| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/0019/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч ........ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт .......... холбогдох 2533000100003 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ........ оны ...... дугаар сарын .....-ний өдөр ........ аймаг ....... суманд төрсөн, эрэгтэй, ......... настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, ...... аймгийн ......... сумын ......... баг, “.........” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл 2009 оны 01 сарын 13-ны өдөр ........ аймгийн сум дундын шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын баривчлах ял, 2019 оны 06 сарын 04-ний өдөр тус шүүхийн 39 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6-д зааснаар 500 нэгжээр торгох ял авч байсан гэх ......... овогт ............ (РД:...................)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ......... нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны орой .......... аймгийн ......... сумын .......... багийн нутаг “..........” гэх газарт таарамжгүй харилцааны улмаас эхнэр .......... зодож биед нь зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун дээд, зүүн доод зовхи, баруун дал, зулай, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ........... нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны орой .......... аймгийн ........... сумын ......... багийн нутаг “............” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр ........... зодож биед нь зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун дээд, зүүн доод зовхи, баруун дал, зулай, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1.Хохирогч ......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 16-ны орой манай нөхөр сургуулийн хүүхдийг ........ аймагт хүргэж өгөхөөр яваад би бага насны 2 хүүхдийн хамт хөдөө гэртээ үлдсэн. Маргааш өдөр нь буюу 2024 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр .......... аймгаас ирсэн ба ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу ирсэн. Гэрт орж ирээд би ........ хүн чи муу ....... хүн. Муу сайн Халхчууд муу санаатай гуйлгачин гэх мэтээр надыг доромжилж агсан тавиад байхаар нь би "чи боль одоо ямар хүн чамд шургасан болохоор чи ингэж надыг зовоогоод байгаа юм бэ" гэж хэлээд унтсан нь дээр гэхэд надыг орон дээр түлхэж унагаагаад гараараа миний толгой хэсэг рүү олон удаа цохисон.
Тэгэхээр нь би арай гэж ноцолдож байгаад гараас нь салахад өөрөө орон дээр хэвтээд үлдэхээр нь би хамгийн бага хүүхэд болох 2 настай .......... гэдэг хүүхдийг аваад гэрээсээ зугтаж гараад ертөнцийн зүгээр манай гэрийн баруун урд талд байдаг модтой жалга руу зугтаж ороод өөрийн төрсөн эгч рүү утсаар яриад "миний толгой өвдөж дотор муухайраад байна та эмнэлэг дуудаад өгөөч" гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ тэврээд жалга дотор модны хажууд 02 цаг хүртэл сууж байхад эмнэлгийн машинтай цагдаагийн алба хаагчид ирж надыг авсан. Тэгээд эмч надыг үзээд ............. аймаг руу авч явж нэгдсэн эмнэлэг дээр надыг хүргэж өгчхөөд явсан. Би маргааш өдөр нь буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 5 хоног нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн.
Манай нөхөр .............. миний толгой хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Мөн миний гарын мөр, шуу, буглага хэсэгт хазсан. Манай нөхөр өмнө нь архи уух болгондоо бага хэмжээгээр зоддог байсан. Би эмчилгээ хийлгэхэд нийт ор хоногийн мөнгө болох 200,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),
2.Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 01 цаг өнгерч байхад ........... аймаг ......... сум ............ дугаар баг .......... гэх газарт оршин суух ......... нөхөр ........ нь зодож эрх чөлөөнд халдсан гэх дуудлагад очсон. Тухайн үед бид нар хайж байгаад гэрийнх нь урд байрлах модтой жалгаас олсон. Тухайн иргэн даарсан байсан биеийн халууныг үзэхэд 36,1 градус байсан ил харагдах гэмтэл шарх байгаагүй баруун талын нүд бага зэрэг хавдартай хавдар нь хөхөрч няцарсан зүйл байхгүй байсан ............. хэлснээр толгой хэсэг рүү их цохиулсан гэж ярьсан учраас толгой хэсгийг үзэхэд хавдар болон ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан. Даралтыг үзэхэд 150/100 байсан учраас өвчин намдаах зорилгоор Диклоденк 3.0, пирацетам 5.0, нифидипин 10 мг зэрэг эм болон тариа хэрэглэсэн тэгээд онош тодруулахаар ........... аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжид хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-р хуудас),
3.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),
4. ........... аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн №48 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ............... биед зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун дээд, зүүн доод зовхи, баруун дал, зулай, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлен эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт (хх-ийн 28-29-р хуудас),
5. Гэр бүлийн хүчирхийллийн "Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл", Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 10-11, 12-20-р хуудас),
6.2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ............ аймгийн нэгдсэн эмнэлгийн №202412170322 дугаартай яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 30-р хуудас)
5.Шүүгдэгч ............ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэрт болсон үйлдэл, үйл явдлыг санахгүй байгаа. Би тухайн үед архи уучихсан байсан. Би эхнэрээ зодсон гэдгээ санахгүй байна. Энэ талаар маргааш нь санасан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэв.
Хохирогч ........... нь шүүгдэгч ............ эхнэр бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна.
Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ........... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр ...... зодож биед нь зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун дээд, зүүн доод зовхи, баруун дал, зулай, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ............ нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр ............ биед нь хөнгөн хохирол учруулсан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч ........... гэр бүл хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирогчийн биед учирсан нь зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун дээд, зүүн доод зовхи, баруун дал, зулай, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч .............. хохирогчийн толгой хэсэг рүү олон удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Прокуророос .............. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.
Шүүгдэгч .............. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч эмнэлэгт хэвтсэн 200,000 төгрөг гарсан гэсэн боловч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч ............. гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн 3 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа боловч Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дэх хэсэгт зааснаар 2 дугаар зэрэглэлээр тооцон нөхөн төлбөр гаргуулсан болно. (х.х-ийн 53-55-рт)
Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч ............ архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хохирогч 12-р сард өвлийн хүйтэн үед 2 настай хүүхэд хамт гэрийн ойролцоо жалганд 2 цаг орчим нуугдаж байсныг эмнэлэг цагдаагийн албан хаагчид очиж тусламж үзүүлсэн байгаа нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.3-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хоёрдугаар зэрэглэлийн дагуу тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 3.960.000 төгрөг гаргуулан хохирогч ............. олгож шийдвэрлэлээ. (660,000 х 6= 3.960.000төг)
Хохирогч ............. “............... зодуулсан хэрэгт сэтгэл санаанд учирсан хохирол буюу бусад хохирлыг нэхэмжлэхгүй. Цаашид энэ хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж Цагдаагийн хэлтэст гаргасан тайлбар байна. (х.х-ийн 86-рт)
Дээрх тайлбар хохирогчийн гарын үсгийн үнэн зөвийг баталсан нотариатын баталгаагүй, хохирогчоос авсан мэдүүлэг биш тул хохирогчийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх хуулийн үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ............. нь 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............... 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг .......... аймгийн ............. сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ............ мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ........... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.......... овогт ................. гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ............. 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг ........... аймгийн .......... сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ............ мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.3-д зааснаар ........... 3,960,000 төгрөг гаргуулан хохирогч ............. олгосугай.
5.Хохирогч ........... нь 200,000 төгрөг холбогдох хэсэгт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .............. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
.