Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/00331

 

 

 

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/00331

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК-ийн / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХН-д холбогдох,

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөллийн ХХХН, түүний захирал, өмгөөлөгч Г.Гнь Д ХХК-д хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцож, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д ХХК-тай байгуулсан. Д ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн шүүхэд нотлох баримтаар гарган өгөхөд шаардлагатай баримтыг бүрдүүлэхэд хамтран ажиллаж, гэрээний дагуу төлөх төлбөрийг төлсөн билээ.

Харин Г нь гэрээнд заасны дагуу эрх зүйн туслалцаа үйлчилгээг биечлэн үзүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь Д ХХК-ийн эрх ашгийг шүүхэд төлөөлөн ажиллаагүйгээр нотлогдож байгаа болно. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 3.1.6-д “Үйлчлүүлэгчийн ашиг сонирхлын үүднээс эрх зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд үйлчлүүлэгчээс хууль бус шаардлага тавьсан бол биелүүлэхгүй байх эрхтэй” гэж заасан. Гэрээний 5.4-д “Гэрээнд оролцогч тал нь нөгөө талын албан ёсны зөвшөөрөл татгалзлыг бичгээр авалгүйгээр гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ ямар нэгэн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж залгамжлуулж болохгүй” гэж заасан.

Харин Г.Г нь Д ХХК-ийн эрх ашгийг төлөөлөн оролцох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр огт оролцоогүй бөгөөд Д ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд итгэмжлэл олгон оролцуулсан болох нь тухайн иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолд тус тус зааснаар нотлогдож байгаа юм.

Иймд Д ХХК-иас гэрээний дагуу төлсөн төлбөр 2,000,000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Ганболдын Ганбадрахаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Д.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхүй. Өмгөөлөх эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсний дагуу 2 шатны шүүхээр явсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.Гөмгөөлөгч нь өмгөөлж байх хугацаандаа гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах гэх мэтээр хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлж 2 шатны шүүх хуралд оролцсон. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Г.Гөмгөөлөгчтэй байгуулсан. “Х” ХХН-ийг төлөөлөх эрх Г.Гөмгөөлөгчид байхгүй гэдгийг мөн харгалзаж үзнэ үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК, хариуцагч ХХХН-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

            Нэхэмжлэгч Д ХХК, өмгөөлөгч Г.Гнар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, ажиллагч нь Ц.Млийн нэхэмжлэлтэй, Д ХХК-д холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ. Тус гэрээний 1-д “Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цт холбогдох иргэний хэрэгт” гэснийг “Ц.М нэхэмжлэлтэй” гэж хэргийн оролцогчид тодруулжээ.

Зохигч шүүх хуралдааны явцад дээрх гэрээний нэг тал болох өмгөөлөгч Г.Гхыг өмгөөллийн ХХХН болохыг гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж энэ асуудлаар маргаагүй байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хариуцагч ХХХН-ийн хуульчид болох Г.Г, Д.О нар Ц.Млийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох иргэний хэргийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хоёр шатны шүүх хуралдаанд оролцсон болох нь нотлогдож байна. /хэргийн 51-66 дахь тал/

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 107 дугаартай шийдвэрээр Ц.Млийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, тус шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж хэн ч оролцоогүй байна. Тус хэргийн хариуцагч Д ХХК-ийн татгалзал нотлогдоогүй, хариуцагчийн эсрэг шийдвэр гарсан явдал нь хариуцагчийг төлөөлөн оролцсон ХХХН, түүний хуульчдыг гэрээний үүргээ биелүүлээгүй, хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэл болохгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар мэтгэлцэх зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгждэг тул шүүх хуралдааны бусад үед гаргасан хариуцагчийн хууль зүйн үйлчилгээг шүүх хуралдаанаар хязгаарлан үгүйсгэх боломжгүй.

Мөн хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу шүүх гагцхүү анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд, Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг тул хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй байдлыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл болсон гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч ХХХН-ийн захирал өмгөөлөгч Г.Гхэргийн 52, 53 дахь авагдсан нотлох баримтаар Ц.М-лийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн, товд гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчээ үл хүндэтгэсэн буруутай боловч талууд байгуулсан гэрээндээ ажиллагчийн гүйцэтгэх ажил, үүргийг тодорхой, нэг бүрчлэн зааж тохиролцоогүй тул Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн ажлын хөлсийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ХХХН-өөс 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭБИШ