| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0053/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/61 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ө.Манзушир
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Л-д холбогдох 2516000000049 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** сарын **** өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эх, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* багийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ****** регистрийн дугаартай, Б ургийн овгийн Н.Л.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Л-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 11- ний шөнийн 04 цагийн үед ****** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Л нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 11- ний шөнийн 04 цагийн үед ***** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Л гэм буруутай болох нь:
2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн ахлагч Т.Б-н энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 8-9-р хуудас/
2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн 2416000172 дугаартай хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 12-14-р хуудас /,
Гэрч Т.Б-н “...Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 02 дугаар сарын 10-наас 2025 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Шөнө 04 цагийн үед ***** багийн *** гудамжинд **** улсын дугаартай приус-20 маркийн тэврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Л жолоочийг зогсоон бичиг баримтыг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртэж байсан тул Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч драгер үлээлгэхэд Н.Л нь драгер үлээхээс татгалзаж, цус болон шээснээс дээж өгөх эсэхийг асуухад өгөхгүй согтуу нь илт мэдэгдэж байсан учраас эрүүлжүүлэх байсан. Би Н.Л гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Тухайн жолооч тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан. Би Н.Л гэх хүнийг X-Cover торгуулийн багажаар шалгахад эрх нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс нэг жилийн хугацаатай эрх нь хасагдсан байсан. Тухайн өдөр аймгийн төвд шугам замд олон нийтийн цагдаа Д.М-н хамт үүрэг гүйцэтгэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг, /хх- ийн 17-18-р хуудас/
Гэрч Д.М-н “... Би мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт олон нийтийн цагдаагаар ажилладаг. 2025 оны 02 дугаар сарын 10-наас 2025 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг цагдаагийн ахлагч Т.Б-н хамт гүйцэтгэсэн. Шөнө 04 цагийн үед ***** багийн **** гудамжинд ***** улсын дугаартай Приус-20 маркийн тэврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Л гэх жолоочийг зогсоон бичиг баримтыг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба үнэртэж байсан тул Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч драгер багаж үлээлгэхэд Н.Л нь драгер үлээхээс татгалзаж, цус болон шээснээс дээж өгөх эсэхийг асуухад өгөхгүй гэсэн Н.Л согтуу нь илт мэдэгдэж байсан учраас эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг түр саатуулж бүртгэлд оруулж ажилласан...Би Н.Л гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Тухайн жолооч тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан. Ахлагч Т.Б нь Н.Л гэх хүнийг X-Cover торгуулийн багажаар шалгахад эрх нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс нэг жилийн хугацаатай эрх нь хасагдсан байна гэсэн. Тухайн өдөр аймгийн төвд шугам замд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Т.Б-н хамт үүрэг гүйцэтгэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч Т.Б-с материалд тусгуулахаар гаргаж өгсөн 1 ширхэг СД-г хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 430 дугаартай шийтгэврийн хуулбар /хх03-06-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Л нь амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч багажаар шалгах гэхэд татгалзсан, архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, энгэрийн камерын бичлэг зэргээр тогтоогдож байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Л-д Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/304 шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тус шийтгэврийн хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Н.Л-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***** багийн ***** гудамжны нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 11- ний шөнийн 04 цагийн үед ****** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Лхагвадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овгийн Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Н.Л-д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардуулж эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Лхагвадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА