Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2402

 

МАГАДЛАЛ

 

2018.12.03                                                 Дугаар 2402                                    Улаанбаатар хот

 

 

 

 

М.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШШ2018/02175 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А,

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: З.А нь Д.Б , Д.Г нартай 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. З.А болон Д.Б , Д.Г нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дууссан боловч зээлдэгч нарын зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний 1.3-т "Зээлдүүлэгч нь зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй", 232.4 дэх хэсэгт “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 30 000 000 төгрөгийн алданги нийт 90 000 000 төгрөгийг хариуцагч Д.Б өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: З.А-тай Д.Б , Д.Г нар барьцаат зээлийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан бөгөөд 2 жилийн хугацаатай гэрээ байгаа болно. Гэрээний хугацаа дуусаагүй байхад М.С нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. З.А ах нас барсан гэж дуулаад очих үед гэр бүлийн хүн нь гэх М.С-тай анх уулзсан юм. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан хуулийн хугацаа өнгөрөөгүй байхад М.С шүүхэд нэхэмжлэл гаргаж   байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасныг зөрчиж буй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болно гэж заасан байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б өөс улсын тэмдэгтийн хураамжид 607 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигч талуудын шүүхэд гаргасан нотлох баримт буюу Барьцаат зээлийн гэрээний хүчин төгөлдөр хугацаа өөр өөр байдаг. Нэхэмжлэгчийн талаас гаргасан гэрээний хувь засвартай байдаг бөгөөд уг засварыг Нотариатч гэрээний нэг тал буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр засварлаж өгсөн байдаг. Энэхүү засварыг оруулахдаа гэрээний нөгөө тал буюу хариуцагчид мэдэгдэх үүрэгтэй байсан боловч мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл Нотариатч гэрээнд зөвхөн нэг талын санаачилгаар засвар оруулсан. Үүнээс үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нь олон талын эргэлзээ төрүүлэхүйц, нотариатч илт хууль бус үйлдэл хийж нэхэмжлэгчид давуу байдал үүсгэсэн байхад шүүх "Барьцаат зээлийн гэрээ"-ний хугацаа нэг жилийн хугацаатай буюу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл байгуулагдсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлээгүй. М.С-тай нэмэлт гэрээ байгуулаагүй. З.А-ын эхнэр М.С-гаас Д.Б  нь 60 000 000 төгрөг бодитой аваагүй байтал тийнхүү мөнгө авсан мэтээр шүүх дүгнэж шийдвэр гаргахдаа үндэслэл, болгосон буруу. Учир нь хоёр гэрээ байгуулж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Харин шаардах эрхээ өвлөсөн тул энэ хүрээндээ л асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна. Шаардах эрх үүсээгүй байхад алданги тооцох нь буруу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хоёр жилийн хугацаатай байгуулсан гэрээг хугацаа дуусахаас нь өмнө дууссан мэтээр тооцож алданга тооцох нь буруу. Зохигчдыг оролцуулаагүй бодит гэрээ нь зээлдэгч Д.Б , барьцаалуулагч Д.Г , барьцаалан зээлдүүлэгч З.А зэрэг гурван хүний дунд эрх зүйн харилцаа үүсгэсэн байх бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэхдээ талуудыг бүгдийг оролцуулалгүйгээр иргэний хэрэг үүсгэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй, бүрэн дүүрэн шийдвэрлэх зарчмыг зөрчсөн. Талуудын маргаж байгаа гэрээ нь “Барьцаат зээлийн гэрээ” тул барьцааны талаар болон барьцаалбарыг хэрхэх талаар шийдвэрлэх ёстой байсан боловч энэ талаар шүүхийн шийдвэрт огт дурьдсангүй. Энэ хэрэг бол өв залгамжлалын тухай, шаардах эрхийг өвлөсөнтэй холбоотойгоо үүссэн асуудал байсан. Гэтэл шүүх шаардах эрхийг өвлөн авах талаар үндэслэсэн хуулийн заалтыг шийдвэртэй тусгаагүй, дурьдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нөхөр З.А нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байна. Нэхэмжлэгч өвлөх эрхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрчилгээгээр нөхөр З.А-ын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Д.Б , Д.Г нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээний авлагыг шаардах эрхийг олгож авчээ. /хх 15/

Нас барагч З.А болон Д.Б , Д.Г нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 60 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлдэгч Д.Б-д зээлдүүлэх, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлүүлэх, барьцаалуулагч Д.Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Богдхан уул БЦГ, 512.92 м.кв талбайтай газрыг барьцаалжээ. /хх 4/

Шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, уг гэрээний дагуу зээлдүүлэгчээс бодитоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээг зөв тодорхойлж, зээлдэгч нь төлбөрийг тохирсон нөхцлөөр буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Дээрх барьцаат зээлийн гэрээний 1.3-т зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй, 30 000 000 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч талаас дээрх гэрээний хугацааг 2 жилээр байгуулагдсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлож чадаагүй ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргийг хэд хэдэн үүрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шаардах эрхтэй тул хариуцагчаар Д.Б ийг татсаныг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсныг тодруулж бичгээр тэмдэглэснийг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасан талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг шүүх зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/02175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх йхуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ