Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/227

 

Ш.А-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ш.А-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/785 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2010007720415 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш.А-, 1966 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, мал малладаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Улаанбаатар гарнизоны шүүхийн 1989 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 227 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 15А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар уг ялаас 3 жилийг өршөөн хасч, 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  

             Ш.А- нь учрах саадыг арилгах зорилгоор 79-04 УБҮ улсын дугаартай, “Kia Prontier”  загварын машин механизм ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Хөндлөн-Уул” гэх газарт “Г.Р” ХХК-ийн баригдаж байсан барилгаас тус ХХК-ийн вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, хохирогч Б.Б-ийн цохилттой дрилл, тасдагч, уртасгагч, утас зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.А-ийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт 162 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ш.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, түүний эзэмшил өмчлөлд бүртгэлтэй 79-04 УБҮ улсын дугаартай “Kia Prontier” загварын автомашиныг хурааж, улсын орлого болгож, шүүгдэгч Ш.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ш.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэрч, хохирогч нараас зөвхөн алдагдсан эд зүйлийг мэдүүлдэг болохоос хулгай хийсэн хүний талаар мэдүүлээгүй. Мөн хэргийн газрын үзлэгээр илэрсэн гутлын мөр хэнийх болохыг тогтоогоогүй. Би шүүх хуралдаанд “...хулгай хийгээгүй, хүнээс худалдаж авсан...” талаар мэдүүлээд О, Н гэх хүмүүсийг зааж өгсөн байхад энэ хүмүүсийг огт шалгаагүй. Түүнчлэн над шиг жижиг биетэй, 55 настай хүн овор ихтэй, хүнд эд зүйлийг ганцаараа 100 орчим метр газар зөөж автомашин дээр ачиж чадах үгүйг туршилт хийх замаар тогтоогоогүй. Намайг бусдын эд зүйлийг шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгох зорилгоор авсан гэж байгаа нь үндэслэлгүй. Би эд зүйлийг тохиолдлын байдлаар авсан. Үүнээс хойш 14 хоногийн дараа мөрдөгч ирж авсан. Надад тийм ашиг сонирхол байсан бол эд зүйлийг худалдан борлуулж, нуун далдлах хугацаа хангалттай байсан. Гэрч Б.Ө-с “...О бид хоёр хамт хоносон. О шөнө гарчихаад 02 цагийн орчим орж ирээд амарсан...” гэж мэдүүлсэн нь хэрэг гарсан цаг хугацаа, О-гийн гарч, орсон цаг хугацаатай таарч байгаа. Автомашин барилга дээр очихдоо гэрэл нь асаалттай, гэрэлд барилга бүрэн харагдаж байсан. Гэрч Б.Ө-ийн “...өглөө босоод юм алга болсон юм шиг байхаар нь арай ч үгүй байлгүй, О далд хийсэн байх гэж бодоод барилга дотор үзэж байхад О барилгаас 100 орчим метрт байх овгор шороон дээр гараад энд автомашины мөр байна. Энэ автомашин аваад явсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг байдаг. Бусад хүмүүс эд зүйлийг хайж байхад О яагаад ганцаараа овгор шороон дээр гараад шорооны хажууд зогссон автомашины мөрийг хараад хулгайн мөр байна гэж мэдсэн нь эргэлзээ төрүүлж байна. О буюу О нь гэрчээр мэдүүлэхдээ “....Б.Ө бид хоёр хамт хоносон. Би шөнө 04 цагийн үед гарч эд зүйлийг харсан бүрэн байсан...” гэсэн нь Б-Ө-гийн мэдүүлэгтэй зөрж байгаа юм. Прокурор Отгонсүрэн шүүх хуралдаанд “...О-ыг тухайн барилгын манаачаар ажиллаж байгаа хүн хулгай хийх ёсгүй, түүний шалгах шаардлагагүй...” гэж хэлснийг ойлгохгүй байна. Тухайн үед барилга дээр дөрвөн хүн хоносон байсан. Ба-, Ою хоёр манаачийн зориулалтын чингэлэгт, Б.Ө, О хоёр нөгөө талд байдаг манаачийн байранд хоносон гэж мэдүүлдэг боловч тэр үед гадаа хүйтэн, ямар ч хүн гал түлээгүй, байр саванд хонох боломжгүй байсан. Хавтаст хэрэгт барилгын гаднаас авсан гэрэл зургийн үзүүлэлтэд гадна талд манаачийн зориулалттай ямар ч байр байхгүй байгаа нь энэ хоёр хүн хаана хоносон нь тодорхойгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Хэрэг гарснаас хойш 7 дугаар сард миний утас руу хүн залгаад “...та 150.000 төгрөг өгчих, тэгээд болоо...” гэсэн. Би “...төв ороод хийхийг бодъё...” гэхэд “...та энэ утас руу залгаад Н гэдэг хүнтэй яриарай...” гэсэн. Иймээс О, Н гэдэг хоёр хүнийг шалгуулах хүсэлтэй байна. Би худалдаж авсан эд зүйлсийг бодит байдлаар нь бүрэн хүлээлгэж өгсөн, хохирогч ямар ч гомдол байхгүй байхад шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах арга хэмжээ авч байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 8 жилийн хугацаанд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдоогүй, эхнэрийн хамт хөдөө мал маллан амьдарч байгаа. Амжиргаа залгагч автомашиныг маань улсын орлого болгож байгаа нь миний амьдралд маш хүндээр тусч байна. Иймд хэргийг тал бүрээс нь шалгаж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ш.А-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ш.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Хөрөнгө, орлогыг хураах үндэслэл нь хохирлыг төлүүлэх зорилготой байдаг. Гэтэл тухайн үед шүүгдэгч Ш.А- алдагдсан эд зүйлсийг биет байдлаар нь буцааж өгсөн. Ийм байхад түүний амьжиргааны эх үүсвэр болсон автомашиныг хурааж байгаа нь үндэслэлгүй. Иймд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураасан нь хууль ёсны дагуу хийсэн ажиллагаа гэж үзэж байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Ш.А- нь 2020 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Хөндлөн-Уул” гэх газарт “Г.Р” ХХК-ийн баригдаж байсан барилгаас тус ХХК-ийн вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, иргэн Б.Б-ийн цохилттой дрилл, тасдагч, уртасгагч, утас зэрэг нийт 1.858.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн жолоодон явсан 79-04 УБҮ улсын дугаартай, “Kia Prontier” загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч “Г.Р” ХХК-ийн ажилтан Б.Бо нь “...гэртээ байж байхад 09 цагийн орчим Г гэх сангийн инженер 990207** гэсэн дугаараас залгаж “барилга дээрээс урд шөнө эд зүйл алдагдсан байна” гэхээр нь ирэхэд 2 ширхэг халаагч пуужин, 1х2 хэмжээтэй вакум цонх, ажилчдын цахилгаан багажнууд алдагдсан байсан. ...” /1хх 28-29/,

хохирогч Б.Б- нь “...эхнэр бид хоёр чингэлэгт байрладаг бөгөөд 22 цагийн орчим унтаж амарсан. Надтай хамт ажилладаг Ө, О хоёр зүүн талд байдаг манаачийн байранд хоносон. Өглөө 08 цагийн үед ажилдаа гарсан. Тэгээд ажлаа хийж эхлэх гээд цахилгаанаа залгах гэтэл залгуур байхгүй, утсыг нь тасдаад авчихсан байсан. Бид нар бусад багаж, хэрэгслээ шалгаж үзтэл халаагч пуужин 2 ширхэг, вакум цонх 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, урт залгуур 2 ширхэг зэрэг эд зүйл байхгүй байсан. ...” /1хх 31-32/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

            - гэрч Ж.Б-ийн “...өглөө 08 цагийн үед ажилдаа гарсан. Тэгсэн тасдагч, дрилл, уртасгагч залгуур зэрэг байхгүй байсан. О-г хураасан байж магадгүй гээд барилга дотор үзсэн чинь халаагч пуужин 2 ширхэг, гадаа хураасан байсан вакум цонхноос 1 ширхэг байхгүй байсан. Отгоо овгор шороон дээр гараад “энд машины мөр байна” гэсэн. Тэгээд цагдаа руу ярьсан. ...” /1хх 35-36/,

            - гэрч Л.Ою-ийн “...орой 20 цагийн орчим бууж эд зүйл болон барилгын багажаа баригдаж байгаа барилгын дотор хийгээд амарсан. Тэгээд шөнө 23 цагт амраад өглөө 07 цаг 40 минутад босоод ажлаа эхлэх гэхэд барилгын багаж болон вакум цонх байхгүй байхаар нь барилга хариуцаж байсан Бо гэх хүнд хэлж мэдэгдсэн. ...” /1хх 42/,

            - шүүгдэгч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн “...Улаанбаатар хот руу малын тэжээл авах гэж явж байхад Бугийн амны хажууд 200-300 метрийн зайд барилга баригдаж байсан юм. Тухайн барилгыг түшүүлээд тавьчихсан 4-5 ширхэг вакум цонх байхаар нь орой ирж авна гэж бодоод ... шөнө 00 цагийн орчим гэрээсээ өөрийн эзэмшлийн 79-04 УБҮ улсын дугаартай, “Kia Prontier”  загварын тээврийн хэрэгслийг унаж тухайн барилга дээр ганцаараа очоод вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, дрилл, тасдагч, уртасгагч зэрэг эд зүйлийг барилга дотор байхаар нь хулгайлж, автомашин дээрээ ачаад гэртээ аваачиж нуусан. ...” /1хх 79-80/ гэсэн мэдүүлгүүд,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-12, 14-20/,

            - алдагдсан эд хөрөнгө нь Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг, “Өндөрдов” жуулчны баазын дэргэдэх хашаанд байсныг шүүгдэгч Ш.А-аас хураан авч, хохирогч Б.Бо хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 21-22/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 52-53/,

            - автотээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх 95-96/ зэргээр давхар нотлогдсон байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, сэм нууц аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

Ингэхдээ хулгайлж авсан эд хөрөнгийн тоо ширхэг, овор хэмжээнээс хамааран биеэр авч явж чадахгүй эд зүйлсийг тээвэрлэх, бусдыг мэдэхээс өмнө урьтаж хэргийн газраас богино хугацаанд холдох зорилгоор автомашин урьдчилан бэлтгэж авч явсныг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж хүндрүүлэн үзнэ.

Шүүгдэгч Ш.А- давж заалдсан гомдолдоо “...тухайн эд хөрөнгийг хулгайлаагүй, өөр хоёр залуу хулгайлсан байсныг нь би худалдаж авсан...” хэмээн гэм буруугийн талаар маргадаг боловч энэ нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй ба уг хэрэгт өөр бусад этгээдийн үйлдэл, оролцоо тогтоогдоогүй байна.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Ш.А- мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх 45-47, 79-80, 81-82/-дээ өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн байх бөгөөд ийнхүү мэдүүлэхэд нь аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлсөн, хуулиар хамгаалагдсан эрхийг нь хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.А-ийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон ба шүүхээс түүний гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнд ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 79-04 УБҮ улсын дугаартай, “Kia Prontier”  загварын тээврийн хэрэгсэл шүүгдэгч Ш.А-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул тухайн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд заасанд нийцсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй.

            Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын бүрдэл хэсэг болохынхоо хувьд агуулгаараа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөх эрхийг хязгаарлах замаар эд хөрөнгийн хомсдол, гарз учруулж түүний хувьд таагүй үр дагавар бий болгосноор цээрлэл нь илэрдэг.

Иймээс ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлөөс хураан авч, улсын төсөвт шилжүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хуульчилсан болно.

            Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах үндэслэл”-ийг тусгахдаа дан ганц бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгын талаар дүгнэснээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан байхад шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад тусгахдаа “...эдлэх ялаас хассугай.” гэж хуульд заагаагүй, ойлгомжгүй үг хэллэгээр бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй болохыг дурдаж байна.

            Эдгээр үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан шүүгдэгч Ш.А-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/785 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН