| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Янжиндулам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул,
Хохирогч: Б.Г,
Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-тзаасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т овогт Х-н Б-т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг *** оны *** дугаар сарын***-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны*** дүгээр сарын ****-нд ***** аймгийн ***** суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн ***-р ангид харуулын дарга ажилтай, ам бүл 1, ****** аймгийн ***** сумын ***-р багийн **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ****** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж байсан Т овогт Х-н Б /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө **** аймгийн ******* сумын ******-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их наяд” цогцолборын караокены өрөөнд Б.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь **** оны *** дүгээр сарын ***-оос ***-нд шилжих шөнө *** аймгийн ***** сумын *****-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их наяд” цогцолборын караокены өрөөнд Б.Г-г зодсон болох нь:
Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Караокены өрөөнд А, А-н найз эмэгтэй, Б бид 4 байсан. Би архи их уугаад согтчихсон байсан болохоор юунаас болж маргалдсан болохыг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд намайг буйдан дээр сууж байхад Б намайг чиглэж ирээд миний ам руу өвдөг хэсгээрээ хоёр удаа өвдөглөсөн. Би урдаас нь барьцалдаж гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиод А, түүний найз эмэгтэй, Б бид 4 кароекеноос гарсан. Маргааш нь А уулзаж юу болсон талаар асуухад “Б та хоёр кароеке дотор маргалдаад Б чиний шүдийг цохьсон. Тэгээд амнаас чинь цус гараад байсан болохоор бид нар кароекеноос гарахдаа би танай ах Г-ын ******* дугаарын утас руу залгаж дуудчихаад Б та хоёрыг үлдээгээд, би найз эмэгтэйгийн хамт гэр рүүгээ явчихсан” гэж хэлсэн. Тэгээд Б-тай утсаар яриад А-ийн хамт очиж уулзаж “Чи намайг цохиод миний шүдийг хугалаад хаячихсан байна ш дээ. Нэг шүд хөдөлчихсөн байна” гэж хэлэхэд Б “харин тиймээ чи надтай маргалдаад байхаар нь цохичихсон юм. Миний буруу намайг уучлаарай. Би чамд учирсан хохирлыг барагдуулна” гэж хэлсэн. Б бид хоёрын хоорондох асуудал 2024 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө болсон юм. Тухайн өргөдлийг би хэлж, хамт хоригдож байсан хүнээр бичүүлсэн. Тухайн хүн миний өргөдлийг бичихдээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон гэж бичсэн байсан. Б надад учирсан хохиролд миний данс руу 200,000 төгрөг, миний төрсөн ах Б.Г-ын данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Одоо Б-ээс нэхэмлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг гаргуулахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 21, 23 дахь тал),
Хохирогч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Караоке ороод байж байгаад н.А гэх хүнтэй хувийн маргааны улмаас маргалдаж байтал Х.Б орж ирээд намайг салгаад буйдан дээр дараад цохисон. Би түрүүлж ямар нэгэн цохилт хийгээгүй. Х.Б-г миний шүд рүү цохисны дараа би Х.-г урд талаас нь нэг цохисон. Цагдаа дээр 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Тэгээд мөрдөн байцаалтын шатанд 2,200,000 төгрөг төлсөн. Одоо 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Хугарсан шүдээ хийлгэнэ. Шүдээ үзүүлж байхад эмч нь 5,000,000 төгрөгөөр эмчилнэ гэж хэлсэн. Нэхэмжлэх эрхээ нээлттэй үлдээж байгаад гарч ирээд шүдээ хийлгэх бодолтой байна” гэв.
Гэрч Н.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Г, Х.Б нартай найз нөхдийн харилцаатай. Манай гэрт Б.Г, эгч А.О бид гурав байхад Б.Г найз Х.Б-ийн утас руу залгаж, манай гэр лүү дуудсан. Х.Б ирэхдээ 2.4 литрийн пиво авч ирсэн. Тэгээд бид 4 манай гэрт Б-н авч ирсэн 2.4 литрийн пиво ууж хоорондоо ярилцаж байгаад кароаке орохоор болсон. Тэгээд Бахытбек, А.О, Б.Г бид 4 гэрээс гараад Улаангом сумын 11 дүгээр багт байрлах “Их наяд" нэртэй кароаке рүү орсон. Б, Г 2 гарч тамхи татахад нь би хамт гарчихаад өрөөндөө орж ирээд сууж байтал Г миний хацар луу алгадсан. Яагаад алгадсаныг би мэдэхгүй. Б.Г намайг алгадсаны дараа Б, Г-тай барьцалдаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа өвдөглөсөн. Тэгтэл Г-ын амнаас цус гарч эхэлсэн бөгөөд Б, Г хоёр барьцалдахаа больж, Б, Б.Г, А.О бид 4 караокеноос гарсан. Караокеноос гараад Б.Г-ын цусыг цэвэрлэхэд урд талын 2 шүд хөдөлгөөнтэй байсан. Б.Г “Чи намайг цохиод миний шүд хөдөлчихлөө, одоо ингээд хоорондоо учраа олъё үгүй гэвэл цагдаагаараа явъя” гэж хэлэхэд Б “Би цагдаагаар явах юм бол ажилгүй болно, би чамд учирсан хохирлыг барагдуулах болно” гэж хэлсэн. Б.Г бид хоёр Э эмнэлгийн эмчид үзүүлэхэд 2 шүд нь хөдөлж байсан бөгөөд нэг шүдийг нь авсан, одоо нэг шүд нь хөдөлгөөнтэй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б-ын Г 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хажуудаа нэг эмэгтэй хүнтэй хамт манай эмнэлгээр ирж үзүүлсэн. Б.Ганбатын төвийн 2 үүдэн шүд нь гэмтсэн байсан. Рентгенд зураг авч харахад 1, 1-р шүд 2,1-р шүд хөндлөн гэмтэж хугарсан байсан. 1,1-р шүд нь тогшилтонд хөндүүр хөдөлгөөнгүй 1-р зэргийн, 2,1-р шүд 4 дүгээр зэргийн хөдөлгөөнтэй байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Б.Г-ын 2,1-р шүдийг хэсгийн мэдээ алдуулалтын доор авч зөвлөгөө өгсөн. 1,1-р шүдийг аваагүй. Эмчлэх боломжтой Б.Г-д эмчилгээ хийвэл бэхжих боломжтой талаар зөвлөгөө өгөөд тухайн шүдийг аваагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал),
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А 2024 оны 9 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө 01:00 цагийн үед миний утас руу залгаад “Танай дүү чинь Их наядад хүнээр зодуулчихлаа. Ирж авмаар байна” гэж хэлэхээр нь “Та 2 хаана байна?” гэж асуухад Нэгдсэн эмнэлгийн зогсоол дээр гэж хэлэхээр нь очиход миний дүү Б.Г ганцаараа зогсож байсан. Б.Г нэлээн согтчихсон байсан болохоор хэнээр зодуулсан талаар асуухад хариу өгөхгүй байсан. Маргааш нь би ажлаас ирэхэд Б.Г шүдээ авахуулчихсан байсан. Хэнээр зодуулсан талаар асуухад “Найз Б гэх залуу цохисон” гээд дугаарыг нь өгсөн. Би утас руу залгаад “Чи Г-ыг цохисон юм уу?” гэж асуухад Б “тиймээ” гэж хэлсэн. Би Б-т хандаж “Чи хүн цохичихоод ирж, ар гэрийн хүмүүстэй уулздаггүй юм уу?” гэж асуухад “Уулзна ах. Надад зав болохгүй байна” гэж хэлсэн. Мөн тухайн өдөр Б гэх залуу дүү Б.Г-ын дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
Шүүгдэгч Х.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би яллах дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Ерөнхийдөө караокед ороод суухдаа уух юмыг нь би өөрөө авч өгсөн. Тэгээд гараад буцаад ороод ирэхэд Б.Г, Н.А гэх хүнтэй маргалдаад 1-3 удаа алгадсан. Тэгээд эмэгтэй хүнийг, өөрийнхөө ээж шиг, эгч шиг хүнийг зодож байгааг тэвчиж чадахгүй болиоч гэхэд намайг казак гэхээр нь чи юу гээд байгаа юм бэ? гээд татаж авсан чинь буйдан дээр уначихсан. Намайг цохихоор нь би зөрүүлээд өвдөглөчихсөн. Хохирлын талаар анх 200,000 төгрөгийг өгсөн. Дахин байцаагчтайгаа уулзахад 2,000,000 төгрөг өгвөл гомдолгүй гэх бичиг гаргаж өгнө гэхээр би 2,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд гомдолгүй гэх бичиг авсан. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөх боломж байхгүй” гэх мэдүүлэгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ***** оны **** дүгээр сарын ***-ны өдрийн ***** дугаартай “Үзүүлэгч Б.Г-ын биед үүдэн дээд зүүн 1 дүгээр шүд буюу 21 дүгээр шүдний булгаралт, баруун дээд 1 дүгээр шүд буюу 11 дүгээр шүдний ёзоор хэсгээр хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Үүдэн дээд зүүн 1 дүгээр шүд буюу 21 дүгээр шүдний булгаралт, баруун дээд 1 дүгээр шүд буюу 11 дүгээр шүдний ёзоор хэсгээр хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх шүдний булгаралт гэмтэл нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 5.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал)-ээр шүүгдэгч Х.Б-ийн нь хохирогч Б.Г-ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Г нь шүд хийлгэх эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хор уршгийн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Х.Б нь хохирогч Б.Г-д 2,200,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.Г нь баруун дээд 1 дүгээр шүд буюу 11 дүгээр шүдээ авахуулсан бөгөөд уг шүдийг орлох хиймэл шүд хийлгэх шаардлага үүссэн байна.
Иймд хохирогч Б.Г нь уг шүдээ хийлгэхэд нөхөн төлөгдсөн байгаа 2,200,000 төгрөгөөс давсан хор уршиг /зардал/-ийн талаар нотлох баримт баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1692 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 66-70 дахь тал)-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээгэх албадлагын арга хэмжээ авагдаж байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Бахытбек нь урьд албадлагын авагдаж дуусгавар болсон тул ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Шүүхээс шүүгдэгч Х.Б-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 900 /есэн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есэн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Х-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Б-т 900 /есэн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900.000 /есэн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.Б нь 2,200,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Б.Г нь шүд хийлгэтэй холбоотой 2,200,000 төгрөгөөс давсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иигэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ