Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 

 

      2025          03           10                                              2025/ШЦТ/137

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,

улсын яллагч: Б.Өлзийжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш.Ч,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Б,

өсвөр насны шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 20000000000000 тоот хэргийг 2025.02.25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2007 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, НЕБ-ын 42 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбит 00 дүгээр гудамжны 00а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Бага Монгол овогт Мийн С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн дотор үзвэр үзээд тарж байхдаа Ү.Згийн толгойн тус газарт гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- өсвөр насны хохирогч Ү.Згийн “Би 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 30 минутын үед Төв цэнгэлдэх хүрээлэн рүү орсон бөгөөд Трипле Икс шоу үзэж байсан бөгөөд би стадионы ертөнцийн зүгээр баруун талд шоу үзээд зогсож байтал С намайг араас дуудсан бөгөөд С цааш алхаж байсан, би араас алхаж байтал С эргэж хараад шууд нүүрний зүүн нүдний хөмсөг хэсэг рүү хоёр удаа цохиод авахад хажууд нь байсан хоёр найз нь Сыг салгаад аваад явсан” гэх мэдүүлэг /х.х-13-15/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024.09.04-ний өдрийн 11610 дугаартай “Ү.Згийн биед зүүн хөмсөгний шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-25-26/,

- Яллагдагч *******ын: “2024 оны 8 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед байх Мөнхбаатартай гарах гээд хаалганы тэнд явж байсан чинь өмнө нь намайг зодсон 42-р сургуулийн хүүхдүүдтэй таарсан. Тэд нар бүгдээрээ цуг явж байсан. Би тэр хүүхдүүдтэй уулзаж юм ярих гээд дуудсан чинь З хүрээд ирсэн. Би Згийн нүд рүү нэг удаа баруун гараа атгаж байгаад, хацар луу нь нэг удаа гартаа атгаж байгаад гараараа цохисон. Тэгээд Мөнхбаатар намайг салгаад бид 2 гараад явсан. Өмнө нь З намайг ангийнхаа хүүхдүүдтэй нийлж зодож байсан юм. Тэр шалтгаанаас болж биед нь халдсан” гэх мэдүүлэг /хх-39/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Миний хүү З нь Сад зодуулсан бөгөөд Сын ээж нь бидний хохирол болох 165500 төгрөгийг барагдуулсан учир гомдол санал байхгүй болно” гэх хүсэлт /хх-61/,

- Яллагдагч *******ын “Миний бие тоглолт үзэж яваад Зд гар хүрсэн гэм буруутай нь үнэнэ. Гэм буруугаа хүлээж төлбөр 165500 төгрөг төлж хохирлоо барагдуулсан учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-60/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, өсвөр насны шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн дотор үзвэр үзээд тарж байхдаа Ү.Згийн толгойн тус газарт гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* Нийслэлийн 42-р дунд сургуулийн 12б ангид,  өсвөр насны хохирогч Ү.З нь мөн сургуулийн 12а ангид тус тус суралцдаг бөгөөд ******* нь тухайн сургуульд 2019 онд шилжиж ирсний дараа Ү.З нь найз нартайгаа нийлж зодож дээрэлхэж байсан талаар болон ийнхүү хууль бус халдлагад өртсөн талаар эрх бүхий байгууллагад өмнө нь мэдэгдэж байгаагүй тухайгаа шүүхэд мэдүүлсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний орой  хохирогч Ү.З, түүний найзуудыг хараад өмнөх үйл явдалд дургүйцэн Ү.Зг дуудан ирүүлж нүүрэн тус газарт нь цохиж зодсон үйлдэл нь урьдын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, өс хонзонгийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас Ү.Згийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас *******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас өсвөр насны хохирогч Ү.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон Ү.Згоос нь “*******ын ээж нь хохирол болох 165500 төгрөгийг шилжүүлэн авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт гаргаж /х.х-61/ иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-52/ тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсны нөхөн төлбөрт 165500 төгрөг төлсөн, бусдад төлбөргүй болсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокурорын шатанд өсвөр насны яллагдагч ******* прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх” тохиролцоо хийсэн болох нь тогтоогдож байна. /хх-101-102/

Шүүх дээрх нөхцөл байдал болон өсвөр насны шүүгдэгч ******* нь өнөөдрийг хүртэл 18 нас хүрээгүй, түүний насны хүүхдийн сэтгэцийн онцлог, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон үндэслэл шалтгаан, гэм буруугаа хүлээж шударгаар мэдүүлсэн зэргийг харгалзан *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч /РД:**000000000/ Бага Монгол овогт Мийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өсвөр насны шүүгдэгч Бага Монгол овогт Мийн Сыг чөлөөлсүгэй.

3. Өсвөр насны шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс  хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О нь “165500 төгрөг хүлээн авсан болон гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ