| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/107 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/107
2025 02 24 2025/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч Б.Өлзийжаргал /цахим/,
шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч *****нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн **** оны 11 дүгээр сарын ***-ны өдөр **** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, ***** боловсролтой, ***** мэргэжилтэй, ***** ажилладаг, ам бүл ***, ***** хамт Сонгинохайрхан дүүргийн ****** тоотод оршин суух, 2017 онд ****** торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *****
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Яллагдагч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны *****Хан-Уул дүүргийн *****хотхоны орчимд таксигаар үйлчлүүлэн хүргүүлэхдээ таксины мөнгө өгөхгүй хэмээн маргаан үүсгэж хохирогч *****тэй маргалдаж 2 чихнээс нь зулгааж, толгой, нүүр хэсэг рүү нь цохих үйлдлээр биед нь хоёр чихний дэлбээнд язарсан шарх, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны *****Хан-Уул дүүргийн *****хотхоны орчимд таксигаар үйлчлүүлэн хүргүүлэхдээ таксины мөнгө өгөхгүй хэмээн маргаан үүсгэж хохирогч *****маргалдаж 2 чихнээс нь зулгааж, толгой, нүүр хэсэг рүү нь цохих үйлдлээр биед нь хоёр чихний дэлбээнд язарсан шарх, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч *****гийн “2024 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүрээр 03 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд замаараа ажлын газрын хүнийг аваад Мөнгөн завьяа дээр буулгаад 100 айл руу явж байгаад нэг замаараа 1 хүн аваад Жоби дээр буулгаад, тэгээд цааш явж байгаад ажил руугаа эргээд Хангай хотхон дээр машинтайгаа зогсож байтал машины гаднаас эрэгтэй эмэгтэй 2 хүн шууд орж ирээд машинд суусан. ...UB town орно гээд тэгээд ирчихлээ буу гэхэд тухайн хамт байсан эмэгтэй хүн нь наад залуугаасаа ав гэхэд нөгөө залуу би чамд 40 мянган төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн, тэгээд хаана байна гэхэд данс руу чинь 40,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд чи яагаад миний дансыг аваагүй байж шилжүүлдэг юм гээд хэлэхэд над руу муу сайн гуайлагчдыг алчихсан байсан ч яадаг юм гэхэд зам цэвэрлэж байсан хүн цагдаа дуудлаа шүү гэхэд муу гичий минь чамайг ална, надад хууль үйлчлэхгүй цагдаагаа дууд цагдаатай чинь ална гэсэн. Тэгээд намайг машинд байхад миний 2 чихнээс татаад буулгаад шууд алгадсан. Тэгээд миний толгой руу хэд хэд алгадсан. Миний нүүрэн хэсэг рүү цохисон” гэсэн мэдүүлэг /хх 18 ху/, хохирогчийн биед хоёр чихний дэлбээнд язарсан шарх, зулгаралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтлүүд учирсныг тогтоосон шинжээчийн тоот дүгнэлт /хх 25 ху/, яллагдагч *****ы “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 43 ху/, шүүгдэгч *****ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч *****ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлөхөө илэрхийлсэн байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *****д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр 1.500.000 төгрөг нэхэмжилсэнээс 400.000 төгрөг төлөгдсөн байна.
Шүүгдэгчийн хувьд үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *****аас 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *****-д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА