| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0088/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/112 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/112
2025 02 25 2025/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0088/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сум *******, Их сургуулийн 3 дугаар гудамжинд байрлах “Мура заншил” ТББ-ын тоот өрөөнд “зүй бус үг хэллээ” гэх шалтгааны улмаас гар утсаа шидэн эрүүн тус газар нь онож, эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний хугарал, дээд, доод, уруулын дотор салстад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5, 6/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн байранд 3 жил амьдарч байна. 2024 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө байрандаа амарч байхад манай байрны багш орж ирээд гар утасны гэрлээ асаагаад тойроод яваад байсан юм. Тэгэхээр нь би унтаж амарч байна багшаа гэсэн чинь чи мэддэг юм уу, би ажлаа хийж байна гэсэн, тэгэхээр би нойрондоо пизда гээд хэлчихсэн чинь эргэж ирээд чи намайг доромжилдог хэн бэ гээд гараараа нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгээд манай өрөөний хүүхэд босож ирээд багшийг барьж авсан. багш намайг мал гэхээр нь би урдаас нь “чамаас төрсөн мал биш” гээд хэлсэн чинь миний нүүр рүү гар утсаа шидсэн тэгээд миний амнаас цус гараад үүдэн шүднүүд хөдлөөд нэг нь хугарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11/,
Насанд хүрээгүй гэрч : “...Тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө , , бид нар өрөөндөө байсан. орж ирээд хэд хэдэн удаа одоо унтаж амар гэж сануулаад гарсан байсан. Тэгээд шөнийн 02 цагийн орчим манай дотуур байрны багш хүүхдүүд өрөөндөө бүрэн байгаа эсэхийг шалгаад явж байгаад манай өрөөнд орж ирээд одоо унт гэсэн чинь өөрсдөө мэдье гэж хэлсэн, багш гарч явах гэтэл амандаа хараал хэлэх шиг болсон чинь буцаж орж ирээд эхлээд гараараа цохиод авсан тэгсэн чинь уурлаад урдаас нь хараал хэлсэн тэгсэн чинь ын нүүр рүү багш утсаа шидчихсэн. Унт гэж хэлээд үгэнд орохгүй урдаас нь хараал хэлснээс болоод цохисон. Тэр хоёр угаасаа таарамж муутай маргалдах гээд байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай: “... биед баруун дээд 1-р шүдний хугарал, дээд, доод, уруулын дотор салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22, 23/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ж.д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ар гэрийн асуудлаар Ховд аймгийн Булган суманд байгаа учир тухайн өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний гарсан 1,700,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэх хүсэлт ирүүлсэн бөгөөд хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Ж. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой 210,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 210,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал, сарын орлогын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД