатанбаатарын цоожтой гэр болон амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 3434000 төгрөгний нийт 2 удаагийн давтан үйлдлээр бусдад 4434000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад Т О Д О Р Х О Й Л О Х нь:

- Шүүгдэгч Б.Баттүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 02 сарын 16-ны орой А.Ганзоригийн амбаараас улаан өнгийн, улсын дугааргүй, “Даюун” маркийн мотоцикль хулгайлсан. 2017 оны 02 сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад Ц.Хатанбаатарын гэрт мотоцикльтой очоод хурган дээл 1ш, хөвөнтэй дээл 1ш, нимгэн дээл 1ш, зургийн аппарат 1ш, цагаан сарын бэлэг, кабель утас, хонины гулууз мах 1 ширхгийг хулгайлсан. Би дунд гарын мөнгөн аяга 3ш, том гарын мөнгөн аяга 2ш, алтан бөгж 1ш, алтан гадас одон 1 ширхгийг хулгайлаагүй. Намайг хулгай хийхэд эдгээр зүйл байгаагүй. Би хулгайлсан зүйлүүдийг бүгдийг нь хохирогч нарт буцаагаад өгсөн. Хонины ууцыг Бор-Өндөрт зарсан байсан. Дараа нь өөрөө ирээд аваад явсан. Надад хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Б.Баттүвшингийн 2017 оны 03 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн “Би 2017 оны 02 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын төвд байж байгаад Галшар сум явах гээд хамаатаны ах Ганзоригийн мотоциклийг авах гээд очтол хүн байхгүй байсан. Тэгэхээр нь амбаараас нь улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хүнд мэдэгдэлгүйгээр нууцаар авсан. Би амбаар дотроос нь мотоциклийг нь гаргаад 100 метрийн зайтай жалганд мотоциклийг нь орхиод хэд хоногийн дараа буюу 2017 оны 02 сарын 20-ны өдөр нөгөө мотоцикль орхисон жалганд очиход мотоцикль байж байсан. Тэгээд мотоциклио унаад Бор-Өндөр сум руу явсан. Тэгээд Дархан сумын нутагт нутаглах Хатанбаатар ахынхаар орж цай уух гээд очтол хүн байхгүй байсан. Гэрийн хаалгыг цоожилсон байсан. Гэрт ороод зүүн талын цоожгүй авдарыг онгойлгож үзтэл эмэгтэй хүний хурган дотортой дээл, эрэгтэй хүний нимгэн ногоон өнгийн дээл байхаар нь гаргаж аваад, баруун талын цоожтой авдарны цоожийг эвдэлж үзэхэд авчихаар юм байхгүй болохоор нь цагаан судалтай эрээн өнгийн адъяал байхаар нь дээлнүүдийг боогоод ширээний нүднүүдийг татаж үзтэл хар өнгийн зургийн аппарат байсан. Зургийн аппаратыг авсан. Гэрээс гарч цэнхэр өнгийн воганчикны хаалгыг татаад үзтэл онгойхгүй байхаар нь жижиг цонхоор гэрэл тусгаад хартал хонины бүтэн гулууз мах байсан. Гулууз махыг аваад гарах гэтэл ногоон өнгийн том цүнх байсан. Цүнхийг онгойлгож үзтэл дотор нь чихэр печень байсан. Тэр цүнхийг махтай аваад кабель утсыг аваад мотоциклио асаагаад явсан. Тэгээд Иххэт сумын төв орсон. Сумын төвөөс 100 метрийн зайтай жалганд мотоцикль болон айлаас хулгайлсан эд зүйлээ нууж үлдээгээд гэртээ амарсан. Бор-Өндөрт ирж гулууз махаа зарсан. Сайншанд руу хулгайлсан эд зүйлээ зарах гээд явсан. Зарж чадаагүй эргэж ирсэн. Ирээд унтаж байтал цагдаа ирээд бариад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

- Шүүгдэгч Б.Баттүвшингийн 2017 оны 04 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 57/,

- Хохирогч Ц.Хатанбаатарын 2017 оны 04 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “Манайх Хэнтий аймгийн Дархан сумын 3-р баг Улаан худаг гэх газар өвөлжиж байсан. 2017 оны 02 сарын 20-ны орой Дорноговь аймгийн Иххэт сумын төвд тоглолт үзэх гээд эхнэрийн хамт 18 цаг 30 минутын үед явсан. Гэрээ цоожлоод малаа хашчихаад явсан. Гэрт үлдсэн хүн байхгүй. Тоглолт үзчихээд орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдлээд гэрт хулгай ороод авдар болон хуванцар савнаас эд зүйл хулгайлсан байсан. Манай гэрээс хурган дээл 1ш, хөвөнтэй дээл 1ш, нимгэн дээл 1 ш, зургийн аппарат 1ш, дунд гарын мөнгөн аяга 3ш, их гарын мөнгөн аяга 2 ш, алтан бөгж 1ш, алтан гадас одон 1ш, цагаан сарын хүнд өгөх бэлэгнүүд алдагдсан. Тухайн үед алдагдсан бэлэгнүүдээ олж авсан. Мөн гадна амбаараас хонины ууц, гэрлийн кабель утас хулгайд алдсан. Би хулгайд алдсан зургийн аппаратыг 1200000 төгрөгөөр, хурган дотортой дээлийг 500000 төгрөгөөр, хөвөнтэй дээлийг 30000 төгрөгөөр, нимгэн дээлийг 30000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягануудыг нийт 600000 төгрөгөөр, том гарын мөнгөн аягануудыг нийт 500000 төгрөгөөр, алтан бөгжөө 300000 төгрөгөөр, хонины ууцыг 100000 төгрөгөөр үнэлнэ. Алтан гадас одонг сайн мэдэхгүй байна. Цагаан сарын бэлэгнүүдийг орон нутгийн цаг үеийн ханшаар үнэлнэ. Гэрлийн кабель утас 25 метр байсан. 30000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын 3ш мөнгөн аяга, их гар

ын 2 ш мөнгөн аяга, алтан бөгж, алтан гадас одон, хонины ууц зэргийг олж аваагүй. Бусад зүйлийг бүрэн олж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

- Хохирогч А.Ганзоригийн 2017 оны 03 сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “Би Дорноговь аймгийн Иххэт сумын төвд байх “Өргөн зүлэг” ХХК-ийн колонкод түгээгч хийдэг. Би өөрийнхөө мотоциклийг колонкийн хажуу талын воганчиконд хийж орхидог. Би эхнэрийнхээ хамт 2017 оны 02 сарын 15-ны орой Улаанбаатар хот руу явахдаа мотоциклио воганчиконд хийж орхисон байсан. Тэгээд Улаанбаатар хотоос ирэхэд мотоцикль байхгүй байсан. Миний мотоцикль 2017 оны 02 сарын 16-ны шөнө хулгайд алдагдсан. Би уг мотоциклийг 2016 оны 08 сард шинээр нь Да хүрээ зах дээрээс 1550000 төгрөгөөр авсан. Улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикль байсан. Улсын дугаар аваагүй. Би мотоциклио 1500000 төгрөгөөр үнэлнэ. Мотоциклио олоод авсан учраас гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

- Гэрч Б.Отгонбаярын 2017 оны 03 сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “Манайх Дорноговь аймгийн Иххэт сумын төвд амьдардаг. 2017 оны 02 сарын 15-ны өдөр  нөхөр бид хоёр Улаанбаатар хот руу явж байгаад 2017 оны 02 сарын 17-ны өдөр ирсэн. Энэ хугацаанд колонкийн хажууд байдаг воганчикноос манай нөхрийн мотоцикль алга болсон байсан. 2017 оны 02 сарын 16-ны шөнө мотоциклио хулгайд алдсан. Уг мотоциклийг 2016 оны 08 сард шинээр нь худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

- Гэрч Д.Өнөржаргалын 2017 оны 04 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “Манайх Хэнтий аймгийн Дархан сумын 3-р багийн нутаг Улаан худаг гэх газар өвөлжсөн. Мал дээр нөхөр бид хоёр байгаа. 2017 оны 02 сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын төвд тоглолт үзэхээр нөхрийн хамт 18 цаг 30 минутын үед явсан. Тоглолт үзээд шөнө 22 цаг өнгөрч байхад ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд манайд хулгай орсон байсан. Манай гэрээс зургийн аппарат, хурган дотортой дээл 1ш, хөвөнтэй дээл 1 ш, тэрлэгэн дээл 1 ш, дунд гарын мөнгөн аяга 3 ш, их гарын мөнгөн аяга 2ш, алтан бөгж 1ш, алтан гадас одон, цагаан сараар хүнд өгөх байсан бэлэгнүүд, хонины ууц, гэрлийн кабель утас зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Хулгайд алдагдсан зүйлээсээ дунд гарын 3 ш мөнгөн аяга, их гарын 2 ш мөнгөн аяга, алтан бөгж, алтан гадас одон, хонины ууц зэргийг авч чадаагүй. Бусдыг нь олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

- Гэрч Г.Энхтүвшингийн 2017 оны 04 сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 02 сарын 10-даар манай аав, ээж хоёр Улаанбаатар хот явчихсан байсан. Тухайн үед би ажлаасаа буугаад гэртээ харьсан чинь манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан. Тэгээд гэртээ орж үзсэн чинь гэрээс алдагдсан зүйл байгаагүй. Тэгээд аав ээжид хэлсэн чинь аав гэрээс гараад гэрийн зүүн талд байх воганчикийг очиж үзсэн чинь дотор нь байсан мотоцикль алга болсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

- Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Үнэлгээний комиссын “Ц.Хатанбаатарын хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ нийт 3434000 төгрөг, Дорноговь аймгийн Иххэт сумын Засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссын “А.Ганзоригийн хулгайд алдсан мотоциклийн үнэлгээ 1000000 төгрөг” үнэлгээ /хх-ийн 58-59/,

- Шүүгдэгч Б.Баттүвшингийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-61/, Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 02 тоот шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 07 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 66-72/, Дорноговь аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 06 сарын 28-ны өдрийн 85 тоот шийтгэх тогтоолын хуулбар,

- Шүүгдэгч Б.Баттүвшингийн эзэмшлийн samsung SM-G-3815 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 73-75/

- Хохирогч Ц.Хатанбаатарын “Манайх хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 88/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-н 01/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 05-10/, сэжигтэн Б.Баттүвшингийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 20-21/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзнэ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ард овогт Болормаагийн Баттүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Баттүвшин нь:

- ялтай байхдаа давтан үйлдлээр 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар баг Бүрдийн 08 тоотод оршин суух хохирогч А.Ганзоригийн цоожтой амбаарт хууль бусаар нэвтрэн орж улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж бусдад 1000000 төгрөгний,

- мөн давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 02 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Улаан худаг” гэх газар оршин суух хохирогч Ц.Хатанбаатарын цоожтой гэр болон амбаарт хууль бусаар нэвтрэн орж хурган дээл 1 ширхэг, хөвөнтэй дээл 1 ширхэг, нимгэн дээл 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг, кабель утас, хонины гулууз мах 1 ширхэг, цагаан сарын бэлэг хулгайлж 1934000 төгрөгний нийт 2 удаагийн үйлдлээр 2934000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь хохирогч А.Ганзориг, Ц.Хатанбаатар нарын мэдүүлэг, гэрч Б.Отгонбаяр, Д.Өнөржаргал, Г.Энхтүвшин нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Дархан сум, Дорноговь аймгийн Иххэт сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссын үнэлгээ, шүүгдэгчийн өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт, шалтгаан нөхцлийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба шүүх хууль сануулж, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Баттүвшин нь 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баттүвшин нь ялтай байхдаа, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 2934000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Б.Баттүвшингийн хулгайн үйлдлээс 2017 оны 02 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Улаан худаг” гэх газар оршин суух хохирогч Ц.Хатанбаатарын цоожтой гэрт хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, том гарын мөнгөн аяга 2 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, алтан гадас одон 1 ширхэг нийт 1500000 төгрөгний эд зүйл хулгайлсан гэх үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баттүвшин нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй, ашиг олох зорилгоор ялтай байхдаа, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Баттүвшин нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.  

Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Баттүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан   гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Баттүвшинд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Баттүвшин нь хохирогч А.Ганзоригт 1 сая төгрөгний, хохирогч Ц.Хатанбаатарт 1934000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хулгайлсан эд зүйлүүдийг хохирогч нарт буцааж өгсөн, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Баттүвшинг бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Б.Баттүвшингийн өмчлөлийн 80000 төгрөгний үнэлгээтэй гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баттүвшин нь 2017 оны 02 сарын 20-ны өдөр хохирогч Ц.Хатанбаатарын гэрээс эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 1 сая төгрөгний үнэлгээтэй мотоцикль ашиглаж үйлдсэн байх тул шүүгдэгч Б.Баттүвшингээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баттүвшингийн 2017 оны 05 сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Б.Баттүвшингийн бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2,

283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299, 301, 303, 304

дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

            1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Баттүвшингийн үйлдлээс дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, том гарын мөнгөн аяга 2 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, алтан гадас одон 1 ширхгийг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Шүүгдэгч Ард овогт Болормаагийн Баттүвшинг ялтай байхдаа, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ард овогт Болормаагийн Баттүвшинг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттүвшинд оногдуулсан 6 /зургаан/ сарын баривчлах ялыг биелүүлэхийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттүвшингийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттүвшингийн өмчлөлийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.Баттүвшин нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1000000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Баттүвшингээс гаргуулж улсын орлого болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар Б.Баттүвшинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

             9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Баттүвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ