Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

 

 

 

                                    

 

2025         02           25                                        2025/ШЦТ/111

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0087/Э

    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагчаар Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2518000000022 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, “Амаргадгац” ХХК-д зуурагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/3976 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан атлаа дахин 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод байх хашаандаа ******* улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон болох нь:

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

 

*******ын согтуурлыг шалгах ажиллагааг бэхжүүлсэн бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан хуваарийн дагуу Дархан сумын 8 дугаар баг, Монгол Алтны гэх нэршилтэй 4 замын уулзвар дээр замын хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилласан. Энэ хугацаанд Дархан сумын *******,******* тоот хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодоод хашаан дотор яваад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу тухайн хаяг дээр очиход ******* улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийг ******* гэх хүн жолоодсон байсныг согтуурал хэмжигч 7510 багажаар үлээлгэж шалгахад 2.47% согтолттой гарсан. Тухайн жолооч нь 2023 оны 08 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулаад жолоодох эрхээ сэргээлгээгүй байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сард дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож аймгийн шүүхээр Зөрчлийн тухай хуулиар буруутгагдан орж 7 хоногийн баривчилгаа авсан юм байна. Ингээд дахин өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ******* нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд миний дугаарын гар утас руу залгаад та манай гэрт хүрээд ирээч, би машиныхаа дугуйг дугуй засвар орж засварлуулах шаардлагатай байгаа учир миний машиныг жолоодоод яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад *******ын хашаанд ороод ирэхэд ******* нь нэг залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ******* машинаа халаах гээд нар руу харуулж тавих зорилгоор ухрах үйлдэл хийхдээ ард байсан машинаа мөргөх дөхсөн гэх шалтгаанаар уг машины жолоочтой маргалдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан сумын *******,******* тоотод оршин суух хадам эгч гэрт өөрийн эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 27-92 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ очоод хашаанд тавьчхаад эгчийнд ороод байж байгаад гараад ирэхэд хажуу айлын хүн болох ******* нь ******* улсын дугаартай авто машинаа ухраах үйлдэл хийхдээ машиных ард байгаа миний машиныг харахгүй ухраад байхаар нь би орилж байж зогсоогоод машин мөргөлөө ш дээ гэж хэлэхэд миний өөдөөс би харж байна, хүний эзэмшлийн хашаанд машинаа оруулж ирж тавьчхаад юу гээд байгаа юм бэ гээд маргалдсан. Тэгэхэд архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байсан ба миний үгийг сонсохгүй надтай хэрэлдээд байхаар нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,

 

Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03110 дугаартай 2.47% гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 45-46/,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/3976 дугаартай: “...*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай” гэх шийтгэвэр /хавтаст хэргийн 48-50/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 34/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор аюулыг ойлгож ухамсарласан байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын хамгийн хөнгөн төрлийн ял болох торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,050,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 . *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 4,050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,050,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 15 сарын хугацаанд, сар бүр 270,00 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД