| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2019/04740/И |
| Дугаар | 101/ШШ2020/00076 |
| Огноо | 2019-12-30 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2020/00076
| 2019 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2020/00076 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БЗД т х-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б т ХХК-д холбогдох,
Татварын өр төлбөр 17.245.822,40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, прокурор П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бзд т х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Б т ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого /суутган-1/ татварын тайлангийн 15.349.697,40 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1.380.436,70 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль 414.131 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан алданги 101.557,30 төгрөг бүгд 17.245.822,40 төгрөгийн татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд барагдуулалгүй он дамжуулан татварын өр төлбөр үүсгэсэн байна. Татварын алба нь хугацаандаа төлөөгүй татварын өр төлбөрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу татварын өр төлбөр барагдуулахыг шаардсан мэдэгдэх хуудсыг удаа дараа гардуулж, мөн хуулийн 63 дугаар зүйлийг үндэслэн Хаан банкин дахь дансны зарлагын гүйлгээг тус тус хаах арга хэмжээг авсан, 64 дүгээр зүйлийг үндэслэн хөрөнгийн лавлагаа авахад үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэггүй, ... улсын дугаартай LHT тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй байна. Иймд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалтын дагуу дээрх ажиллагаа болон шүүхэд нэхэмжлэх ажиллагааг давхардуулан явуулж болно, 70 дугаар зүйлийн 70.1-д хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Б т ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ... Б т ХХК нь тус татварын хэлтэст цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого татварын тайлангийн 15.349.697,40 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1.380.436,70 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль 414.131 төгрөг, татварын хяналт шалгалтаар ногдуулсан алданги 101.557,30 төгрөг нийт 17.245.822,40 төгрөгийн татварын өр төлбөртэй бөгөөд үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай компани ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй, одоогоор төлбөр төлөх боломжгүй байна гэв.
Прокурор П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б т ХХК нь Татварын ерөнхий хуулиар хүлээсэн улсын төсвийн төлөх ёстой татварыг төлөөгүй асуудал үүссэн болон улсын байцаагчийн акт, хяналт шалгалт зэргээр тогтоогдож байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг маргахгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иймд татварын өр 17.245.822,40 төгрөгийг хариуцагч Б т ХХК-аас гаргуулан Бзд т х-т олгож өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бзд т х нь хариуцагч Б т ХХК-д холбогдуулан цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 15.349.697,40 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1.380.436,70 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль 414.131 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан алданги 101.557,30 төгрөг, бүгд 17.245.822,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, одоогоор төлбөр төлөх боломжгүй байгаа гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заажээ.
Нэхэмжлэгч Бзд т х нь хариуцагч Б т ХХК-ийн татвар төлөгчийн карт, татварын өрийн тооцоолол, хариуцагчид мэдэгдэх хуудас гардуулсан баримт, уулзалтын тэмдэглэл, Хаан банкинд мэдэгдэх хуудас гардуулсан баримт, хуулийн этгээдийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, мөн Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Авто тээврийн үндэсний төв, Ашигт малтмал, газрын тосны газраас хөрөнгийн лавлагаа гаргуулах тухай 2019 оны 20-04/1764, 20-тоот албан хүсэлтүүд, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Авто тээврийн үндэсний төв, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны тоот албан хариунууд зэрэг баримтыг шүүхэд гаргасан /хх-4-21/ ба эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах ажиллагааг гүйцэтгэсэн байна.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, татвар төлөх, мөн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцохоор зохицуулсан байх ба хариуцагч Б т ХХК нь татварын тооцооллыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иймд хариуцагч Б т ХХК-аас цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого /суутган-1/ татварын тайлангийн 15.349.697,40 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1.380.436,70 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль 414.131 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан алданги 101.557,30 төгрөг, бүгд 17.245.822,40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бзд т хт олгох зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б т ХХК-аас цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар 15.349.697,40 төгрөг болон татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1.380.436,70 төгрөг, торгууль 414.131 төгрөг, алданги 101.557,30 төгрөг, нийт 17.245.822,40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Бзд т хт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 244.179 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Хариуцагч Б т ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА