Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0505

 

2020 оны 08 сарын 13 өдөр

 

 

 

Дугаар 128/ШШ2020/0505

 

 

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн

сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Р**** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн Газар, Үндэсний хөгжлийн газарт тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ү*** болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нараас ирүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р**** ХХК-ийн төлөөлөгч С.Ү*** болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Р**** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн Газар, Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Концессын гэрээ цуцлах тухай 240 дугаар тогтоол, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Концессын гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай 01/1671 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ.

Нэхэмжлэгч Р**** ХХК нь Монгол Улсын Засгийн Газар, Үндэсний хөгжлийн газарт байгуулсан Концессийн гэрээ-ний улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой асуудлаар жич шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6605 дугаар захирамжаар Р**** ХХК-иас Монгол Улсын Засгийн Газар, Үндэсний хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Концессын гэрээ цуцлах тухай 240 дугаар тогтоол, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Концессын гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай 01/1671 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6605 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Улмаар нэхэмжлэгч талаас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан агуулга бүхий хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүнээс гарах үр дагавартай танилцаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Р**** ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч нараас ... нэхэмжлэгч Р**** ХХК-иас нийт 3,258,250,388.23/гурван тэрбум хоёр зуун тавин найман сая, хоёр зуун тавин мянга, гурван зуун наян найм/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх, 58 дугаар зүйлийн 58.1-д Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, 58.2-т Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах нийтлэг журмыг баримтална, 58.3-т Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох, хэргийн оролцогчдын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно, 102.2-т Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хуулийн этгээдээс хохирол гаргуулах шаардлага бүхий хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хариуцагч нараас гаргасан ... нэхэмжлэгч Р**** ХХК-иас нийт 3,258,250,388.23/гурван тэрбум хоёр зуун тавин найман сая, хоёр зуун тавин мянга, гурван зуун наян найм/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Жич: Хариуцагч нар нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирол гаргуулах асуудлаараа иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Р**** ХХК-иас Монгол Улсын Засгийн Газар, Үндэсний хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Концессын гэрээ цуцлах тухай 240 дугаар тогтоол, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Концессын гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай 01/1671 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Монгол Улсын Засгийн Газар, Үндэсний хөгжлийн газрын ... нэхэмжлэгч Р**** ХХК-иас нийт 3,258,250,388.23/гурван тэрбум хоёр зуун тавин найман сая, хоёр зуун тавин мянга, гурван зуун наян найм/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2 дахь заалтад бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй, мөн энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА