Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 17

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, шүүгч С.Байгальмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн 201723010009 тоот хэргийн шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Галшар сумын 6-р баг, Буянтбулаг гэх газар  оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Хар дэл овогт Цэрэнсодномын Идэр /РД:ЕГ88091415/-т холбогдуулан Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч А.Тунгалагтуяа

                                                Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг

                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг 

Иргэдийн төлөөлөгч Д.Оюунцэцэг, Д. Бямбацогт, В.Тунгалаг  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа,

                                                Гэрч Б.Бямбадорж, Э.Эрдэнэхүү, Э.Март,          П.Алтанхишиг, Т.Энхмаа оролцов.

Шүүгдэгч Ц.Идэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 21-ний өдөр 17 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багт оршин суух Э.Мартын гэрт хохирогч Ц.Батболдын зүй бус харьцаанд дургүйцэж түүнтэй маргалдаж улмаар гэрийн гадаа хүч хэрэглэн зодож баруун зулай чамархай, духны дэлбэнгийн  тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун дээд зовхинд зулгаралт, цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Идэр нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ц.Батболд Мартынх руу явж байх замдаа зогсож шээчихээд хөдлөх гээд хөдөлж чадахгүй мотоцикльтойгоо ойчсон. Бид хоёрын унасан газар элсэрхэг газар байсан. Бид хоёр согтуу байсан. Мотоциклио түрээд Мартын хашаанд ирсэн. Би Батболдыг доромжлоод байхаар нь зодсон. Э.Мартын хашаанд Ц.Батболдын толгойруу нэг удаа гараараа цохисон. Бид хоёр зууралдаж унаад би түрүүлж  босож ирээд Ц.Батболдын толгойруу нэг удаа өшиглөсөн. Ц.Батболдын хамраас цус гарч Э.Мартын гэрт орж цусаа угаачихаад дахин муудаж Э.Мартын гэрээс гарч  Ц.Батболдын толгойруу хоёр удаа цохиход газар унахаар нь толгойруу нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх 74-76 дугаар хуудас/

Хохирогч Ц.Батболд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 1 сарын 21-ний өглөө 1 том пивыг 4-лээ хувааж уусан. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна... Ц.Идэр намайг боож унагаагаад толгойруу өшиглөөд цохиод байсан. Яг хэдэн удаа өшиглөж цохисоныг нь мэдэхгүй... Би толгойдоо зодуулсны улмаас гавлын яс цөмөрч, үйрсэн, тархиндаа хүнд гэмтэл авсан. Тэгээд ясаа түүлгэж авахуулаад төмөр тавиулах мэс засалд орсон... Би газар унаад толгойгоо хамгаалаад хэвтсэн. Тэгэхэд миний толгойруу өшиглөөд балбаад байсан... Одоо миний биеийн байдал маш хүнд байгаа байнгын өвчин намдаах лаа хийж мөн өдрийн 36000 төгрөгний эмчилгээг байнга хийлгэдэг...” гэсэн мэдүүлэг. /хх 23-24 дүгээр хуудас/

Гэрч Э.Март мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17 цаг өнгөрч байхад манай гэрт Ц.Батболд, Ц.Идэр хоёр хамт орж ирээд хоорондоо муудалцаад байсан. Ц.Батболд нь Ц.Идэрээс 15.000 төгрөг нэхээд байсан... Би та хоёр гэрээс гарч хоорондоо мууд, гэр оронд битгий муудалцаад бай гэж хэлсэн чинь Ц.Идэр, Ц.Батболд хоёр манай гэрээс гараад гэрийн гадаа муудалцаад зодолдоод байсан. Тэгэхээр нь би Идэрийн эхнэр болох Алтанхишиг  эгчтэй яриад Ц.Идэр хүнтэй муудаад байна ирж ав гэж хэлсэн. П.Алтанхишиг эгчид утсаар хэлчихээд  гэрээс гарсан чинь  Ц.Батболд газар явган суугаад  хамраас нь цус гарсан байсан... Гэрт орж ирээд Ц.Батболд цусаа угаая гэж хэлэхээр нь би гар дээр нь ус хийж өгөөд цусыг угаалгасан... Ц.Батболд цусаа угааж тогтоочихоод гэрийн баруун талд сууж байгаад Ц.Идэр лүү дахиад нөгөө 15.000 төгрөгний асуудлаа яриад хэрүүл  хийж байгаад дахиад хоорондоо муудаад зууралдаад манай гэрээс гаръя гараад учраа олъё гээд гарсан… Би араас нь дагаад гарсан чинь  Ц.Идэр, Ц.Батболдын толгойруу гараараа 2 удаа цохиосон… Ц.Батболдыг газар унасан хойно Ц.Идэр Ц.Батболдын толгой хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг. / хх 29-31 дүгээр хуудас /

Гэрч П.Алтанхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай сумын Э.Март гэдэг хүүхэн 18 цагийн үед утсаар яриад манай гэрт хүрээд ир Ц.Батболд, Ц.Идэр хоёр хоорондоо муудалцаад байна ирж ав гэж хэлсэн… Мартын гэрт ирсэн чинь Ц.Идэр гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Ц.Батболдын баруун шанаанаас цус гарч байсан. Ц.Батболд нүүр гараа угааж дуусчихаад Ц.Идэрлүү янз бүрийн юм яриад дайраад банди минь гээд байсан. Тэгээд Ц.Идэр, Ц.Батболд хоёр муудалцаад Мартын гэрээс хамт гарсан. Би жирэмсэн учраас  араас нь гараагүй дүү Б.Бямбадоржийг салгачих гэж хэлээд гаргасан... Тэгээд Бямбадорж, Март хоёр хамт гараад Батболд, Идэр хоёрыг салгаад гэрлүүгээ оруулж ирсэн. Ц.Идэр миний үгэнд ордоггүй учир би Б.Бямбадоржийг ахыгаа аваад ирээрэй гээд түрүүлээд явсан. Удалгүй Б.Бямбадорж ахыгаа аваад гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх 26-28 дугаар хуудас/

Гэрч Т.Энхмаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 08 цагийн үед манай охин Идэрчулуун надруу утсаар яриад Ц.Батболдын утас болохгүй байна. Өнөөдөр ажилтай та гэррүү очоод үзчих гэж хэлсэн... Гэрээсээ гараад  Батболдын гэрт ирсэн чинь гэр нь цоожтой хүнгүй байсан. Э.Мартын гэрийн урдуур явж байтал гэрийнх нь  гадаа Батболдын мотоцикль байсан.  Э.Мартын гэр рүү ороход Батболд Мартын гэрийн хойно телевизорынх нь наад талд доошоо хараад хэвтэж байсан. Ц.Батболдын зүүн мөр дээрээс нь татаад эргүүлсэн  чинь хүзүү нь улайсан, нүүрэнд нь энд тэнд халцарсан, шүлс нь гоожсон, өмдөндөө шээчихсэн ухаангүй шахуу байж байсан. Тэгээд сандраад би Галшар сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Галшар сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн  төв эмнэлэг явсан. Мөн хугацаа алдалгүй хот руу явж гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Одоо нэг үеэ бодвол дээрдсэн ...” гэсэн мэдүүлэг.  /хх 33-34 дүгээр хуудас/

Гэрч О.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “... 2017 оны 01 дүгээр  сарын 22-ны өдөр 09 цаг 22 минутын үед Галшар сумын эрүүл мэндийн төвийн дуудлагын утсанд  дуудлага ирсэн. Манай эмнэлэгийн галч ажилтай Ц.Батболдод үзлэг хийхэд амнаас нь архи үнэртсэн, даарсан чичирхийлсэн, өмдөндөө шээсэн, биеийн байдал хүнд, ухаан санаа бүдгэрсэн, асуултанд ганц нэгэн үгээр  хариулж байсан. Толгойн баруун талын чамархайн  хэсэгт нилээн хаван хавдар үүссэн. Баруун талын хөмсөгний дээд хэсэг, дүх, хүзүү цээжний зүүн талд хавирга орчимд зулгарсан, зүүн талын гар хөлний булчин суларсан, саажлын шинж илэрсэн байсан. Биеийн байдал хүнд байсан учраас нарийн мэргэжлийн гэмтлийн эмч Бор-Өндөр хотоос дуудаж, эмчийн эмчилгээ заасны дагуу эмчилгээ хийгдэж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны 14 цаг 54 минутын үед аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн... ” гэсэн мэдүүлэг. /хх 37-38 дугаар хуудас/

Гэрч Ц.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дүү Батболд 2017 оны 01 дүгээр  сарын 21-ний өдөр хүнд зодуулсан байсан. Батболд хүнд зодуулсны улмаас гавал тархиндаа хүнд гэмтэл  авч өрөөсөн тал нь сулралт өгөөд байгаа. Ц.Батболдын эмчилгээний зардал нийт 2.590.974 төгрөг гараад байгаа ба эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. Батболд надад хэлэхдээ Ц.Идэр, Бямбаа нарт зодуулсан гэж хэлсэн. Би 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш  Батболдтой хаашаа ч явсан  цуг байгаа одоо биеийн байдал нь нилээн хүнд , урьд нь ухаан санаа нь  эрүүл саруул хүн байсан. Одоо болохоор  юм ярихаар  уурлаж уцаарладаг болсон...” гэсэн мэдүүлэг. /хх 37-38 дугаар хуудас/

Гэрч Э.Идэрчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Галшар сумын  төвөөс БНХАУ-ын Эрээн хотруу цагаан сарын юм цуглуулахаар  явсан. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг болж байхад нөхөрлүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан. Ц.Батболдыг утсаа авахгүй болохоор нь ээж рүүгээ залгаад манай гэрлүү очоод  Ц.Батболд байна уу харчих гэж хэлээд явуулсан. Ээжтэй эргээд утсаар ярисан чинь  Ц.Батболдыг эмнэлэгт хэвтүүлчихлээ хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эрээн хотоос Галшар сум руу гараад 2017 оны  01 дүгээр сарын 23-ны өглөө 05 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд манай нөхөр нэлээн хүнд ухаангүй байсан. Тэгээд яаралтай аймгийн төвийн эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Аймгийн төвд ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай Улаанбаатар хот яв гэж хэлэхээр нь  шөнөдөө Улаанбаатар хот руу явсан. Манай нөхөр гавал тархиндаа маш хүнд  гэмтэл авсан. Манай нөхрийг зүгээр  байхад нь ийм болгосонд  гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг. /хх 39-40 дүгээр хуудас/

Гэрч Ц.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед  гэрийн хойно тэр хоёр хүн чанга чанга яриад байхаар нь хашааны завсараар харсан чинь хоёр залуу байсан.  Ц.Батболд газар хэвтчихсэн байсан. Харин нохой гутал өмссөн залуу Ц.Батболдын толгойруу дэвсэж мөн 2-3 удаа өшиглөж байгаа харагдсан өөр зодож байгаа хүн  харагдаагүй. Өөр зүйл хараагүй.” гэсэн мэдүүлэг. /хх 48 дугаар хуудас/

Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Галшар сумын 1 дүгээр баг хөдөө мал дээр ахындаа байж байгаад 2017 оны 01 сарын 21-ний өдөр Галшар сумын төв рүү бензин авах ажилтай 10 цагийн үед гараад Идэр ахын гэрт ирсэн. Идэр ахын гэрт нь Идэр ах, Алтанхишиг эгч, Батболд ах, Эрдэнэхүү ах 4 байсан.Эрдэнэхүү ах, Идэр ах, Батболд ах архи уусан бололтой сууж байсан. Намайг ирсэнээс хойш нэг их удаагүй байхад Идэр ах, Батболд ах, Эрдэнэхүү ах 3 гараад явсан. Орой 17 цагийн үед Алтанхишиг эгч над руу утсаар яриад Идэр ах чинь Батболдтой зодолдоод байна хамт яваад ирье гэсэн тэгэхээр нь Март эгчийн лүү хамт явсан. Март эгчийн гэрт очиход Батболд ахын хамараас цус гарсан цусаа угааж байсан. Батболд ах хамарынхаа цусыг угааж дуусаад дахиад Идэр ахтай муудалцсан. Тэр хоёр бие биенийгээ банди гэж дуудаад байсан. Тэгж байснаа Март эгчийн гэрээс зууралдаад гарсан чинь Батболд ах түрүүлээд Идэр ахын шанаа руу нэг цохисон тэгэхээр нь Идэр ах Батболдын шанаа руу гараараа 2 удаа цохисон. Тэгсэн Идэр ахыг Батболд дахиад нэг шанаа руу цохисон. Тэгэхээр нь би Идэр ахыг тавиад Батболд ахыг бариад авсан гэтэл Идэр ах ирээд Батболдын шанаа орчим цохисон чинь Батболд ах газарт унаад өгсөн, унасан хойно нь Идэр ах толгой орчим нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Март эгч гэрээсээ гарч ирээд Идэр ахыг аваад гэр лүүгээ орсон. Тэгэхээр нь Батболд ахыг дагуулаад Март эгчийн гэрт орсон. Идэр ах Батболд ах хоёрын хооронд ганцаараа байсан би тэр хоёрыг салгаж чадахгүй байсан юм. Тэгээд Март эгчийн гэрт байж байсан чинь Алтанхишиг эгч түрүүлээд харилаа гээд яваад өгсөн би Идэр ахыг дагуулаад гэр лүүгээ явсан. Батболд ах Март эгчийн гэрт нь үлдсэн гэсэн мэдүүлэг. / хх 45-46 дугаар хуудас /

Гэрч Э.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөө эрт гэрээсээ гараад Ганлхагва гэдэг айлд ороод сууж байтал Батболд орж ирээд өчигдөр орой жоохон архи уусан шартаад байна гэхээр нь би шар тайлах юм авч өгөхөөр Ганлхагвагийн гэрээс хамт гарсан.Тэгээд би дэлгүүрээс 2 ширхэг 2,5 литрийн пиво аваад Батболд бид хоёр Идэрийн гэрт очсон юм. Идэрийн гэрт хөдөөний хоёр залуу эхнэр нь байж байсан. Тэгээд тэндээс пивоо ууж дуусаад Идэрийнхээс гарсан чинь тэр хоёр дахиад нэг ууя гэхээр нь надад мөнгө бол байна харин би явж чадахгүй гээд тэр хоёрт 10000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр хоёроос салаад явсан дахиж уулзаагүй. Харин маргааш нь Батболдын хадам ээж нь манай гэрт ирээд Батболдыг хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Анх бол хэнд зодуулсанг нь мэдээгүй гэсэн мэдүүлэг. /хх 50-51 дүгээр хуудас /

            Шүүгдэгч Ц.Идэрийн үйлдэлийн улмаас хохирогч Ц.Батболдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн үзлэг хийсэн акт №2110 /хх 59 дүгээр хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Идэр нь хохирогч Ц.Батболдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байгаа ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Ц.Идэр нь анх удаа гэмт хэрэг  үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон түүний ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялын дэглэмийг бууруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хохирогч Ц.Батболдын нэхэмжилсэн эмчилгээний зардал болох хуульд заасан шаардлага хангасан дараах баримтуудыг шүүхээс үнэлсэн болно. Үүнд: хавтаст хэргийн 114 дүгээр хуудас эм тарианы үнэ 55000 төгрөг, хавтаст хэргийн 118 дугаар хуудас эм тарианы үнэ 239150 төгрөг, эм тарианы үнэ 270200 төгрөг, хавтаст хэргийн 119 дүгээр хуудас хагалгааны зардал 347880 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр 76194 төгрөг, эмнэлэгт үзүүлэхээр ирж очсон бензины зардал, 2017 оны 05 сарын 16-ны өдрийн баримтаар 202000 төгрөг, 2017 оны 5 сарын 25-ны өдрийн “Эмийн увидас” нэртэй эмийн сангаас авсан эмийн үнэ 138600 төгрөг, мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгохоор Хэнтий аймаг руу ирж очсон  бензины үнэ 203000 төгрөг нийт 1.532.024 төгрөг болж байгаа бөгөөд шүүгдэгч Ц.Идэр нь хохирогчид 2.000.000 сая төгрөг өгсөн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хохиролыг нөхөн төлсөн гэж үзэх боломжтой байна.

Харин хохирогч Ц.Батболдын нэхэмжилж байгаа өмгөөлөгчийн хөлс / зардал / болох 650000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүхээс үзсэн болно. Учир нь хохирогч Ц.Батболд нь хууль зүйн туслалцаа авах асуудал талуудын сайн дурын тохиролцооны үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь зайлшгүй гарах зардал биш бөгөөд ЭБШ хуулийн 99 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. Иймд хохирогч Ц.Батболдын шүүгдэгч Ц.Идэрээс нэхэмжилж байгаа өмгөөлөгчийн хөлс 650.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч Ц.Идэрийн өмгөөлөгч Л.Наранчимэг хохирол төлбөрөө төлсөн учир шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байх боловч уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор арилаагүй өөрөөр хэлбэл хохирогчийн биеийн байдал тааруухан байнгын эмчилгээтэй байгаа, хохирогч  хөдөлмөрийн чадвараа 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл 12 сарын хугацаагаар 70 хувиар алдсан байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй гэж шүүхээс үзлээ.

      

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  

283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х  нь:

1.Шүүгдэгч Хар дэл овогт Цэрэнсодномын Идэрийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Хар дэл овогт Цэрэнсодномын Идэрийг 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Идэрт оногдуулсан 5  /тав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Идэрийн цагдан хоригдсон  23 /хорин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд  нь оруулан тооцсугай.

 5. Эрүүгийн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Идэрийн эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэлгээтэй 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан Ц.Идэрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Идэр нь хохирогчид учирсан 1.532.024 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Батболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Идэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дэх  хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ц.Идэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   

                                  ДАРГАЛАГЧ                                      Р.БАТБАЯР

                                      ШҮҮГЧИД                                      С.БАЙГАЛЬМАА

                                                                                                                        М.ЭНХМАНДАХ