Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/02909

 

 

 

 

 

 

2018 оны 9 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2018/02909 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1 дүгээр байр 8 тоот хаягт оршин суух, Харчин овогт Пэрэнлэйн Ц /регистрийн дугаар: /-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп виллаж 201 дүгээр байр 2-125 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Долгорсүрэнгийн Б /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг, 5 ханатай гэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ц, хариуцагч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ц миний бие 2015 онд Д.Б тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын явцад 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Н төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэр бүлээ батлуулаагүй байсан. Хамт амьдрах хугацаандаа зан ааш, ёс суртахууны маш хүнд байдал гаргадаг байсан. Хүү маань төрөхдөө зүрхний төрөлхийн маш хүнд хавсарсан гажигтай төрсөн. Эмнэлгээс маш тайван, цэвэрхэн эрүүл орчинд байлгах шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт байдаг. Тиймээс Д.Б тай хамтран амьдрахад хүндрэлтэй байдаг тул 2018 оны 6 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Одоо миний бие нь хүүхдээ аваад түр хугацаагаар эцэг эхийндээ амьдарч байгаа. Эцэг эхийндээ хамт амьдрахад олон сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдтэй учир хүүхдийн маань биеийн байдалд нийцэхгүй байгаа учраас бидний хамтран амьдардаг байсан таван ханатай гэрийг хүүхдэдээ амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгнө үү хэмээн нэхэмжилж байна. Мөн цаашдаа хүүхдийг ганцаараа асарч явахад санхүүгийн хэрэгцээ маш их гарах тул Б.Н хүүд тэтгэлэг гаргуулж өгнө үү. 5 ханатай гэрээ авсан гэв.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 9 сард танилцаж байсан. Бид хамт амьдраад хүүхэдтэй болсон. Тэгээд би хамтран амьдрахаар шийдээд хамтран амьдарч байсан. Бид манай ээжийнд хамт амьдардаг байсан. Гэрийн тухайд би өгсөн байгаа. Тэтгэмжийн тухайд хуульд зааснаар тогтоолгохыг хүсч байна. Бүх тавилгаа өгсөн байгаа. Тэтгэлгийн тухайд би өгөхгүй гээгүй. 5 ханатай гэрийг П.Цд өгсөн, амьдарч байгаа газар нь гэрийг бариад өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Д.Б т холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг, 5 ханатай гэр гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

П.Ц, Д.Б нар 2015 онд танилцсан, тэдний дундаас 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Н төрсөн, хүү эхийн асрамжинд байгаа, зохигчид салж тус тусдаа амьдарч байгаа болох нь зохигч талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, СН эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүүхдийн эмнэлгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-д Эцэг, эх ... нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчлан заасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 40 дүгээр зүйлийн 40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно 40.1.1.11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Б аас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Б.Н ыг тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, /хүү/ Боржигон овогт Б ын Н /регистрийн дугаар /-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Б аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Хариуцагч нь 5 ханатай гэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,498 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б аас 84,498 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Цд олгосугай.

 

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА