Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/226

 

П.З-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч П.З-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр, Э.Эрдэнэчулуун,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.З-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.З-т холбогдох эрүүгийн 1811007720887 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            П.З-, 1989 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр биелүүлсэн,

             П.З- нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кинотеатрын хойно байрлах “Эн Ти Эн” ХХК-ийн цамхгийн гадна Ү.О-аас “Canon” загварын гэрэл зургийн аппарат, дурангийн хамт “3 хоногийн хугацаатай түрээслэх” нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж залилан авч, улмаар “Э-” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 4.394.126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.З-ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар П.З-аас 1.920.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Э-” барьцаалан зээлдүүлэх газарт олгож, П.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.З- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирогч Ү.О-аас “Canon загварын мэргэжлийн гэрэл зургийн аппарат, дурангийн хамт түрээслэн авч реклам, зар сурталчилгааны ажил хийдэг байсан. Хохирогч Ү.О-аас түрээслэн авсан гэрэл зургийн аппаратыг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “Э-” барьцаалан зээлдүүлэх газар өөрийн барьцаанд тавиагүй байхад анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна. ...” гэв.

            Шүүгдэгч П.З-ын өмгөөлөгч Б.Гантөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай нотолсон гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.З- нь хохирогчоос гэрэл зургийн аппаратыг ямар зорилгоор авсан болох, тэр нь чухам ямар үйл баримтаар эргэлзээгүй нотлогдож байгаа болох, хэн, хэзээ уг аппаратыг “Э-” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан болох, тэр нь чухам ямар нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдож байгаа нь тодорхой бус. Барьцаалан зээлдүүлэх газар нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг ба үйл ажиллагаандаа тодорхой дүрэм, журам, стандартыг баримталдаг. Тодруулбал зээлийн болон барьцааны гэрээ, бэлэн болон бэлэн бус олгосон баримт зэргийг үйлдэж байхыг шаарддаг ба уг баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа түүний гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй. “Э-” барьцаалан зээлдүүлэх газрын эдийн засагч Э.Б- гэрчээр мэдүүлэхдээ “...З- нь манайхаар 2017 оны намар 2-3 удаа үйлчлүүлсэн...” гэжээ. Мөн тэрээр З-ыг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Э-” барьцаалан зээлдүүлэх газарт ирж зээл авсан ба барьцаанд “Canon” загварын гэрэл зургийн аппаратыг тавьсан гэх боловч зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, мөнгөний баримт зэргийг гаргаж өгөөгүй байна. Угтаа зээлийн гэрээ, мөнгөний баримт зэрэг нь хэрэгт хавсаргагдаж байж, түүн дээрх гарын үсэг шүүгдэгч П.З-ынх байж гэмээн түүний гэм буруу нотлогдох учиртай. Гэрч Э.Б- нь П.З-ыг тухайн өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ирж үйлчилгээ авсан гэдгээр таньж байна уу, урьд өмнө 2-3 удаа үйлчилгээ авч байсан учир таниад байна уу гэдгийг нарийн тогтоох учиртай. Ийм учраас өмгөөлөгчийн зүгээс гэрч Э.Б-г шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй.

            Мөн шүүгдэгч гэрэл зургийн аппаратыг бусдад зарсан бус, түр хугацаагаар барьцаалсан байгаад дүгнэлт хийх учиртай. Залилан мэхлэх гэмт хэргийн тухайд хохирогчийг хуурч мэхлэн, түүний эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх санаа зорилго агуулсан байдаг ба П.З-т тийм санаа зорилго байсан гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдсон гэж үзэхгүй байна. Урьд өмнө залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн байх нь түүний цаашид бусадтай хийх хэлцэлд нөлөөлөх учиргүй бөгөөд түүний бусадтай хийж буй хэлцлийн мөн чанарыг тодорхойлохгүй, мөн түүнийг гарцаагүй залилан мэхлэх санаа зорилго агуулж барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан гэж үзэж болохгүй ба бусдад барьцаалсан байгаад, мөн хохирогч Ү.О-т зургийн аппарат хаана байгааг зааж өгч байгаа зэрэгт дүгнэлт өгөх учиртай.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1811007720887 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ мөн шүүгдэгч П.З-т холбогдох эрүүгийн 1809011050490 дугаартай хэрэгтэй хамтатган буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж байгаа хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж болохоор байхад тус тусад нь шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн байдаг.

            Иргэний нэхэмжлэгч Б.Ч- нь гэмт хэргийн улмаас өөрт нь 1.920.000 төгрөгийн хохирол учирсан, уг төгрөгийг нэхэмжилнэ гэж байгаа боловч түүнийгээ дэмжсэн, нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байхад шүүгдэгчээс 1.920.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж байгаа нь мөн л хууль зөрчсөн зүйл болсон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.З-ын өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахад нөлөөлсөн нөхцөл байдал бий болсон учраас хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн. 880 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон, уг ялаа эдэлж байгаа мэтээр тусгасан нь шүүгдэгч П.З-ын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн 517 дугаартай шийтгэх тогтоолыг Улсын Дээд шүүхээс хүчингүй болгосон байхад дээрх байдлаар дүгнэн үзэж 880 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүх гэм буруутай гэж үзэх юм бол хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зүйл заалтыг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч П.З-ын биеийн байцаалтыг буруу тусгаснаас шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй болсон. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн буюу хуулийн этгээд эсхүл хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх “Э-” ломбардад хохирол болох 1.920.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болсон. Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэн Б.Ч-ыг иргэний нэхэмжлэгчээр томилсон. Харин “Э-” ломбардыг томилсон зүйл байдаггүй. Иймд иргэний нэхэмжлэгчийг зөв тодорхойлж чадаагүй учраас иргэний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байсан. “Сайн зууч” гэх компани хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад мөрдөн байцаагч, шүүхийн зүгээс “Сайн зууч” компанид хохирлыг олгохгүйгээр “Э-” барьцаалан зээлдүүлэх газарт хохирлыг олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй. Мөрдөгчийн яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзвэл прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлддэг. Мөрдөгч 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзсэн атлаа зөрүүлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Дээрх дурдсан зүйлүүдийг зөвтгүүлэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

            Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...өмгөөлөгч Б.Гантөмөрөөс “П.З- камерыг авсан нь үнэн. Харин барьцаалан зээлдүүлэх газарт камерыг барьцаалж зээл аваагүй” гэх байдлаар тайлбарлаж байна. Гэтэл энэ талаарх П.З-ын удаа дараа өгсөн мэдүүлэг бүгд зөрүүтэй байдаг. Тухайлбал, “...Мөөгий гэх хүн цалингаа нэхэж байсан. Цалингийнхаа оронд зургийн аппаратыг ломбарданд тавьсан болохыг сүүлд мэдсэн...” гэх, өөр мэдүүлэгтээ “... цалин хөлсийг нь өгөх зорилгоор аппаратыг ломбарданд тавихыг зөвшөөрсөн...” гэх, “... би өөрөө аппаратыг миний нэр дээр тавьчих гэх байдлаар Мөөгийд хэлж байсан...” гэх мэт зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Мөөгий гэх хүнийг хэлдэг бөгөөд овог нэр, хувийн байдлынх нь талаар тодорхой зүйл ярьдаггүй. Энэ хэрэг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. “Э-” барьцаалан зээлдүүлэх газарт аппаратыг 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тавьсан. Хохирогч Ү.О-аас аваад 2 хоногийн дараагаар ломбарданд тавьсан байдаг. Шүүгдэгч П.З- мэдүүлэгтээ “аппаратыг О-аас авснаас 2-3 хоногийн дараа тухайн сурталчилгааны ажлыг хийсэн” гэдэг. Гэтэл сурталчилгааны ажил хийгээгүй нь харагддаг. Мөн “... 7 хоногийн дараа Мөөгий цалингаа нэхэхээр нь аппаратыг ломбарданд тавиулсан” гэсэн байдаг. Гэтэл аппаратыг аваад 2 хоногийн дараа ломбарданд тавьсан байдаг. Ломбарданд барьцаалсан баримтаас харахад П.З-ын нэрээр барьцаалсан байгаа. Давж заалдах гомдолдоо зээлийн гэрээний баримт байхгүй гэж байна. Энэ талаар гэрч Э.Б- мэдүүлэхдээ “...тухайн үед манай компани программгүй байсан. 2 сараас программыг тавиулсан. Программаас шүүж үзэхэд З- барьцаанд тавьсан байсан. 2-3 удаа манай ломбардаар үйлчлүүлж байсан...” гэдэг. Шүүгдэгч П.З- ломбарданд аппаратыг барьцаалсан болох нь хангалттай нотлогддог. П.З-ыг яллагдагчаар татах үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулсан байсан. Ялтан шилжүүлж авчрах журмын дагуу уг хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалт байгаа учраас шүүгдэгч П.З-ын эрх зүйн байдал дордсон гэж үзэхгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос П.З-ыг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кинотеатрын хойно байрлах “Эн Ти Эн” ХХК-ийн цамхгийн гадна Ү.О-аас “Canon” загварын гэрэл зургийн аппарат, дурангийн хамт “3 хоногийн хугацаатай түрээслэх” нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж залилан авч, улмаар “Э-” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 4.394.126 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч П.З- нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хооронд албан тушаалын байдлаа ашиглаж 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байгууллагынхаа нэрийн өмнөөс “Н.У.Э” ХХК, “С.Х.К” ХХК, “Л” ХХК, “А.б” ХХК-иудтай хамтран ажиллах санал тавьж, бусдаас нийт 36.887.000 төгрөгийг залилан авсан,

мөн хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр “Н.Н.К” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэх “J.K”, “Э.К” ББСБ, “Б.Э.Б” ХХК, “Э.С.Э.К.К” ХХК, “З.О.т” ХХК-ийн үлдэх төлбөрийг хувьдаа завшиж 49.163.700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р” бааранд иргэн П.О-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогдсон байх ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1809 01105 0490 дугаартай дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 2020/ШЦТ/517 дугаартай шийтгэх тогтоол /хх 87-101/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүх 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 651 дугаартай тогтоол /хх 169-171/-оор хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасан байна.

Өөрөөр хэлбэл, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон шийтгэх тогтоолын удиртгал хэсгүүдэд түүнийг “...2020/ШЦТ/517 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ял шийтгүүлсэн, одоо уг ялаа эдэлж байгаа...” хэмээн тусгасан нь учир дутагдалтай болжээ. 

Одоогоор шүүгдэгч П.З-т холбогдох эрүүгийн 1809 01105 0490 дугаартай хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь талуудын тайлбар, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс харагдаж байна.

Шүүгдэгч П.З- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн буюу “Залилах” гэмт хэрэгт удаа дараагийн үйлдлээр холбогдсон ба ингэхдээ зарим үйлдлүүдэд тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

Гэвч шүүгдэгч П.З- нь одоогоор дээрх үйлдлүүдийнхээ алинд нь ч ял шийтгүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарагдахгүй байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус хуульчилснаас үзвэл шүүгдэгч П.З-ын холбогдсон нэг төрлийн гэмт хэрэг тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үр дагавартай.

Иймээс шүүгдэгч П.З-ыг холбогдуулан шалгаж буй хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн, нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж гэм буруу, ялын асуудлыг шийдвэрлүүлэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн асуудлаар гаргасан шүүгдэгч П.З-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын давж заалдах гомдлуудыг энэ удаад шийдвэрлээгүй болохыг дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 2020/ШЦТ/880 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.З-т холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол П.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН