Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/03666

 

 

 

 

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2018/03666

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Ц гаргасан,

 

Хариуцагч: Л.Н холбогдох,

 

21,935,288.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, хариуцагч Л.Нт 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000.00 төгрөгийг зээлсэн. Миний бие уг зээлийг Б ББСБ ХХК-иас авч, түүнд өгсөн бөгөөд үүний дараа 5,000,000.00 төгрөгийг нэмж зээлсэн.

 

Хариуцагч ******* аймгийн ******* суманд барих бага сургуулийн бүжгийн зааланд ашиглах барилгын материал авахад уг зээлийг хэрэглэн гэж авсан. Гэвч хариуцагч Л.Н гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, би банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүнд 735,000.00 төгрөгийг төлсөн ба үүн дээр 1,200,000.00 төгрөгийн хүү нэмж, нийт 21,935,288.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

 

Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000.00 төгрөг, уг зээлийг хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохирол 1,935,000.00 төгрөг болж байна. Миний бие Б ББСБ ХХК-иас авсан зээлийг төлөхийн тулд М.Э гэдэг хүнээс 15,000,000.00 төгрөгийг зээлсэн.

 

Хэрэгт авагдсан баримтаар эдгээр зээлийг хариуцагч Л.Н авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, төлнө гэсэн албан бичиг өгсөн. Иймд, хариуцагчаас 21,935,288.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хэрэгт авагдсан зээлийн баталгаа гэсэн баримтыг үзвэл тус зээлийг хамтран Г.Ч хариуцахаар болсон байгаагаас гадна Б ХХК гэсэн компанийн албан бланк дээр үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хэргийн хамтран хариуцагчаар заавал Г.Чыг оролцуулах ёстой.

 

Хариуцагч Л.Н уг хэрэгт ямар үндэслэлээр хариуцагч болсон бэ гэдгийг тодруулах шаардлагатай, тэрээр нэхэмжлэгчээс 20,000,000.00 төгрөгийг зээлж аваагүй, харин талууд ******* аймгийн ******* суманд барих бага сургуулийн бүжгийн зааланд ашиглах барилгын материал авахад гарах зардлын талаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч С.Цын өөрийнхөн хариуцах төлбөр юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн байдаг, уг баримтаар уг зээлийн гэрээний харилцааг иргэд хооронд, аль эсхүл иргэн-хуулийн этгээд хооронд үүссэн эсэхийг шүүх тогтоох байх. Нэхэмжлэгч тал ******* аймгийн ******* суманд барилгын ажлыг гүйцэтгэхдээ чанаргүй хийж гүйцэтгэснээс болж хариуцагчид хохирол учирсан.

 

Хэрэгт хариуцагч Л.Нээс М.Цийн дансанд зээлийг буцаан төлж байсан талаарх баримт байгаа боловч тэрээр Б ХХК-ийн зээлийг төлсөн, сүүлд 5,000,000.00 төгрөгийн зээлийг аваагүй, энэ талаар баримт байхгүй.

 

Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Цаас хариуцагч Л.Нт холбогдуулан 21,935,288.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, ******* аймгийн ******* суманд бага сургуулийн бүжгийн заал барьж гүйцэтгэхэд зориулан 15,000,000.00 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ /х.х-ийн 20, 25, 26 хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон зохигчдын гаргасан тайлбарт дурьдсанаар ******* ХХК болон Б ХХК-иуд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* аймгийн ******* суманд бага сургуулийн бүжгийн заал барьж гүйцэтгэхэд ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээхээр болсон байна /х.х-ийн 97-100 хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ/2018/18869 тоот захирамжийн дагуу Б ББСБ ХХК болон Б ХХК-иас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч С.Ц нь уг 15,000,000.00 төгрөгийн зээлийг барилгын ажил хийж гүйцэтгэх гэрээний дагуу авах хөлснөөс буцаан төлөх үүргийг хүлээсэн бол, харин Б ХХК нь тус бүжгийн заал барьж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийн хувиар оролцжээ /х.х-ийн 88, 89, 92, 93 хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Б ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн баталгаа гаргах гэсэн албан бичигт дурьдсанаар уг компани ******* аймгийн ******* суманд бага сургуулийн бүжгийн заал барьж гүйцэтгэхэд шаардагдах санхүү буюу хөрөнгийг нэхэмжлэгч С.Ц болон иргэн М.Ц нараас 15,000,000.00 төгрөгийг зээлсэн байна /х.х-ийн 3 хуудас/.

 

Тодруулбал, Б ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн баталгаа гаргах гэсэн албан бичгийн агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал тус компани нэхэмжлэгч С.Цын Б ББСБ ХХК-иас зээлсэн 15,000,000.00 төгрөгийг зээлэн авч, бүжгийн заал барьж гүйцэтгэхэд зарцуулахаар тохиролцсон байна.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч С.Ц, иргэн М.Ц болон Б ХХК нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар энэхүү харилцаанд зээлдүүлэгч нь С.Ц, М.Ц, зээлдэгч нь Б ХХК болж, гагцхүү тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэвч нэхэмжлэгч С.Цаас зээлийн гэрээний зүйл болох 15,000,000.00 төгрөг болон хожим нэмж зээлсэн гэх 5,000,000.00 төгрөгийг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Л.Нээс нэхэмжилсэн бөгөөд зохигчид түүнийг гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч мөн эсэх талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж, мөн 25 дугаар зүйлийн 25.1.-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна гэж, түүнчлэн 34 дүгээр зүйлийн 34.1.-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ гэж тус тус зааснаар компани нь бие даан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулийн этгээдийн хувьд өөрийнхөө нэрийн өмнөөс бусад этгээдтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийн эрх, үүргээ хэрэгжүүлж, хариуцлага хүлээх учиртай юм.

 

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж, мөн 9.3.-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасны дагуу Б ХХК-ийн хүлээсэн үүргийг хариуцагч Л.Н хариуцахгүй.

 

Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ******* ХХК дахь М.Ц тоот дансанд хариуцагч Л.Нээс зээлийг төлж байсан боловч тэрээр Б ХХК-ийн зээлийг төлсөн гэж үзэхээр байна /х.х-ийн 11-19 хуудас/.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Л.Нт 2017 оны 10 дугаар сард 5,000,000.00 төгрөгийн зээл өгсөн болохоо нотлохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Л.Нт 5,000,000.00 төгрөгийг бодитоор хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Тодруулбал, тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасныг хариуцагч Л.Н зөрчсөнөөс тийнхүү нэхэмжлэгч С.Цт хохирол учирсан тохиолдолд тухайн хохирлыг хариуцах ёстой.

 

Гэвч талуудын хооронд энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу үүрэг үүсээгүй байх тул хариуцагч тал хохирол гэх 1,935,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Цын гаргасан Л.Нт холбогдох 21,935,288.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,627.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР