| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/41 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Ц |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Янжиндулам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл (томилолтоор),
Шүүгдэгч: С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Ч холбогдох эрүүгийн 2535000000015 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын .....-ны өдөр хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, яс үндэс ...., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шөнийн зах худалдааны төвд нярав ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, У аймгийн У сумын ... дүгээр багийн ............... тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, Б овогт С.Ч /РД:......................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ..... аймгийн .... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар .......УВС улсын дугаартай "Toyota prius-20" загварын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.Ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Ч нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр У аймгийн У сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар ...... УВС улсын дугаартай "Toyota prius-20" загварын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
-Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-12 дахь тал),
-Тээврийн хэрэгслийг эзэмшигчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 14 дахь тал),
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/132 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
-Гэрч С.Ц-н мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дахь тал),
-Гэрч П.Н-н мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
-Гэрч Б.Б-н мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
-Яллагдагч С.Ч-н мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
- Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил тараад гэртээ байж байхад манай гэрт цахилгааны масс гарч гэрийн доторх зүйлс шатаж онцгой байдлын алба хаагчид ирж унтраасан. Гэрт тийм асуудал гарсан учраас бид нар гэр бүлийн хамтаар өөрсдийн машин дотор гэрээ хараад хоносон. Тэгээд машин дотор хоносон учраас манай нөхөр унтахын өмнө 0,5 литрийн нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ганцаараа ууж дуусаад унтсан. Маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 19-ний өглөө 7 цагийн үед би машинаа бариад хүүхдүүдээ Улаангом сумын 2 дугаар баг Огзом гэх газарт байх аавындаа хүргэж өгсөн. Буцахдаа нөхөр С.Ч нь барьсан бөгөөд тухайн үед би жирэмсэн тул миний гэдэс хатуураад байхаар нь мөн урьд орой нь уусан юм чинь архи гарсан байх гэж бодоод өгсөн. Тийм учраас манай нөхөр машинаа жолоодоод Улаангом сум руу орох замд буюу Улаангом сумын 1 дүгээр багийн урт гүүрний ойролцоо засмал замаар явж байхад замын цагдаагийн алба хаагч нар зогсоон шалгаж драйгер багажаар үлээлгэхэд 0,30 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан манай нөхрийг надад хүлээлгэн өгсөн. Манай нөхрийн хувьд 2024 оны 3 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргаж, эрхээ хасуулсан байсан. Харин уг машинд уусан архийг бол гэрээс авч ирээд машин дотор унтахад хүндрэлтэй байсан тул уусан. Гэхдээ ихээр ууж хэрүүл маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Гэрийн зүйлс шатсан учраас сэтгэлээр унаад уусан байх. Харин тэр үед манай 1, 3 настай 2 хүүхэд машины ард унтаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дахь тал),
- Гэрч П.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2024 оноос хойш Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар ажилладаг бөгөөд замын хөдөлгөөнд хяналт тавих, зөрчил илрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж ажилладаг. Үүний дагуу цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 10 дугаар сарын 19-ний 17 цаг хүртэл нисэхийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэх томилгооны дагуу цагдаагийн дэд ахлагч Б.Б-тай хамт Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах постонд үүрэг гүйцэтгэсэн. 2024 оны 12 дугаар сарын 19-ний 10 цагийн үед Улаангом сумын 1 дүгээр багт байрлах урт гүүр буюу Хандгайтаас Улаангом сум руу орох чиглэлийн замд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа "Toyota prius-20" загварын 36-79 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж, жолооч С.Ч нь эрхээ хасуулсан байсан тул тухайн зөрчлийг нь бүртгэж шалгахаар тээврийн хэрэгслийг нь бариад цагдаагийн байгууллага руу явах үед машинаас нь болон тухайн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн хэрэглэсэн эсэх талаар асуухад орой унтахаасаа өмнө машин дотроо уусан гэж жолооч хариулсан тул цагдаагийн байгууллага дээр ирсний дараа замын цагдаагийн тасагт ашиглаж байгаа 6820 загварын драйгер багажаар согтуурлыг шалгахад 0,30 хувьтай байсан тул зөрчил илрүүлсэн тэмдэглэл үйлдэж мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Мөн жолоочийн мэдээллийг X cover загварын төхөөрөмжөөр шалгахад 2024 оны 3 дугаар сард эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
- Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2024 оноос хойш Увс аймгийн цагдаагийн газарт шилжин томилогдсон. Өнөөдрийн хувьд цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 10 дугаар сарын 19-ний 17 цаг хүртэл нисэхийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэх томилгооны дагуу цагдаагийн дэслэгч П.Н-н хамт Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах постонд үүрэг гүйцэтгэсэн. 2024 оны 12 дугаар сарын 19-ний 10 цагаас үед Улаангом сумын 1 дүгээр багт байрлах урт гүүр буюу Хандгайтаас Улаангом сум руу орох чиглэлийн замд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа "Toyota prius-20" загварын 36-79 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг дэслэгч П.Н нь шалгаж, жолооч С.Ч нь эрхээ хасуулсан байсан тул тухайн зөрчлийг нь бүртгэж шалгахаар тээврийн хэрэгслийг нь жолоодож цагдаагийн байгууллага руу авч ирж, замын цагдаагийн тасагт ашиглаж байгаа 6820 загварын драйгер багажаар согтуурлыг шалгахад 0,30 хувьтай байсан тул зөрчил илрүүлсэн тэмдэглэл үйлдэж мөрдөгчид хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
Шүүгдэгч С.Чийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 28-ны орой гэртээ очсоны дараа манай гэрт тогны масс гарч гэрийн доторх зүйл шатсан эхнэр бага хүүхдийн хамт машин дотор хоносон. Гэрийн доторх зүйлс шатаж машин дотор хоноход тухгүй байсан мөн сэтгэл санаагаар унасан байсан тул 0,5 литрийн архи ганцаараа уучхаад унтсан. Маргааш өглөө нь босоод хүүхдээ хүргэхийн тулд өөрийн машинаа бариад явж байхад цагдаагийн алба хаагч зогсоож шалгахад согтолттой байсан тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч алба хаагчийн шаардлагыг биелүүлж, машинаа өөр хүнд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал)-үүдээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ......... дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 16-17 дахь тал )-ээр шүүгдэгч С.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 (нэг) жилийн хугацаагаар хасуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр У аймгийн Ул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Toyota prius-20" загварын 36-73 УВС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн давтамжийн шинжээр гэмт хэрэгт шилжиж байгаа тул урьдах зөрчилд нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь гэмт хэрэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд багтах тул шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдэлж дууссанаар энэ төрлийн ял, шийтгэл биелэгдсэнд тооцохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэрэг нь нийгмийн ёс зүйн үнэт зүйлс, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиг байхгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Шүүгдэгч С.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Ч урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж байсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл, шийтгэвэр (хавтаст хэргийн 14, 16-17 дахь тал)-оор тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч С.Ц-н өгсөн: “...Нөхрийн хувьд урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан зүйл байхгүй. Зөрчил гаргаж эрхээ хасуулж байсан. Архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглээд байдаггүй. Бие эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин байхгүй, элэг өөрчлөлттэй учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа удаан гардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч С.Чд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч С.Чийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг / жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолно.
Шүүгдэгч С.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Чд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч С.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Чд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР