Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0476

 

2020 оны 07 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/0476 Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э***д холбогдох Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н***ын дүгнэлт бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н*** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ё.Д***г Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл 8.6, 8.7 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчлийг шалгахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ зүйлд заасан тусгай журмыг баримтлан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна гэжээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг ирүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт эрх бүхий албан хаагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгаж дараах шийдвэрийг гаргана 7.1 дэх заалтад зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох; 7.2 дах заалтад шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлэх-ээр заасан шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой атал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл заалтуудыг тус тус зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э***ы №0153376 дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э***д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э*** миний бие нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гаргасан №245 дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н*** нь Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э***д холбогдуулан, улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №0153376 тоот шийтгэлийн хуудсаар Ё.Д***д Зөрчлийн тухай хуулийн 5.13 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 500 нэгж буюу 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э*** нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э***д холбогдуулан гаргасан ...Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э***ы 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №0153376 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э***ы 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №0153376 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н***ын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э***д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал, хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Т.Э***ы 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №0153376 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА