Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2348

 

МАГАДЛАЛ

 

2018.11.23                                                 Дугаар 2348                                    Улаанбаатар хот

 

 

 

ЭБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01793 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ЭБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Н-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн гаргасан барьцаанд тавьсан хөөрөгний үнэ 6 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,

Хариуцагч: Э.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ЭБ ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, барьцаагүй зээлдэж авсан. Э.Н 2016 оны 04 дүгээр сарын 27-нд хүүд 280 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш 2016 оны 06 дугаар сарын 27-нд зээл болон хүүд 1 320 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр баримт үйлдэж өгсөн тул Э.Н-гаас зээл болон зээлийн хүүд 1 320 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны сүүлчээр эртний хийцийн дунд гарын халтар манан хөөргөө ЭБ  ломбардад барьцаалан уг ломбардаас сарын 8 хувийн хүүтэй 2 000 000 төгрөг зээлж авсан. Ингэхдээ би өөрийн танил н.Л-ээр  дамжуулан түүний найз ЭБ  ломбардын эзэн Д.Б-д хэлүүлж уг зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаанд би үндсэн зээлд хааяа мөнгө өгч, зээлийн хүү 160 000 төгрөгийг сар бүр төлж гэрээний хугацааг 11 сар сунгаж явсан. 2016 оны эхээр би зээлийн хүүгээ өгөх гэж ЭБ  ломбард руу очих үедээ хөөргөө үзье гэхэд “одоо хөөрөг чинь энд байхгүй, дараа ирэхэд үзүүлье” гэхээр нь би Д.Б  хөөргөө үзэж байж зээлээ төлнө, хүний хөөргийг авчихаад үзүүлэхгүй байхдаа яадаг юм гэж уурлаж явсан. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр н.Лхагвасүрэн над руу утсаар холбогдож, ЭБ  ломбард дээр хүрээд ир гэхээр нь н.Э эгчтэй хамт очсон. Тэгэхэд тэнд Д.Б , н.Л нар байсан надад үлдэгдэл 1 320 000 төгрөгөө өгөөч гэхээр нь түүнд миний хөөргийг надад үзүүлсний дараа өгнө гэснээс бид маргаж, хамт явсан н.Э  эгч чи жирэмсэн байж тайван бай л даа. Наад баримтыг нь бичээд өгчих. Хөөргийг чинь үзүүлнэ гэсэн тул уг баталгааг бичиж өгсөн. Нөгөө талаар 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЭБ  ХХК-иас нэг ч төгрөг аваагүй бөгөөд 1 320 000 төгрөгийг авсан мэтээр баталгаа гаргуулж авсан нь өмнөх 2014 оны сүүлчээр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл бөгөөд Д.Б  миний хөөргийг үзүүлнэ гэж намайг хуурч уг баталгааг бичүүлж авсан тул энд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Б  надад “...Үлдэгдэл 1 000 000 төгрөгийн чинь хүү нэмэгдэж байгаа шүү дээрээс нь алданги нэмж бодно” гэдэг байсан. Зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг байсан. Сарын 8 хувийн хүү 80 000 төгрөг, нийт 4 сарын хугацааны хүү 320 000 төгрөг. Бүгд           1 320 000 төгрөг чи өгөөгүй. Хэрэв энэ мөнгийг өгнө гэж баталгаа бичиж өгвөл хөөргийг чинь үзүүлье" гэсэн. Миний хөөрөг бол эртний хийцийн, дунд гарын халтар манан хөөрөг, дээр үеийн шүрэн толгойтой, алтан нуухтай, халбага нь 2 хулганын дүрс бүхий алтан утсаар ороосон, зааны ясан халбага юм. Гэтэл Д.Б  нь зээлийн барьцаанд авсан дээрхи хөөргийг надад буцааж өгөөгүй байж, мөн зээлийн үлдэгдэл 1 320 000 төгрөгөө надаас нэхэж байгаа байж, миний зөвшөөрөлгүй, надад мэдэгдэлгүй миний хөөргийг бусдад шилжүүлсэн, одоо хөөрөг хаана байгаа нь тодорхой биш, түүний хувьд миний хөөргийг хууль бусаар захиран зарцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт заасныг үндэслэн учирсан хохирол болох хөөрөгний үнэ 6 000 000 төгрөгийг Д.Б аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Э.Н-гаас зээлийн барьцаанд хөөрөг авч байгаагүй. Харин н.Л гэдэг хүнээс зээлийн барьцаанд хөөрөг авч байсан асуудал байдаг юм. Манай талаас уг хөөргийг хэний эд хөрөнгө вэ гэдгийг мэдэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Н-гаас 800 000 төгрөг гаргуулж ЭБ  ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 520 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭБ  ХХК-иас 6 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э.Н-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ЭБ  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгнөөс төлбөл зохих 36 070 төгрөгийг, хариуцагч Э.Н-гийн төлсөн    110 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, ЭБ  ХХК-ийн илүү төлсөн 34 130 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Э.Н-гаас 23 750 төгрөг гаргуулж ЭБ  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус ломбарданд зээлийн хүү 160 000 төгрөгийг сар бүр төлж 2015 оны сүүлд хүртэл хүүнд 1 760 000 төгрөг төлж 2014 оны сүүлчээр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэлд миний хөөргийг авсан, одоо өр авлага байхгүй гэсэн. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэг ч төгрөг аваагүй бөгөөд 1 320 000 төгрөгийг авсан мэтээр урьд зээлийн үлдэгдэл дээрээ баталгаа гаргуулж авсан юм. Энэ баталгааг бичвэл хөөргийг чинь үзүүлнэ гээд бичүүлж авчихаад үзүүлээгүй. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримт нь 2 талын хүсэл зорилгыг илэрхийлсэн хэлцэл бус зээлдэгч миний үүргээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай баримт боловч хөөргийг буцаан өгөхгүй зорилготой бичүүлсэн баримт тул энэ талаар гэрч асуулгасан юм. Иймд асуудлыг хянан бодит байдалд зөв үнэлэлт хийж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч ЭБ  ХХК нь хариуцагч Э.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 320 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зээлийн гэрээний үүрэгт барьцаанд тавьсан хөөрөгний үнэ 6 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ЭБ  ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас хариуцагч Э.Н нь 1 000 000 төгрөг, 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, барьцаагүй зээлийн гэрээ байгуулж, үндсэн зээлээс 280 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхээс үндсэн зээл 1 000 000 төгрөг, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү тооцон 80 000 төгрөг, нийт 1 080 000 төгрөгийг гаргуулах үүргээс зээлийн гэрээний хугацаанд 280 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй юм.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүх “Тогтоох” хэсэгт Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.2 дахь заалтыг баримталсан нь хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01793 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “495 дугаар зүйлийн 495.2” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

               ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ