Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

 

 

 

 

 

 

 

2025      02         24                                           2025/ШЦТ/44

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000000319 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ц-гийн С (РД: ....), 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл зургаа, нөхөр, хүүхдүүдийн хамт .. аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Ц.С нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Ц.Бтэй “дахин архи уух гэсэн” гэх шалтгаанаар маргалдан улмаар алх шидэж хохирогчийг цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хохирогч Ц.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас), гэрч Ж.Тийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), гэрч Б.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 02 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хохирогч Ц.Бийн “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой гэртээ эхнэр Ц.Сгийн хамт байтал гаднаас найз Балдаа, түүний эхнэр Ж.Т нар орж ирээд цай унд болж 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво хувааж уугаад дуусах үед Ж.Т дахин 2.5 пиво гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Балдаа /Б.Б/ тухайн пивоноос угаагүй. Пиво дуусах үед Ж.Т “манай гэрт 1 шил архи байгаа очиж уух уу” гэхэд бид зөвшөөрч Б.Бийн гэрт очиж цай унд болж 0.75 литрийн 1 шил архи манай эхнэр Ц.С, Ж.Т бид нар хувааж ууж дуусгаад Ц.С бид хоёрыг Б.Б, Ж.Т хоёр гэрт  хүргээд явсан. Би дахин 1 шил архи авахаар явах гэтэл эхнэр уурлаж “гарч яах гээд байгаа юм, унтаач” гээд гартаа байсан жижиг алхыг над руу шидэх үед толгойн баруун хэсгийг цохисон. Эмнэлэг дээр очиж боолт хийлгэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

- Хохирогч Ц.Бийн дахин өгсөн “...манай эхнэр Ц.С нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой, манай гэрт болсон маргаанаас үүдэн жижиг алх над руу шидэж миний толгойд гэмтэл учруулсан. Эхнэр Ц.С нь урьд өмнө намайг цохиж зодсон зүйл байхгүй. Маргаан болох үед эхнэр бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Хамт байсан Ж.Т, Б.Б нар явсан байсан. Уг маргаан манай гэрт болсон. Б.Бийн гэрт ямар нэгэн байдлаар маргалдаж зодолдсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);

- Хохирогч Ц.Бийн дахин өгсөн “...Эхнэр Ц.С надаас уучлалт гуйж, эмчид үзүүлж, эм, тос авч өгсөн. Миний толгойд учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Гэрч Ж.Тийн “...Тухайн үед би нөхөр Б.Бийн хамт очсон бөгөөд хоол унд болж 2.5 литрийн пивыг Ц.Б, Ц.С бид гурав хувааж уусан. Миний нөхөр Б.Б уугаагүй. Ц.Б, Ц.С нарыг дагуулан өөрийн гэртээ ирээд 0.75 литрийн 1 шил архийг мөн бид гурав ууж дуусгаад Ц.Б, Ц.С хоёрыг гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас);

- Гэрч Б.Бийн “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой эхнэр Ж.Тийн хамт найз Ц.Бийн гэрт очиход гэрт нь Ц.Б, эхнэр Ц.С нар байсан. Хоол унд болж 2.5 литрийн пиво Ц.Б гаргаж ирээд Ц.Б, Ц.С, миний эхнэр Ж.Т нар хувааж уусан. Манай гэрт ирээд 0.75 литрийн 1 шил архийг миний эхнэр Ж.Т, Ц.Б, Ц.С нар хувааж ууж дуусгаад би Ц.Б, Ц.С нарыг хүргэж өгөөд гэртээ ирсэн. Тухайн үед миний эхнэр хамт явсан. Манай гэрт байх хугацаанд Ц.Б, Ц.С нар маргалдаж зодолдсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас);

- Шүүгдэгч Ц.Сгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “....Б.Б, Ж.Т хоёр нөхөр бид хоёрыг гэрт хүргэж өгөхөд шөнийн 02 цаг болж байсан байх. Нөхөр Ц.Б бид хоёр гэрт ороод би гал түлэх гээд хөрлө алхаар хагалж байтал нөхөр Ц.Б нь “дэлгүүр явж архи авч уун” гээд гэрээс гарах гэхээр нь “чи гарч яах гээд байгаа юм бэ? шөнө болсон байна, дахин архи ууж яах гээд байгаа юм, унтаач” гээд алх шидэх үед уг алх нь нөхрийн толгойг цохиж толгойноос нь цус гарч эмнэлэг дуудсан. Өөр зүйл болоогүй. Би энэхүү үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас) зэргээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ шүүгдэгч Ц.С нь хохирогч буюу нөхөр Ц.Бтэй “дахин архи уух гэлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар алх шидэж, толгой руу нь цохисон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч Ц.Бийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 02 дугаартай “...Ц.Бийн биед баруун зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Баруун зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна. Тодруулбал шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ шүүгдэгч Ц.С нь хохирогч буюу нөхөр Ц.Бтэй “дахин архи уух гэлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар алх шидэж, толгой руу нь цохисны улмаас хохирогчийн биед баруун зулайд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч Ц.С нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн биед зэвсгийн чанартай зүйлээр халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлжээ. Шүүгдэгч Ц.С, хохирогч Ц.Б нар нөхөр эхнэр буюу гэр бүлийн гишүүд болох нь тэдний мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 8, 10, 12-13, 33-34, 42 дугаар хуудас)-аар нотлогдсон тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, дур зорго, итгэл үнэмшлээ тулган хүлээлгэх, уур бухимдлаа гаргах гэх мэт сэдэлт зорилгоор зодох, догшин авирлаж харгис хэрцгий харьцах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлах зэрэг нэг удаагийн болон байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч нь хохирогчийг дахин архи уух гэлээ гэх буюу үл ялих зүйлээр шалтаглаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед зэвсгийн чанартай зүйлээр халдсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

3.5. Хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Шүүгдэгч Ц.Сгийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эсэх нь хохирогчийн эрх бөгөөд хохирогч Ц.Б “...Миний эхнэр Ц.Стай сайн дурын үндсэн дээр эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, мөн сэтгэцэд учирсан хохирол байхгүй нь үнэн болно” гэх хүсэлт (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) гаргажээ.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй нь шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэх ойлголтыг бий болгохоос бус шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн гэх хууль зүйн ухагдахуун үүсэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.2. Хохирогч Ц.Б гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 38’767 төгрөгийн зардал гарсан нь Увс аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Б.Б-ын тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас)-оор нотлогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Ц.С нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 38’767 төгрөгийн зардлыг төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтаар нотлогджээ. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), шүүгдэгч Ц.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би энэхүү үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С нь мал аж ахуй эрхэлж нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна” гэх санал, шүүгдэгч  эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, нэг удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Ц.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 37 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Ц-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА