Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/02963

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2018/02963

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Гранд плаза цогцолбор 8-801 тоот хаягт оршин байрлах М ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачин 12 гудамж, 167 тоот хаягт оршин суух, Тайчууд овогт Эрдэнэбатын С /регистрийн дугаар: /-т холбогдох

 

Барааны төлбөр 21,156,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Э.С тэй МОН-ХГ-2017/08 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Э.С борлуулагч, худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3-т Ажлын цагийг зөвхөн ажлын байрын тодорхойлолтод заагдсан ажилд зарцуулан, тухайн үеийн шаардлагаар удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, цагийг бүр бүтээлтэй ашиглах гэж заасан үүргээ зөрчиж компанид ажиллахдаа санхүүгийн баримтаар хүлээлгэн өгсөн 12,269,690 төгрөг дутаасан, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн актаар өглөг авлагыг баталгаажуулж борлуулалтын орлогоос 10,119,587 төгрөг дутааж, нийт 22,389,277 төгрөгийг дутаад компанид хохирол учруулсан нь хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1, 4.4.2, 4.4.3, 4.4.4, 4.4.5, 4.4.6-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.2, 3.6, 3.7, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтуудыг зөрчсөн байна.

Хариуцагч гаргасан зөрчил, дутагдлаа ухамсарлаж 10,119,587 төгрөгөөс 750,772 төгрөгийг төлсөн бөгөөд компанид учруулсан хохирлыг барагдуулах тухай хүсэлт гаргаж сар бүрийн цалин хөлс болон ээлжийн амралтын мөнгөнөөсөө учруулсан хохирол үлдэгдэл 9,368,815 төгрөгийг эргэн төлөлтийн графикаар төлөхөөр харилцан тохиролцож 2018 оны 4, 5, 6 дугаар сард 482,114 төгрөгийг төлснөөс хойш үлдэгдэл 8,886,701 төгрөгийг төлөөгүй, аижлдаа огт ирээгүй болно.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж компанийн мөнгөн хөрөнгийг дутаасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, баримтаар баталгаажсан байх тул санхүүгийн баримтаар хүлээлгэн өгсөн бараа болон борлуулалтын орлогоос дутаасан барааны үлдэгдэл төлбөр нийт 21,156,391 төгрөгийг хариуцагч Э.Сайнбилгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 02 дугаар сард М ХХКд Нарантуул бөөний төвд худалдагчаар анх орсон. Ажиллаж байх явцад надад 10,119,587 төгрөгийн дутагдал гарсан. Алдаа дутагдлаа ойлгож графикийн дагуу төлж эхэлсэн. Үүнээс 13 дахь сарын цалин 750,772 төгрөг төлсөн. Харилцан тохиролцсоны үндсэн дээр сар болгоны цалин хөлснөөс 350,000 төгрөг төлөхөөр болсон. 3, 4, 5, 6 дугаар сард нийт 1,400,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл мөнгө нь 7,968,815 төгрөг үлдсэн. Ажлаас гарсан ч төлж байсан. 7 дугаар сард ар гэрийн гачигдлаар төлөлтөө хийж чадаагүй. 8 дугаар сард нь нөхөж төлнө гэж байтал шүүхээс дуудсан. Надад энэ их мөнгөн дүн гарсан нь баяр ёслолоор хямдрал sale зарласантай холбоотой үүссэн асуудал болов уу. Одоо уг компани нь надаас нийт 21,156,391 төгрөг нэхэмжилж байгаа. Уг мөнгөн дүнг төлөх боломж бололцоо миний амьдралд байхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.С т холбогдуулан, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу санхүүгийн баримтаар хүлээлгэн өгсөн бараанаас 12,269,690 төгрөгийн дутагдал гаргасан, борлуулалтын орлогоос дутаасан 10,119,587 төгрөгийн үлдэгдэл 8,886,701 төгрөгийг төлөөгүй хэмээн нийт 21,156,391 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Э.С нь М ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр МОН-ХГ-2017/08 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, МОН-ЭХБХГ-2017/08 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулан, борлуулагч, худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчиж, санхүүгийн сахилга бат алдан байгууллагад их хэмжээн мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлж, 20170228 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоо хийн нэг бүрчлэн нийлж, борлуулагч Э.С нь нийт 10,119,587.43 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталгаажуулсан байв.

Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаанд тусгагдсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлсэн тооцоо нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанид ажиллаж эхэлсэн Э.С т хамааралтай эсэхэд эргэлзээтэй байх боловч хариуцагч нь тооцооны үлдэгдлийн баталгааг зөвшөөрч гарын үсэг зурсан, 10,119,587 төгрөгийн дутагдал гаргасан алдаагаа ойлгож, цалингаасаа графикаар төлж барагдуулахаар ажиллаж байсан хэмээн шүүхэд тайлбар гаргасан тул энэхүү тооцооны үлдэгдлийн баталгааг нотлох ач холбогдолгүй гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч нь дээрх дутагдлыг гаргаснаа хүлээн зөвшөөрч, өөрийн цалин хөлс болон ээлжийн амралтын мөнгөнөөс төлөлт хийсээр 10,119,587.43 төгрөгөөс 8,886,701.73 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон нь зохигч талуудын тайлбар, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэргээр тогтоогдож байна.

Харин, санхүүгийн баримтаар хүлээлгэн өгсөн бараанаас 12,269,690 төгрөгийн бараа дутаасан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч Э.С ээс 8,886,701.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,269,689.3 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С ээс улсын тэмдэгтийн хураамж 157,137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА