| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2018/02926/И |
| Дугаар | 101/ШШ2018/03664 |
| Огноо | 2018-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2018/03664
| 2018 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2018/03664 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ХХК гаргасан,
Хариуцагч: Д.З
Хариуцагч:Б.Б нарт холбогдох,
29,021,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, өмгөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Д.З, Б.Б нартай орон сууц захиалах, захиалгаар гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд Наадамчдын Зам гудамж, 201 дүгээр байр тоот хаягт байрлах 56.75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 107,825,000.000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон.
Өнгөрсөн хугацаанд 10,000,000.00 төгрөг, К банк ХХК-иас зээл авч 75,477,500.00 төгрөг, нийт 85,477,500.00 төгрөгийг төлж, үлдэх 22,347,500.00 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11,173,750.00 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11,173,750.00 төгрөгийг төлж барагдуулах зээлийн гэрээ байгуулсан.
Энэхүү зээлийн гэрээ бол орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрийг хэзээ төлөх талаар тохирсон тохиролцоо бөгөөд хариуцагч нар 3,000,000.00 төгрөгийг төлж, 19,347,500.00 төгрөгийг төлөөгүй.
Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.-т захиалагч гэрээнд заасан мөнгөн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж тайлбар өгсөн атлаа шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг гайхаж байна. Иймд, хариуцагч нараас 29,021,250.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Бид, нэхэмжлэлийг хүлээн авахдаа зээлийн гэрээний дагуу 29,021,250.00 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлгосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нэхэмжилж байна гэсэн.
Гэтэл талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1.-д зааснаар 32,347,500.00 төгрөгийг төлж дуусгасан, үлдэх 75,477,500.00 төгрөг К банк ХХК-иас зээлж төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар эдгээр төлбөрүүд бүрэн төлөгдсөн.
Бидний байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 22,347,500.00 төгрөгийг ямар нэгэн байдлаар шилжүүлээгүй, энэ гэрээг анхнаасаа дүр үзүүлж байгуулсан учраас хүчин төгөлдөр бус. Миний 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хариу тайлбар бол зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр гэж ойлгож байсан, гэвч уг гэрээ, хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зааснаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг банк эсхүл банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, төлбөрийг төлүүлнэ гэж заасан. Энэхүү хашаа байшинг худалдах бүрэн боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
нь:
Нэхэмжлэгч П ХХК-иас хариуцагч Д.З, Б.Б нарт холбогдуулан 29,021,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болон 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нартай 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц захиалах, захиалгаар гүйцэтгэх гэрээний дагуу 19,347,500.00 төгрөг, алданги 9,376,750.00 төгрөг, нийт 29,021,250.00 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсаныг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д.З, Б.Б нартай 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалах, захиалгаар гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Ханбогд Наадамчдын Зам гудамж, 201 дүгээр байр, тоот хаягт байрлах 56.75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 107,825,000.000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирчээ /х.х-ийн 3-7 хуудас/.
Талууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нар уг гэрээг байгуулсан өдөр 10,000,000.00 төгрөг, К банк ХХК-иас 75,477,500.00 төгрөгийн зээл авч, нийт 85,477,500.00 төгрөг төлсөн тухай маргаагүй боловч үлдэх 22,347,500.00 төгрөгөөс 19,347,500.00 төгрөгийг төлөх эсэх талаар маргасан /х.х-ийн 60, 64 хуудас/.
Хэдийгээр зохигчид энэхүү гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж тайлбарлаж байгаа ч тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Учир нь, хариуцагч Д.З, Б.Б нар тус гэрээнд заасан орон сууцыг бий болоход ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн нэгэн адил эрх, үүргийг хүлээгээгүй, гагцхүү гэрээнд заасан төлбөрийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцжээ.
Тодруулбал, зохигчдыг орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулахаас өмнө дээрх орон сууцыг улсын комисс хүлээн авсан, нэхэмжлэгч тал ашиглахад бэлэн орон сууцыг захиалагч буюу хариуцагч нарын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн, уг орон сууцыг хэрхэн яаж бий болгох нь хариуцагчдад чухал бус, харин тэд нэгэнт бий болсон гэрээний зүйлийг худалдан авсан байх тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна /х.х-ийн 15, 70-72 хуудас/.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдагч буюу нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч болох хариуцагч нар үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар 107,825,000.00 төгрөгөөс 85,477,500.00 төгрөгийг төлсөн, гэрээний зүйлийг эзэмшиж, өмчилж байх тул энэ хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу гэрээний зүйлийг хүлээн авсан байна.
Иймд, нэхэмжлэгч П ХХК-ийг хариуцагч Д.З, Б.Б нартай 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн 56.75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчдын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 22,347,500.00 төгрөгийг хүүгүй зээлж, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11,173,750.00 төгрөг, үлдэх 11,173,750.00 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар тохирчээ /х.х-ийн 9-12 хуудас/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус зээлийн гэрээг зохигчдын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлөгдөөгүй 22,347,500.00 төгрөгийг төлөх хугацааг тухайлан тохиролцсон гэрээ гэж тайлбарласныг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээ мөн хэдий ч ийм хэмжээний мөнгийг хүлээн аваагүй гэж маргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд тэдгээрт зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч П ХХК-иас хариуцагч Д.З, Б.Б нарт 22,347,500.00 төгрөгийг бодитоор өгөөгүй боловч талуудын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой 22,347,500.00 төгрөг төлөх үүргийг зээлийн гэрээний үүрэг болгон сольжээ.
Тайлбарлавал, тус хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан ба 236.1.3.-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болно гэж, мөн 236.2.-т Энэ хуулийн 236.1.3.-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж тус тус зааснаар зохигчдын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэг дуусгавар болж, харин зээлийн гэрээний харилцаа шинээр бий болсон байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1, 2.3.2, зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгийг тус тус Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал хариуцагч нар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдөр 32,347,500.00 төгрөгийг төлсөн, 75,477,500.00 төгрөгийг К банк ХХК-иас зээл авч төлөх, 32,347,500.00 төгрөгөөс 10,000,000.00 төгрөгийг төлсөн учраас үлдэх 22,347,500.00 төгрөгийг зээлсэн гэж тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П ХХК-иас нийт 107,825,000.00 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариуцагч Д.З, Б.Б нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч нар үүнээс 85,477,500.00 төгрөгийг төлж, үлдэх 22,347,500.00 төгрөгийг төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж, тийнхүү 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцож, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000.00 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 500,000.00 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000.00 төгрөгийг зээл хэмээн төлж байсан ажээ /х.х-ийн 61-63 хуудас/.
Нэхэмжлэгч П ХХК-иас хариуцагч Д.З, Б.Б нарт холбогдуулан 19,347,500.00 төгрөгийг алданги 9,376,750.00 төгрөгийн хамт нэхэмжлэхдээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэсэн.
Гэтэл энэхүү орон сууц худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэг нь дээр дурьдсанаар дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэгэнт дуусгавар болсон гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шаардах эрх үүсэхгүй.
Нөгөө талаар үүрэг гүйцэтгэгч тал гагцхүү хүчин төгөлдөр бөгөөд дуусгавар болоогүй гэрээнд заасан мөнгөн төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд анз төлөх үүрэг хүлээх ба нэгэнт талуудын хооронд байгуулсан оро сууц худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон учраас үүргийн гүйцэтгэлийг хангах арга мөн адил дуусгавар болох учиртай.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 236 дугаар зүйлийн 236.2.-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П ХХК-ийн гаргасан хариуцагч Д.З, Б.Б нарт холбогдох 29,021,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,057.00 төгрөг хэвээр сүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР