Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2350

 

МАГАДЛАЛ

 

2018.11.23                                                 Дугаар 2350                                    Улаанбаатар хот

 

 

 

 

ИГЧ ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01909 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ИГЧ ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ОСНААУД ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 13 444 305 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай байгууллага нь ажлын хувцас нийлүүлэх тендерт шалгаран ОСНААУГ-тай 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажлын зуны хувцас нийлүүлэх ОСНААУГ-БМ17\13 тоот гэрээг байгуулан хамтран ажилласан билээ. Уг гэрээнд тусгагдсан ажлыг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор буюу хуанлийн 31 хоногийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөхөөр, гэрээний үнийн дүн болох 83 833 600 төгрөгийг гэрээний гүйцэтгэлийг 100% нийлүүлсний дараа 30 хоногийн дотор нийлүүлэгч талд шилжүүлнэ гэж гэрээний салшгүй хэсэг болох гэрээний ерөнхий нөхцөлд заасан. Харин манай байгууллага нь ажлын тусгай хувцасны олон улсын стандартад нийцсэн сайн чанарын материал татан авах, захиалагч тал нь гэрээнд заагдсан хувцасны размер болон хувцас дээр хадагдах логог ирүүлээгүйн улмаас гэрээний нийлүүлэлт хоцрох эрсдэл гарсан тул гэрээний ерөнхий нөхцөлийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу ажлын хувцас нийлүүлэх гэрээг тодорхой хугацаагаар сунгуулах хүсэлт тавьж ОНӨААТҮГ-ын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/1412 тоот албан бичгээр гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгасан. Гэтэл ОНӨААТҮГ-аас хувцасны размераа 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хувцас дээр хадагдах логогоо 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай байгууллагын цахим шуудангаар илгээсэн бөгөөд ирүүлсэн хугацаанаас 7 хоногийн дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бид гэрээний үүргээ биелүүлэн ОСНААУГ-тай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17/1393 тоот актаар ажлын зуны хувцасыг хүлээлгэн өгсөн. ОСНААУГ нь гэрээний тусгай нөхцөлийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээний төлбөрийг шуурхай хийнэ гэсэн заалтыг зөрчин 74 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээний дүн болох 83 833 600 төгрөг манай байгууллагад шилжүүлэхээс 74 859 730 төгрөг шилжүүлж, 8.962.870 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Энэ тухай Ж.Б  дарга уулзах болгондоо наад асуудлыг чинь шийдэж өгнөө удаахгүй гэсээр байгаад сүүлд албан бичгээр хариу авъя гэхэд танай байгууллага гэрээний хугацаанаас хоцроосон тул гэрээний 11 дэх заалтын дагуу 0.5%-ийн алданги тооцсон хэмээн 2018.05.11-ний өдрийн 02/539 тоотоор хариу мэдэгдсэн. Үүнийг бид зөвшөөрөхгүй бөгөөд хийсэн ажлынхаа үлдэгдэл хөлсийг шаардах эрхтэй. Иймд гэрээний дүнгийн үлдэгдэл 8 962 870 төгрөг, алданги 4 481 435 төгрөг нийт 13 444 305 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ИГЧ ХХК нь ажлын зуны хувцас нийлүүлэх тендерт шалгарч манай байгууллагатай гэрээ байгуулсан боловч гэрээний нийлүүлэх хугацаа 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хэтрүүлсэн. Бидэнд хүсэлт тавьсны дагуу гэрээний хугацааг 09 дүгээр сарын 05 хүртэл сунгасан. Гэтэл хамгийн сүүлийн хувцасыг 2017 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгсөн нь гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцогдоно. Манай байгууллагад н.Э гэдэг хөдөлмөр хамгааллын инженер байдаг боловч тэр хүнтэй тохиролцож, түүнээс лого, загвар ав гэж бид хэлээгүй, хариуцсан ажилтан С.И байсан, тэрээр гэрээ байгуулмагц ажлын хувцасны задаргааг явуулсан байдаг. Тиймээс манай буруутай ажиллагаа байхгүй. Иймд гэрээний хугацаа хоцроосон тул гэрээний 11 дэх заалтын дагуу алданги тооцож, 8 962 870 төгрөг дутуу шилжүүлсэн юм. Ер нь нийт 6 удаагийн нийлүүлэлтээр ажлын хувцасыг хүлээн авсан. Тэгэхлээр манай явуулсан лого, раземараар үйлдвэрлэл явагдаж байсан гэсэн үг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ОСНААУД ОНӨААТҮГ-аас 12 462 870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ИГЧ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 981 435 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИГЧ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 229 652 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 4 480 төгрөгийг буцааж, хариуцагч ОСНААУД ОНӨААТҮГ-аас 214 356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ИГЧ ХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ОСНААУД ОНӨААТҮГ нь 2017 онд Ажлын зуны хувцас нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хийсэн бөгөөд ИГЧ ХХК ХХК-ийн тендер шалгаруулалтын дагуу ирүүлсэн баримт бичиг материалыг харгалзан үзэж тендерт шалгаруулан 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Ажлын зуны хувцас нийлүүлэх ОСНААУГ-БМ-17/13 дугаартай гэрээ байгуулсан юм. Гэтэл ИГЧ ХХК нь гэрээнд заасан хугацаанд зуны ажлын хувцас нийлүүлээгүй болон тендерт шалгаруулалтын явцад ирүүлсэн бичиг баримт, санал хүсэлтээсээ өөрөөр 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусаж байхад даавуу захиалга тээврийн явцад саатал гарсан гэсэн утгатай гэрээний хугацаа сунгуулах хүсэлт, албан бичгийг тус газарт ирүүлсэн байдаг. ИГЧ ХХК нь тендерийн баримт бичиг болон гэрээний үүргээ зөрчсөн учир талууд тохиролцсон ёсоор гэрээний 11 дүгээр заалтын дагуу 8 962 870 төгрөгний алданги тооцсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шийдвэрт өөрчлөлт оруулах саналтайгаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ИГЧ ХХК нь хариуцагч ОСНААУД ОНӨААТҮГ-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 13 444 305 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлын хувцсыг бэлтгэн нийлүүлсэн, гэрээний хугацаа хэтрүүлсэн зүйлгүй байхад хөлсийг дутуу төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт хариуцагч байгууллагаас гаргуулах…” гэж тайлбарлан, хариуцагч байгууллага “...хугацаа хэтрүүлж хувцсаа нийлүүлсэн учир үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу алдангид тооцож авсан тул төлөх үндэслэлгүй…” гэжээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын    19-ний өдөр ажлын хувцас нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч байгууллага нь 83 822 600 төгрөгийн үнэ бүхий нийт 1265 ширхэг зуны ажлын хувцсыг хариуцагч байгууллагад 2017 оны 08 дугаар сарын 20-ны дотор нийлүүлж, төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-ийн алданги төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллага нь “материал үйлдвэрийн явц болон тээврийн явцад саатал үүссэний улмаас хугацаа хоцорч 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл гэрээний хугацаа сунгах санал тавьсаныг хариуцагч байгууллага нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгаж, талууд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Бараа материал хүлээн авсан акт” үйлдэн ажлын хувцсыг хүлээлцсэн байна. /хх 18,37/

Тодруулбал, хариуцагч нь гэрээний тусгай нөхцлийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн дотор гэрээний төлбөрийг хийнэ гэсэн заалтыг зөрчин 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 83 822 600 төгрөг төлөхөөс 74 859 730 төгрөг төлж төлөх үүргээ биелүүлээгүй тул 8 962 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад    олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нийлүүлэх хугацаагаа 24 хоногоор хожимдуулсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнээс үүсэх мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана” гэж заасны дагуу анзыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд дээрх дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж   шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01909 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “12 462 870” гэснийг “8 962 870”, “981 435” гэснийг “4 481 435” гэж тус тус өөрчлөн,

2 дахь заалтын “214 356” гэснийг “158 356” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 355 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

 

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ