Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/51

 

Ц.Болормаад холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Г.Давааренчин

                                                                                       Б.Эрдэнэхишиг

                                 Оролцогчид

                                    Прокурор                                     В.Батдэлгэр

                                      Шүүгдэгч                                          Ц.Болормаа

                                      Хохирогчийн өмгөөлөгч              Г.Сарангуа

                                      Хохирогчийн өмгөөлөгч             С.Базарсад                      

                                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаравдэд овогт Цэен-Ойдовын Болормаад холбогдох эрүүгийн 2031001170116 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Шаравдэд овогт Цэен-Ойдовын Болормаа 1965 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн “Булган” суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг “Алтанбулаг” сумын 1 дүгээр баг, 2 дугаар байр, 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/ФМ65013161/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Болормаа нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг 50 минутын орчим Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын байрны 2 давхарт иргэн П.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, улмаар түүний биед тархи доргилт, цээжинд 5 ширхэг улаан хүрэн өнгийн зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ц.Болормаад холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 153  дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Шаравдэд овогт Цэен-Ойдовын Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Ц.Болормааг чөлөөлсүгэй.

3.Хохирогч П.Батсайхан нь өөрт учирсан эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжпэх эрхийг нээлттэй орхисугай.

4.Шүүгдэгч Ц.Болормаа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжпэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Сарангуа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 2020\ШЦТ\153 тоот Ц.Болормаад холбогдох шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул хохирогч гомдолтой байна. Ц.Болормаа нь П.Батсайханы биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх гэм буруутайд тооцсон боловч ялаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхдээ “...энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь өөрийн болон нийтийн \хэрэглэгчийн\ ашиг сонирхлыг зөрчиж, хор хохирол учруулсан төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахын тулд ... иргэн Ц.Болормаа нь олон жил эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус, сэтгэл санаа эрүүл мэндийн хувьд хохирол хүлээж ирсэн бөгөөд тэрээр нийтийн өөрөөр хэлбэл хэрэглэгч нарын эрх ашгийн төлөө тэмцэгч “шүгэл үлээгч” болсоор ирснийг тэмдэглэх нь зүйтэй байна” гээд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, “энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзсан гэжээ.

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, мэргэжлийн болоод мэдлэггүй байдлаас дүгнэлт хийж, Ц.Болормааг ялаас чөлөөлж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Шүүх ийнхүү урьд өмнө шийдвэрлэгдсэн хэргийн баримтуудаас дүгнэлт хийж, “шүгэл үлээгч” гэх нь шүүгдэгч хүний эрүүл мэндэд хохирол учруулахтай огт холбогдохгүй бөгөөд үүнийг хохирогчийн зүй бус үйлдэл гэж үзэх нь хохирогчийн эрхийг хэт дордуулснаас гадна хохирогч гомдолтой гэсэнд дүгнэлт хийгээгүй байна.

П.Батсайхан нь тухайн үед энэ хүний эсрэг ямар ч үйлдэл хийгээгүй, хохирогчийн зүй бус ямар ч ажиллагаа байгаагүй, цамцаа уруулсан, олон нийтийн бөгөөд төрийн албаны конторт хүний биед хөнгөн гэмтэл учруулах хүртэл танхайрсан.

Эрүүгийн хуулийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг нь хөнгөн хэрэг боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасныг журамлан ялаас чөлөөлсөн нь хууль бус байна.

Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсэгт “ ... шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх “ гэж зааж, 1.1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх ...” гэж заажээ.

Ц.Болормаа нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлэг, энэ үйлдлийг баримтжуулсан бичлэг хүртэл байгаа бөгөөд Шүүх нь хохирол нэхэмжлээгүй, гомдолтой гэсэн байгаа ч иргэний журмаар хохирлоо нэхэмжилж болно гэх, Ц.Болормаа нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үг шүүхийн тогтоолд дурдагдаагүй, хохирогчийн хуульд заасан эрх зөрчигдөж байна.

Шүүх дур зоргоороо дүгнэлт хийж, хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх нь ор үндэсгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй, хохирогчийн эрхийг дордуулж, шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн тул Ц.Болормааг гэм буруутай гэж үзсэн ч ялаас чөлөөлсөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага ногдуулах, хохирогч адил тэгш эрхтэй шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх боломж олгоно уу гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Базарсад давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Болормаад холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлийн хувьд хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 3 дахь заалтуудыг үндэслэсэн байдаг. Гэтэл эдгээр иш татсан заалтууд нь өөрөө хэрэгт авагдсан баримт хэргийн үйл баримтад нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэргийг тохиолдлын шинж чанартай нөхцөлийг заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд үйл баримтыг яагаад ч тохиолдлын гэж үзэх боломжгүй. ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо халаалтын дулааны асуудал хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж хохирогчийг буруутгаж байгаа нь ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан үүргээ гүйцэтгэж яваад онцгой байдал зарласан үед зодуулсан. Хурал тараад гарч ирэхэд зодсон. ...Даралт ихсэх өвчтэй эмчлүүлэхгүй бол болохгүй гээд сувилалд очиход тэнд сүлжээ барихгүй байсан. Шүүх хуралдаанд оролцох боломж гараагүй. Би шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна гэв.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Би төрийн байгууллагуудаас уучлал хүссэн. Харин П.Батсайханаас уучлал хүсэхгүй. Бид хоёрын дундах маргаан 14 жил үргэлжилж байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ....Анхан шатны шүүх  хуулийн хүрээнд эрх хэмжээнийхээ хэмжээнд шийдсэн гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.Болормаад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Ц.Болормаад холбогдох эрүүгийн 2031001170116 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба талууд энэ талаар маргаагүй байна.

Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ “...шүүгдэгч Ц.Болормааг өөрийн болон нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчиж хор уршиг учруулсан төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль бус үйлдлийг таслан зогсоохын төлөө зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахын тулд... холбогдох бүхий л байгууллагад хандаж зүй бус үйлдлийг тогтоолгон, Алтанбулаг сумын халаалтын төвийн захирал асан, одоогийн Сумын засаг дарга П.Батсайханы хууль бус үйлдлийн улмаас ...Ц.Болормаа нь олон жил эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хохирол хүлээж ирсэн бөгөөд тэрээр нийтийн өөрөөр хэлбэл хэрэглэгч нарын эрх ашгийн төлөө тэмцэгч “шүгэл үлээгч” болсоор ирснийг тэмдэглэх нь зүйтэй” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.Болормаа нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, “энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдал”, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн гэж,

Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм гэж...” тус тус дүгнэжээ.

Гэвч Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид “шүгэл үлээгч” гэх нэр томьёо албан ёсоор хуульчлагдаагүй.   Харин  Олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлагад өөрийн болон нийтийн эрх ашгийн төлөө эсхүл авлига, хээл хахууль, шан харамжийн шинжтэй үйлдлийг үл тэвчигч, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэгч, мэдээлэгч, гэрчийг шүгэл үлээгч гэж томьёолсон байдаг.  

Түүнчлэн Ц.Болормааг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд учир дутагдалтай өмнө нь хохирогч П.Батсайхантай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж байсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэврийн хуулбараар нотлогджээ.

Шүүгдэгч энэхүү хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь эргэлзээтэй, энэхүү хэргийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2031001170116 дугаартай яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах үед урж шидсэн, яллах дүгнэлтийг гардаж авахгүй прокурорын байгууллагын туслах ажилтныг хэл амаар доромжилсон байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 Шүүгдэгч Ц.Болормаа нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэх боловч гэмт үйлдлийн үед хохирогчийн өмсөж явсан цамцыг урж, ашиглах боломжгүй болгосон ба түүний үнийг нөхөн төлөөгүй, хохирогчоос уучлал гуйсан байдал хавтаст хэрэгт нотлогдоогүй төдийгүй, шүүгдэгч Ц.Болормаа давж заалдах шатны шүүхэд “..П.Батсайханаас би хэзээ ч уучлал гуйхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн болно.

Хохирогч П.Батсайхан Алтанбулаг сумын халаалтын төвийн дарга захирал байхдаа “хууль бус буруу үйл ажиллагаа явуулж” хэн нэгэнд хохирол учруулсан эсэх үйл баримт тогтоогдсон нөхцөлд тухайн иргэд нь өөрт учирсан гэм хор хохирлын асуудлаа  шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

 

Гэтэл анхан шатны шүүх  хохирогч П.Батсайханы урдын хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг нь  шүүгдэгч тухайн өдөр үл тэвчиж түүний эрх чөлөөнд халдсан гэж дүгнэн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь  үндэслэлгүй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөн  анхан шатны шүүх  “..энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдал” гэж ямар нөхцөл байдлыг үзсэн нь ойлгомжгүй, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой тайлбарлаагүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэхээр заасан байтал 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 264 тоот “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” захирамж гарч шүүх хуралдааныг 07 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт хийхээр товлож, мөн өдрөө мэдэгдэн шүүх хуралдаанаа хуралдуулсан нь хохирогчийн хуульд заасан эрхийг хууль бусаар хязгаарласан үйлдэл болжээ.

           Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд буцаав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дүгээр сарын 08-ний өдрийн 2019/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол Ц.Болормаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ