Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2349

 

МАГАДЛАЛ

 

2018.11.23                                                 Дугаар 2349                                    Улаанбаатар хот

 

 

 

 

М.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01984 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.А, Б.Г нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35 508 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Ц.А,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.А нь хүүтэй мөнгө зээлдүүлээч гэж гуйж, тэр үед Ц.А нь Тэнгис кино театрын хажууд ресторан, Төв Гандантэгчлэн хийдийн урд шашны дэлгүүр ажиллуулдаг байсан тул нэхэмжлэгч эргүүлээд төлчих байх гэж итгэн       8 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй тэдэнд зээлдүүлэхээр ярилцаж тохиролцсон байдаг. Гэвч тухайн үед нэхэмжлэгч өөрийнхөө эгч болон найздаа мөнгөө зээлдүүлсэн байсан тул бэлэн 8 000 000 төгрөг байгаагүй, зээлдүүлсэн мөнгөө буцаан авахад хугацаа хэрэгтэй байсан байдаг. Гэтэл хариуцагч Ц.А нь 2014 оны 10 дугаар сарын     16-ны өдөр гэнэт нэхэмжлэгч рүү утсаар залгаж 8 000 000 төгрөг өнөөдөр хэрэгтэй байна, зээлдүүлээч гэсэн тул нэхэмжлэгч өөртөө байсан 5 000 000 төгрөг дээр ажлын эгч болох В.М-аас 3 000 000 төгрөг зээлж аван нийт 8 000 000 төгрөг болгон бүрдүүлэн   өгсөн нь ХААН банкны дансны хуулгаар нотлогддог. Ингээд 2014 оны 10 дугаар сарын    16-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч нартай хамт Сонгинохайрхан дүүргийн Саппород байрлах Бармон барилгын 2 дугаар давхарт суудаг Ж.М (нотариатчын тамганы дугаар 338) нотариатч дээр очиж 8 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлэх зээлийн гэрээг зээлдэгч Ц.А, Б.Г нартай байгуулж уг гэрээг нотариатчаар гэрчлүүлж Бармон барилгын гадаа зогсож байсан Ц.А, Б.Г нарын эзэмшилийн Тоёота прадо маркын автомашинд сууж 4 боодол (тус бүр нь 100 ширхэгтэй) 20 000-тын дэвсгэртийг тоолж Ц.А , түүний нөхөр болох Б.Г нарт бэлнээр хүлээлгэн өгч зээлдүүлсэн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн хүнээс авах байсан мөнгө түүний ХААН банкны 5003346949 тоот дансанд шилжиж орж ирсэн тул ажлынхаа эгч В.М-д түүнээс өмнө зээлж авсан 3 000 000 төгрөгийг нь эргүүлэн өгсөн байдаг. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу cap бүр төлбөл зохих зээл, хүүгийн төлбөрөө хугацаа хэтрүүлэх, хойшлуулах, төлөхгүй байх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан боловч нэхэмжлэгч хариуцагч нарыг төлнө гэж итгэсээр өнөөдрийг хүрсэн байдаг. Нэхэмжлэгч рүү утсаар залгаж БНХАУ-руу явах хэрэгтэй байна. Нэмж 2 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлээч гэж дахин гуйсан байдаг. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн ээж Ч.М-ээс дээрх 2 000 000 төгрөгийг зээлдүүлэхийг гуйсан байдаг бөгөөд Ч.М гуай өөрийн ХААН банкны 5122014690 дугаарын дансны үлдэгдэлийг өөрийн 5990124512 тоот данс руу шилжүүлгийн гүйлгээ хийн хааж, 2 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Ингээд нэхэмжлэгч нь өөрийн ээж Ч.М-ээс зээлж авсан 2 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр өөрийнхөө ажлын үүдэн дээр 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч нарт бэлнээр хүлээлгэн өгч зээлдүүлсэн бөгөөд хариуцагч нар гарын үсэг зурж уг мөнгийг хүлээж авсан. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь 8 000 000 төгрөгийн зээлийн хүүг cap бүрийн 16-ны өдөр, 2 000 000 төгрөгийн зээлийн хүүг cap бүрийн 26-ны өдөр нэхэмжлэгчид төлөх ёстой байсан. Гэтэл 8 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 16-наас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 34 cap ашигласаны зээлийн хүү   27 200 000 төгрөгнөөс 1 500 000 төгрөгт бурхан, 4 900 000 төгрөгийг бэлнээр, 300 000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банкны 5003346949 тоот данс руу бэлэн бусаар шилжүүлж мөнгөөр болон эд хөрөнгөөр нийт 6 700 000 төгрөгийг зээлийн хүүнд төлж, үүнээс хойш ямар ч төлбөр өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна.

Мөн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлж авсан 2 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 26-наас 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 31 cap ашигласаны зээлийн хүү 6 200 000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн ХААН банкны 5003346949 тоот дансаар 150 000 + 250 000 100 000 = 500 000 төгрөг төлж, 297 000 төгрөгт бараа (хүнс) тооцож өгсөн, мөн 7 хувааж 465 000 төгрөг төлсөн, улмаар зээлийн хүүнд нийт 1 262 000 төгрөг төлж, үүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй байна. Иймд хариуцагч Ц.А, Б.Г нараас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлдүүлсэн   8 000 000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл төлбөр 20 500 000 төгрөг, нийт 28 500 000 төгрөг, мөн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлдүүлсэн 2 000 000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл төлбөр 4 938 000 төгрөг, нийт 6 938 000 төгрөг, бүгд 35 438 000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулах, Нийт 35 508 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 10 дугаар сарын 16-нд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу багасгах хүсэлтэй байна. Ц.А 2014 онд хоолны газар ажлуулан бизнес эрхэлдэг байсан бөгөөд тухайн үед мөнгөний шаардлага гаран М.А-аас 8 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлж, зээлийн гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээ 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нотариатаар баталгаажуулсан байдаг. Ц.А нь cap бүр         800 000 төгрөг буюу зээлийн хүүг чадан ядан төлж, 1 500 000 төгрөгийн үнэтэй бурхан, дансаар 300 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Өндөр хүүтэй зээлийн уршигаар Ц.А ын бизнес дампуурч, тогтсон ажилгүй, тогтмол орлогогүй байгаагийн улмаас өрөө төлж чадахгүй, эдийн засгийн хүнд хямралд ороод байна. Талуудын хооронд 2014 онд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2014 оны 10 сард Монгол банкны зээлийн хүүгийн мэдээлэлд цалингийн зээлийн жилийн хүү 14.4-27,6 хувь, бизнесийн зээлийн жилийн хүү 21,6-33 хувь хүртэл байсан байна. Түүнчлэн, өнөөдрийн байдлаар Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дундаж хүү нь сарын 3.5-4.5 хувийн хооронд байна. Гэтэл дээрх зээлийн гэрээнд заасан сарын 10 хувийн хүү нь жилийн 120 хувийн хүүтэй буюу зээлсэн 8 000 000 төгрөг нь 17 600 000 төгрөг болж өсгөсөн нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэйгээс гадна иргэн Ц.А ын төлсөн        6 700 000 төгрөг зөвхөн зээлийн хүүнд гэж тооцон үндсэн зээл болох 8 000 000 төгрөгнөөс хасаж тооцолгүйгээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй зээлийн эргэн төлөлтийн график гаргаагүй нь нотлох баримтаар тогтоогддог. Мөн зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай байхад нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх өдрөөр хүүг тооцож нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг нэхэмжилсэн байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан сарын 10 хувийн хүү нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу Ц.А д дээрх зээлийн гэрээний хүү нь илт хохиролтой байх тул шүүх зээлийн хүүг дээр дурьдсан зах зээлийн дундаж үзүүлэлтийн дагуу багасган шийдвэрлэж өгнө үү. Мөн 2 000 000 төгрөгийг зээлдүүлэхдээ Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдсан. Уг зээлийн төлбөрөөс 1 262 000 төгрөгийг буцааж төлсөн үлдэх хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А, Б.Г нараас 11 638 000 төгрөгийг гаргуулж М.А-д олгож, нэхэмжлэлээс 23 870 200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 491 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, Б.Г нараас 201 158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн үндэслэлээс харвал Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт урьдчилсан нөхцөлийг “зээлдэгч талд ил хохиролтойгоор тогтоосон байх”, илт хохиролтойгоор гэдэгт “мөнгө шаардлагатай нөхцөл байдлыг нь ашиглан өндөр хүүг хүлээн зөвшөөрүүлж мөнгө зээлдүүлсэн байхыг хамааруулан ойлгоно гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтын урьдчилсан нөхцөл зээлийн хүүгийн хувиас илүү, зээлдүүлэгч тал зээлдэгч талд хандаж зээлийн хүүг хүлээн зөвшөөрүүлсэн байх ёстойг илүүд анхааран авч үзсэн буюу шүүх гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдлыг илүүд анхаарч, хүүгийн хэмжээг анхааралгүй үлдээжээ. Мөн гэрээний нэг тал нь нөгөө талаас өөрийн гүйцэтгэх үүргээс харьцангуй их хариу үүргийг шаардах явдал хамаарах буюу 8 000 000 төгрөг зээлдүүлчихээд хүүнд нь гэж 9 600 000 төгрөг авхаар зээлийн гэрээ хийгдсэн нь өөрөө шударга бус юм. Маргаан бүхий зээлийн гэрээний сарын хүү байгаа нь 2014 оны байдлаар, Монгол банкны зээлийн хүүгийн мэдээлэлд цалингийн зээлийн жилийн хүү 14.4-27.6 хувь, бизнесийн зээлийн жилийн хүү 21.6-33 хувь хүртэл байсанаас хэт өндөр, өнөөдрийн байдлаар Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн дундаж хүү нь сарын 3.5-4.5 хувийн хүүтэй байна. Гэтэл, талуудын хооронд байгуулдсан зээлийн гэрээний хүү нь сарын 10 хувь, жилийн 120 хувийн хүүтэй буюу тухайн үеийн банкны дундаж хүүгээс 4 дахин их, өнөөгийн ББСБ дахь дундаж хүүгээс даруй 2 дахин их байгаа юм. Зээлдүүлэгч нь жилийн 120 хувиар 8 000 000 төгрөгийг зээлж, жилийн дараа 17 600 000 төгрөг болгож өсгөж авч байгаа нь зээлдэгч өөрийн гүйцэтгэх үүргээс харьцангуй их хариу үүргийг зээлдүүлэгчээс шаардаж байна гэж хэлэхээр байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасанчлан шүүх зээлийн хүүг зах зээлийн дундаж үзүүлэлтээр сарын 4.5 хувь буюу жилийн 54 хувь болгон багасгаж шийдвэрлэж өгнө үү. Тооцоолол хийвэл, 8 000 000x4.5=360 000,           360 000x12 сар=4 320 000 төгрөг, үндсэн зээл 8 000 000+4 320 000=12 320 000 төгрөг,      12 320 000-6 700 000=5 620 000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд үлдэх 6 018 000   төгрөгийг нь төлөхийг зөвшөөрөхгүй байгаа болно. 2014 онд зээлийн гэрээ байгуулах тухай саналыг Ц.А нь М.А-д тавьсан, Ц.А нь надад мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлдүүлээч гэж хүссэний дагуу 8 000 000 төгрөг Ц.А д зээлдүүлсэн гэдэг нь гэрчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс тодорхой харагддаг. Гэтэл шүүх Ц.А, Б.Г нараас     11 638 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Ц.А би М.А-аас мөнгө зээлээд өөрийн бизнесдээ ашигласан гэдгээ шүүх хуралд хэлсээр байхад Б.Г-д шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг үүсгэж, эрх ашгийг нь хохироож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагчаас Б.Г-ийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ц.А, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 508 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар “ хэт өндөр хүү тогтоож зээлдүүлсэн” гэж эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Ц.А, Б.Г нар нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч М.А-тай зээлийн гэрээ /хх7/ байгуулж,  8 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөгийг өмнөх гэрээний нөхцлөөр нэмж зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, уг гэрээний дагуу зээлдүүлэгчээс бодитоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээг зөв тодорхойлж, зээлдэгч нь төлбөрийг тохирсон нөхцлөөр буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Мөн өмнөх гэрээний нөхцлөөр 2 000 000 төгрөгийг хариуцагч нарт олгохдоо бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ц.А, Б.Г нарт уг мөнгийг олгосон үйл баримт хэргийн 7 дугаар талд авагдсан “2 000 000 төгрөг нэмж авсан А  ” гэсэн гараар бичсэн баримтаар тогтоогджээ. Энэ талаар зохигчид маргаагүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүйгээс  хүү шаардах эрхээ алдах талаар хуулийн  зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч нарын өмгөөлөгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх хүүг зах зээлийн дундаж үзүүлэлтээр тогтоох үндэслэлтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлож чадаагүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргийг үүрэг гүйцэтгэгч хэн альнаас нь шаардах эрхтэй тул хариуцагч Б.Г-ийг хариуцагчаас хасуулах тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/01984 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх йхуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ