Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/03007

 

 

 

 

 

2018 оны 9 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2018/03007 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 100А байр 10 тоот хаягт оршин суух, Алаг адуу овогт Нямбуугийн Э /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон, Х А СӨХ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байх хугацаандаа аваагүй цалин 253,846 төгрөгийг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э , хариуцагчийн төлөөлөгч Д.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундраа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Х А СӨХ-тэй хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж байцаагч няраваар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч үргэлжлэн сунгагдсаар өнөөдрийг хүрсэн. Манай хотхонд 760 өрхтэй 2600 гаруй хүн амтай маш их хэмжээний талбайтай том хотхон. Энэ хугацаанд 400 мянган төгрөгийн цалинтай бүх тохижилт зүлэг, цэцэг, мод, бут, хөрс, хайс, хашлага, цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, өр авлага, үйлчлэгч жижүүрийг хариуцагч зэрэг бүхий л ажлыг гардан хийлгэсэн. Мөн иргэдийн бүлэг байгуулан ахлагчаар нь ажиллан төслөөс 9,000,000 төгрөгийн санхүүжилт авч сагсан бөмбөгийн талбайг шинээр барьж байгуулсан. Өөрсдийн нөөц бололцоогоор хүүхдийн тоглоомын талбайг ч мөн хийсэн. Энэ ажлуудыг хийхийн тулд 7 хоногт нэг ч өдөр амарч үзээгүй гурван жил гаран ажилласан. Ганц байцаагчтай тул ачаалал ихтэй байдаг.

2018 оны 4 дүгээр сарын 07-нд өмнөх дарга солигдож Б.Даваасүрэн гэгч гүйцэтгэх захирал болсон. Энэ хүн ажил аваад намайг ажлаас хална гэсэн. Би 2018 оны ээлжийн амралтаа авсан. Амралт дуусаад 5 дугаар сарын 20-нд ажилдаа орсон боловч ажил хийхэд маш их хүндрэлтэй, өдөр бүр ажлын байрны дарамтанд ажилласан. Захирал Б.Даваасүрэн нь СӨХ-ны мөнгийг Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй дур мэдэн нэмснээс болж оршин суугчид бухимдан 2018 оны 6 дугаар сарын 13-нд өөрсдөө хурал зохион байгуулан хуралдсан. Энэ хурлаар Б.Даваасүрэнг болон УЗ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнэж бүгдийг солихоор болсон. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 8 цаг 40 минутад ажилдаа очтол намайг оршин суугчдыг ухуулж турхиран хуралдуулсан гээд ажлаас үндэслэлгүй халлаа.

Надад ажилдаа гаргасан алдаа дутагдал, хууль дүрэм зөрчсөн асуудал байхгүй. Оршин суугчид болон хамт олон бүгд мэднэ. 2018 оны 12 дугаар сард миний тэтгэвэртээ гарах хугацаа болох байсан. Гэтэл намайг гэнэт ажлаас халж миний ажилласан жилийг тасалдуулж байгаад би гомдолтой байна.

Ажилд эгүүлэн тогтоож, ажиллаж байх хугацаандаа аваагүй цалин 253,846 төгрөгийг болон ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х А СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Даваасүрэн 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр томилогдон ажил хүлээн авахад тус хотхоны айлуудын СӨХ-ны төлбөр 67,702,874 төгрөг байсан. Н.Э нь СӨХ-нд байгуулагдсан цагаас нь эхлэн байцаагчаар нь ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар байцаагч нь хотхоны айлуудаас СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэлийг сар бүр шаардан сан бүрдүүлэх үндсэн үүрэгтэй ажилладаг бөгөөд Н.Э нь үүргээ хангалтгүй биелүүлж өр үүсгэсэн байсан. Энэ талаар Н.Э д удаа дараа сануулж, өөрийн үүрэгт ажлаа сайн гүйцэтгэхийг шаарддаг боловч байнга эсэргүүцдэг.

Н.Энхтайвар нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, ажлын 24 хоногийн хугацаагаар амарч 5 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон. Түүнийг амарч байх хугацаанд гүйцэтгэх захирал байсан Б.Даваасүрэн түр орлон ажиллаж хотхоны айлуудаас СӨХ-ны өр төлбөрийг шаардаж 15 орчим сая төгрөгөөр бууруулж 52 сая болгож, оршин суугчдаас төлбөрийг шаардаж ажиллавал боломжтой гэдгийг харуулсан.

Харин Н.Э нь ажилд орсон 2018 оны 5 дугаар сарын 20-ноос хойш 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл СӨХ-ны мөнгөний нэхэмжлэлийг шаардах үндсэн үүргээ биелүүлэхгүйгээр, оршин суугчдад эсрэг сурталчилгаа хийж, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр зөвлөл гэж байгуулан, СӨХ-ны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, буруу ойлголт төрүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох фэйсбүүк хуудсаар гүтгэн доромжилж, СӨХ-ны хийсэн ажлыг үгүйсгэсэн байсан.

Н.Э ээлжийн амралтаа эдэлж дуусаад 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 6 дугаар сарын 15 хүртэл 1 сарын хугацаанд 20 орчим сая төгрөг хуримтлуулж, нийт 78 сая төгрөг болгосон.

Их хэмжээний өр үүсгэсэн учраас Х А СӨХ-ны ажилчдын цалинг тавьж чадахгүй, засвар үйлчилгээний ажил хийж чадахгүй, СӨХ-ны хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн.

Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.9-т заасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчил буюу СӨХ-ны мөнгөний өрийг их хэмжээгээр хуримтлуулж удаан хугацаагаар авлага үүсгэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэлийн шаарлдагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч Х А СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Х А СӨХ-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байх хугацаандаа аваагүй цалин 253,846 төгрөгийг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 1,388,682.47 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Х А СӨХ-ны байцаагчаар ажиллаж байсан Н.Э ыг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн тус холбооны гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар тушаалаар ажлаас чөлөөлжээ.

Тус СӨХ-ны хариуцан ажилладаг Харуул Алтай хотхоны тодорхой тооны оршин суугчид СӨХ-ны төлбөрөө төлөөгүйгээс 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд нийт 78,002,647 төгрөгийн төлбөрийн авлага үүссэн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны теллерийн тэмдэг дарагдсан авлагын баримтаар тогтоогдож байна.

Дээрх дүн бүхий төлбөрийг цаг тухайд нь хуримтлуулаагүй, СӨХ-нд авлага үүссэнд нэхэмжлэгч Н.Э ыг дангаар буруутгах боломжгүй буюу Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг тэрээр ажиллаж байх хугацаандаа гаргасан гэж буруутгахад учир дутагдалтай байх тул хариуцагч Х А СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар тушаалыг үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Х А СӨХ болон Н.Э нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний Наймдугаар зүйлийн 8.4.9-д Оршин суугчдаас СӨХ-ны мөнгөний өрийг их хэмжээгээр хуримтлуулж удаан хугацаагаар авлага үүсгэсэн тохиолдолд ажлаас чөлөөлж болно гэж заасан заалт нь дээрх төлбөрийн авлага үүсч хуримтлагдсанаас хойш хөдөлмөрийн гэрээнд тусгагджээ.

Хариуцагч нь 15,782,834 төгрөгийн дүн бүхий 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 20-ны хооронд СӨХ-ны авлагын баримт нэртэй нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, тухайн хугацаанд нэхэмжлэгч Н.Э ээлжийн амралттай байхад дээрх дүнгээр өр төлбөрийг бууруулж, оршин суугчдаас төлбөрийг шаардаж ажиллавал боломжтой гэдгийг харуулсан гэж маргасан боловч энэхүү 15,782,834 төгрөгийн баримт нь төлбөр төлөгдсөн гэж үзэхээргүй буюу оршин суугчдын байр, хаалганы дугаар, огноо, мөнгөн дүнг илэрхийлсэн хүснэгт байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажилласан хугацааны цалин хөлс 253,846 төгрөгийг аваагүй болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Х А СӨХ-ны 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн бодолтын хуудас зэргээр тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан Н.Э ыг Х А СӨХ-ны байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1,388,682.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Э нь Х А СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 109 дүгээр тушаалаар, тус СӨХ-ны байцаагчийн ажилд түр хугацаагаар томилогдсон тул 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1,388,682.47 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнгээс түүний нэг сарын цалин хөлсний дундаж дүнгээр тооцоход ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Н.Э ыг Х А СӨХ-ны байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,388,682.47 төгрөг, ажиллаж байсан хугацааны цалин 253,846 төгрөг, нийт 1,642,528.47 төгрөгийг хариуцагч Х А СӨХ-аас гаргуулж нэхэмжлэгч Н.Э д олгосугай.

 

2.     Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг түүний ажилгүй байсан хугацаагаар буюу 2018 оны 6 дугаар сараас мөн оны 8 сдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Х А СӨХ-нд даалгасугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Х А СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 41,230 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар дансанд төлүүлсүгэй.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА