Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2018/02929

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 17 өдөр Дугаар 101/ШШ2018/02929 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Бт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны ажилласан хугацааны цалин 6,876,451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1,249,278 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2018 оны 7, 8 дугаар сарын цалинд 1,324,168 төгрөг, нийт 9,449,897 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2309/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б миний бие б хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс Гмэргэжилтэнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл ажилласан хугацааны цалингаа авч чадаагүй болно. Тус хэлтсийн албан хаагчид 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл цалингүй ажилласан. Хэлтсийн дарга Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хоорондын үл ойлголцолоос болж дүүргийн Засаг дарга хэлтсийн 2017 оны төсөв, санхүүг шилжүүлэн өгөхгүй байна гэх шалтгаанаар 2017 оны 02 дугаар сараас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалинг олгоогүй. Мөн 2018 оны 01, 02 дугаар сарын цалинг мөн олгоогүй хэлтсийн албан хаагчдыг цалингүй ажиллуулсан. Миний бие ажилласан хугацааны цалинг гаргуулан авахтай холбоотойгоор хэлтсийн бусад албан хаагчдын хамт хэлтсийн дарга болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Г газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан боловч удахгүй цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, цалинг олгоно гэсээр одоог хүртэл ажилласан хугацааны цалинг олгоогүй байна.

Д.Б би 2017 онд 02 дугаар сард 270,144 төгрөг, 3 дугаар сард 624,023 төгрөг, 4 дүгээр сард 638,497 төгрөг, 5 дугаар сард 674,569 төгрөг, 6 дугаар сард 663,769 төгрөг, 7 дугаар сард 664,226 төгрөг, 8 дугаар сард 716,537 төгрөг, 9 дүгээр сард 692,479 төгрөг, 10 дугаар сард 663,984 төгрөг, 11 дүгээр сард 624,639 төгрөг, 12 дугаар сард 643,584 төгрөг нийт 6,876,451 төгрөгийн цалин аваагүй болно. Хэлтэс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байхад 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай хэлтсийн 9 албан хаагч нийлж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны ажилласан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч албан хаагч тус тусдаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул тус тусдаа нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан болно. Миний бие 2017 оны ажилласан хугацааны цалин хөлсийг гаргуулан авмаар байна. Мөн хариуцагч Баянзүрх дүүргийн Г хэлтэс нь миний 2018 оны 01, 02 дугаар сарын цалинг олгоогүй 1,249,278 төгрөгийг олгоогүй.

Миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаж байсан. Гэтэл тус хэлтсийн дарга А.М нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр намайг хамт олон, иргэдтэй зүй бус харьцаж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Б/36 дугаар тушаал гаргаж ажлаас халсан. Би өөрийн үүрэгт ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлж ажиллаж байсан бөгөөд хамт олон, иргэдтэй зүй бус харьцсан зүйл огт байхгүй болно. Миний бие болон хэлтсийн бусад албан хаагчид хэлтсийн даргын зүй зохисгүй харьцаа болон ёс зүйтэй холбоотой асуудлаар төрийн албаны зөвлөл болон дээд шатны байгууллагад хандсан болон 2017 оны ажилласан хугацааны цалинтай холбоотой хэл ам хийсэнтэй холбоотойгоор намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.

Иймд Д.Б намайг Баянзүрх дүүргийн Г хэлтсийн Г хариуцсан мэргэжилтэнээр эгүүлэн тогтоож, 2017 оны ажилласан хугацааны цалин 6,876,451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1,249,278 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2018 оны 7, 8 дугаар сарын цалинд 1,324,168 төгрөг, нийт 9,449,897 төгрөгийг Баянзүрх дүүргийн Г хэлтсээс гаргуулан өгч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Г хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Бгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Г хэлтэст холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Д.Б нь Баянзүрх дүүргийн Г хэлтэст холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин 6,876,451 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах шаардлагыг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1,249,278 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2018 оны 7, 8 дугаар сарын цалин 1,324,168 төгрөг, нийт 2,573,446 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Д.Б нь хэргийн материалд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Э гэх хүний ажилд томилсон тушаалыг өгсөн байдаг. Ажипд томилогдсон гэх өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Г хэлтэс нь эрх зүйн байдлын хувьд байгуулагдаж бусдын өмнө эрх, үүрэг хүлээх чадамжгүй байсан. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг саргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв-ийг татан буулгасан байдаг. Гэтэл өмнөх дарга В.Э нь өөрийн дураар Улсын бүртгэлийн хэлтэсээс Баянзүрх дүүргийн Г хэлтсийн гэрчилгээг гаргуулан авсан байдаг ба тус хэлтсийн орон тоо, төсөв, зохион байгуулалт, дүрэм, тамга зэрэг хуулийн этгээдэд тавигдах наад захын шаардлага хангагдаагүй байхад 12 хүнийг ажилд авч жил гаруйн хугацаанд ажилчид нь цалингүй ажилласан байдаг. Энэ хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сард Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Баянзүрх дүүргийн Г хэлтсийн даргыг томилсон боловч тухайн нэгжийн удирдлагын тогтолцоо, тамга, төсөвтэй холбоотой маргаан жил орчим үргэлжилсэн ба үүнээс үүдэн тус хэлтсийн бүтэц орон тоо төсөв батлагдаагүй, үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдээгүй.

Ингээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А/57 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн Г хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоо батлагдаж үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломж бүрдэж албан хаагчидтай хөдөлмөрийн харилцаа үүсгэх эрх зүйн боломж бий болсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Д.Б нь цалин хөлстэй холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1102 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолвол 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Гэр бүлийн хамгааллын хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан ажилтан гэх ажлын байр нь ажилтанаас сэтгэл зүтгэл шаардсан ажил бөгөөд Д.Б нь тус ажлын байран дээр тэнцэхгүй болохыг хариуцагч талаас тайлбарладаг. Гэр бүлийн хамгааллын хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр нь эмзэг бүлгийн хүмүүстэй тулж ажилладаг, ажилтанаас харилцаа, ёс зүйн өндөр ур чадвар шаарддаг ажил байдаг. Гэтэл Д.Б нь хамт олны дунд хов хутгаж, ажилдчдыг хооронд нь эвдрэлцүүлж олон тал болгон бутаргадаг. Ажлын бүтээмж гэж байхгүй, ажилдаа сэтгэлгүй ханддаг, иргэд, олон нийттэй зүй бус харьцаж, загнаж, асуудлыг улам бүр хүндрүүлдэг талаар Баянзүрх дүүргийн Г хэлтэс тайлбарладаг. Тухайлбал: иргэн Ш.Б гэх хүний өргөдөл байдаг. Д.Б нь гэр бүлийн хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан мэргэжилтэн хүний хувьд амьдралын боломжгүй байгаа хүүхдийн эрх ашгийг хамгаалж ёс зүйтэй байж асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхийн оронд Т.Б гэх хүүхдийн сурдаг сургууль болох 92 дугаар сургуулийн нийгмийн ажилтан болон ангийн багштай нь зүй бус харьцаж асуудлыг улам хүндрүүлсэн байдаг. Тус байгууллагад сард 110 гаруй дуудлага ирдэг ба маш олон хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа бие махбодь ам насаараа хохирч байна. Иймд хариуцагч талаас ажилдаа сэтгэл гаргаж, хүний төлөө явдаг хүнийг ажиллуулж нэг ч гэсэн хүүхдийн сэтгэл зүй, нийгмийн асуудлыг нааштайгаар шийдэх хүсэлтэй байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Баянзүрх дүүргийн Г хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны ажилласан хугацааны цалин 6,876,451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1,249,278 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2018 оны 7, 8 дугаар сарын цалинд 1,324,168 төгрөг, нийт 9,449,897 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулахаар гомдлын шаардлага гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Г хэлтсийн Гэр бүл, хүүхэд хамгааллын албанд Гэр бүлийн хамгааллын хариу үйлчилгээ хамтарсан баг хариуцсан ажилтанаар ажиллахаар №05 тоот хөдөлмөрийн гэрээг Баянзүрх дүүргийн Г хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мтэй байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцсэн байна.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Г хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаартай Д.Бг ажлаас халах тухай тушаалаар ... Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.2.2, Хөдөлмөрийн 05 тоот гэрээний 8.2.3.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Тус хэлтсийн Гэр бүл хамгааллын хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан ажилтан Д.Б нь хамт олон, иргэдтэй зүй бус харьцаж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халсугай гэжээ.

 

Уг тушаалыг ажил олгогчийн зүгээс ажилтан Д.Бд гардуулан өгсөн ба тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 06ы өдөр тус шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан, өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Баянзүрх дүүргийн Г хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/39 дугаартай Д.Бг ажлаас халах тухай тушаалыг ирүүлсэн ба дээрх Б/36 дугаартай тушаалаас ялгаатай зүйл нь ... Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 ... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 ... гэж өөрчилөн гаргасан ба уг Б/39 дугаартай тушаалыг нэхэмжлэгч Д.Бд ажил олгогчийн зүгээс гардуулан өгөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл ба 38.1Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална: 38.1.1.ажилтан санаачилсан, 38.1.2.ажил олгогч санаачилсан гэж заасан байх бөгөөд Б/36 тоот тушаал нь ажилтаны, Б/39 тоот тушаал нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн үндэслэлүүдийг баримталсан байна.

 

Б/36 болон Б/39 тоот тушаал нь агуулгын хувьд ижил буюу ажлаас чөлөөлсөн үндэслэл нь ... ажилтан Дашсүрэнгийн Бурмаа нь хамт олон, иргэдтэй зүй бус харьцаж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан ... гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Г хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.13-т Ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл тухайн ажилтан, албан хаагчийг хэлтсийн ёс зүйн хороогоор хуралдуулж, шийдвэр гаргана гэж зааснаар тус хэлтсийн Ёс зүйн хорооны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийг хариуцагч нь шүүхэд ирүүлсэн ба ... ажилтан Д.Бд 1 иргэн, 1 ТББ-аас ирсэн ёс зүйтэй холбоотой гомдол саналын талаар хэлэлцсэн байх бөгөөд ... иргэн н.Оюунчимэгийн гомдол болон Зөв амьдрах ухаан ТББ-ын гаргасан гомдлын дагуу утсаар холбогдон тодруулсан талаар дурьдсан байх ба эдгээр гомдол нь тус байгууллагад хэзээ ирсэний дагуу тодруулах ажиллагааг хийж буй нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан энэхүү хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн баримталсан эсэх нь ч тодорхойгүй байна.

 

Дээрх ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд Д.Б нь ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзэхэд учир дутагдалтай, уг хуралдаанд Д.Бг оролцуулаагүй, танилцуулаагүй байна.

 

Түүнчлэн Зөв амьдрах ухаан ТББ-ын менежер Г.Амарсайхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгт Д.Бг мэргэжлийн хүний хувьд ирж мэргэжлийн арга зүйгээр хангахгүй байгаатай холбоотой гомдол гаргасан бөгөөд зан харьцааны хувьд зүй бус харьцсан талаар гомдол гаргаагүй болно гэснээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхдээ өрөөсгөл хандсан, аливаа асуудлыг сайтар нягтлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Д.Б нь Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д Төрийн албан хаагчийн болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, 12 дугаар зүйлийн 12.2.2-т Хамт олон ба үйлчлүүлэгчтэй зүй бус харьцаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж зааснаар хамт олон, иргэдтэй зүй бус харьцаж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл дээр дурьдсан баримт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн Г хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаартай Д.Бг ажлаас халах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журамд зааснаар хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй байна.

 

Д.Бг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн ба тэрээр ажилгүй байсан 7, 8 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн тул дараахи байдлаар тооцох нь зүйтэй байна.

 

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт ажлын 46 хоног байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар дундаж цалин хөлсийг 2018 оны 3, 4, 5 дугаар сард авсан цалингаас тооцоход дундаж цалин нь 613,412 төгрөг гарч байх ба ажлын 21.5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 28,530.7 төгрөг гарч байх бөгөөд үүнийг ажилгүй байсан 46 хоногоор тооцоход 656,229.1 төгрөг гарч байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 тоот Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийг татан буулгах тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг холбогдох хууль, байгууллагын дүрэмд заасны дагуу татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргад даалгаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 дугаартай Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг татан буулгаж, татан буулгах ажлын хэсэг томилох тухай захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн татан буулгахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Г хэлтсийг улсын бүртгэлд бүртгэн, дахин гэрчилгээ олгож, В.Эыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн байна.

 

Баянзүрх дүүргийн Г хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар Д.Бг тус хэлтсийн Гмэргэжилтэнээр ажилд томилж, үндсэн цалинг ТҮ-6-3 ангилал, зэрэглэлээр 510,623 төгрөгөөр цалинжуулж, сар бүр унаа, хоолны нэмэгдэл олгохоор, мөн өдрөө 09 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

 

Баянзүрх дүүргийн Г хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай тушаалаар Д.Бг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хамгааллын асуудал, хамтарсан баг хариуцсан ахлах мэргэжилтэнээр дэвшүүлэн томилж, үндсэн цалинг ТҮ-7-3 ангилал, зэрэглэл 550,369 төгрөгөөр цалинжуулж, сар бүр унаа, хоолны нэмэгдэл олгохоор, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар Д.Бгийн үндсэн цалинг ТҮ-7-4 ангилал, зэрэглэл 577,826 төгрөгөөр, сар бүр унаа, хоолны нэмэгдэл олгохоор тус тус шийдсэн байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Г хэлтэс нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0748 дугаартай шийдвэрээр Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Д.Б нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Г хэлтэст томилогдон ажилласнаас хойш түүнийг ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд тус байгууллагад ажиллаж байсан, ийнхүү ажиллаж байх хугацаанд ажил олгогчийн зүгээс цалин хөлс олгоогүй, 2018 оны 3 дугаар сараас эхлэн цалин олгогдож эхэлсэн, ажилчид удаа дараа цалин хөлстэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж байсан, мөн ажил олгогчийн улсын бүртгэл, томилогоотой холбоотой асуудлаар шүүхэд хандаж байсантай холбоотойгоор тус байгууллагын санхүүжилт хийгдээгүйгээс ажилчдын цалин хөлс нь олгогдвол зохих цаг хугацаандаа олгогдоогүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Албан хаагчдын 2017, 2018 оны цалингийн тооцоо, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0748 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ... салбарын сайд Дүүргийн Г хэлтсийн даргыг чөлөөлж, томилсон нь дүүрэгт хуваарилагдах төсөв, санхүүд хохиролтой байдал бий болоод байгаа эсэх, төсвийг захиран зарцуулах эрхэнд нь сайд халдаад байгаа эсэх талаар шүүхээс тодруулахад төсөв санхүүтэй холбоотой асуудал байхгүй гэх тайлбарыг Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хийснийг тэмдэглэх нь зүйтэй юм ... гэсэн байх ба хариуцагч байгууллагын санхүүжилт нь 2017 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарыг хүртэл хугацаанд ороогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Б болон нэр бүхий ажилчид хамтран ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2018/01102 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, ийнхүү татгалзсанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

 

Дээр дурьдсан үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд ажил олгогчийн буруутай ажиллагааны улмаас ажилтан Д.Бгийн цалин хөлс олгогдоогүй нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ажилтан нь цалин хөлс авах эрхтэй байхаар хуульчилжээ.

 

Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэхүү шаардлага нь үндэслэлтэй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Бг Баянзүрх дүүргийн Г хэлтсийн Гэр бүл хамгааллын хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан ажилтаны ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 656,229.1 төгрөг, Д.Бгийн ажилласан хугацааны 2017 оны цалин 6,876,451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1,249,278 төгрөг, нийт 8,781,958.1 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт нэхэмжилсэн 667,938.9 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бг Баянзүрх дүүргийн Г хэлтсийн Гэр бүл хамгааллын хариу үйлчилгээ, хамтарсан баг хариуцсан ажилтаны ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 656,229.1 төгрөг, Д.Бгийн ажилласан хугацааны 2017 оны цалин 6,876,451 төгрөг, 2018 оны 01, 02 дугаар сарын цалин 1,249,278 төгрөг, нийт 8,781,958.1 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Г хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, Д.Бгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Г хэлтэст даалгаж, нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт нэхэмжилсэн 667,938.9 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, хариуцагч Баянзүрх дүүргийн Г хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 155,461 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ