Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/02946

 

 

 

 

 

 

 

2018 оны 9 сарын 18 өдөр Дугаар 101/ШШ2018/02946 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 81 байр, 202 тоот хаягт оршин байрлах Б ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ШШГЕГ 24А байрны 24 тоот хаягт оршин суух, Номч овогт Осгоны Г /регистрийн дугаар: /-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 29,348,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Лхамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.Г нь Б ББСБ ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 23,000,000 төгрөгийн зээл авч ЗГ171211-01 дугаартай зээлийн гэрээ, Б180115-01 дугаартай барьцаана гэрээ байгуулан 1100422 дугаартай барьцаалбарыг үйлдсэн болно. Энэхүү зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлдэгч О.Г болон түүний охин Энхбат овогтой Цэцэгтогтох нарын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ШШГЕГ 24А байрны 24 тоотод байрлах 48,6 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээ нь 2018 оны 6 дугаар сарын 11-нд дуусгавар болсон байна.

Зээлдэгч О.Г нь зээл авсан цагаасаа зээлийн хүүг огт төлөөгүй, энэ хугацаанд манай зүгээс зээлийн хүүг хугацаандаа төлөхийг сануулж байнга холбогдож, хэлсэн тайлбар болгоныг хүлээн авч хугацаа олгосон боловч 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 ч төгрөгийн зээлийн хүү, зээл төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн хэмжээ 23,000,000 төгрөг, зээлийн хүү 5,405,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 943,000 төгрөг буюу нийт 29,348,000 төгрөг болсон байна.

Хариуцагчаас 29,348,000 төгрөгийг гаргуулах, дээрх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч О.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие тухай ББСБ-ын ажилтантай тохиролцож, сар сард нь график гаргаад төлье гэсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, авсан зээлээ графикийн дагуу төлнө гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч О.Г т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 29,348,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Б ББСБ ХХК болон иргэн О.Г нар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ-171211-02 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр БГ180115-01 дугаартай Барьцааны гэрээ-нүүдийг тус тус байгуулсан, зээлдэгч О.Г нь зээлийн гэрээний дагуу 23,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийн гэрээний 2.5-д зааснаар үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөх нөхцөлтэйгээр зээлж, мөнгийг хүлээн авсан, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ШШГЕГ 24А байрны 24 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээлэл, зээлдэгч О.Г ийн 23,000,000 төгрөгийн зээл хүсч Б ББСБ ХХК-д гаргасан өргөдөл, 23,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримт, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..,

453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ171211-02 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 29,348,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кредит экспресс ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, талуудын байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр БГ180115-01 дугаартай Барьцааны гэрээ-ээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ШШГЕГ 24А байрны 24 тоот хаягт оршин байрлах, орон сууцны зориулалттай, Ү-2204037832 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно.

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч О.Г ээс нийт 29,348,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ШШГЕГ 24А байрны 24 тоот хаягт оршин байрлах, орон сууцны зориулалттай, Ү-2204037832 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374,890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 374,890 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА