Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Янжиндулам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Д-н Б-д  холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны ***дугаар сарын ***-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, яс үндэс Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, **** аймгийн **** сумын *** дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн З овогт Д-н Б/РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь ******* аймгийн ****** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Улаан энгэр" гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газраас **** оны **** дугаар сарын ***-ний өдөр мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 4.6708 метр куб буюу 65 ширхэг хуурай шинэс модыг бэлтгэж, Зил-131 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 4.794.056 /дөрвөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга тавин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байхдаа согтуугаар **** аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт *** оны *** дугаар сарын ***-ний өдөр ЗИЛ-131 маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г Улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

1.1. Улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн **** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Улаан энгэр" гэх нэртэй газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 4.6708 метр куб буюу 65 ширхэг хуурай шинэс модыг бэлтгэж, Зил-131 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээр ***** сумын төв рүү тээвэрлэсэн болох нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 44-48 дахь тал/,

-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 49-52 дахь тал/,

-Эд хөрөнгө Зил 131 маркийн **** улсын дугаартай автомашин битүүмжилсэн тухай тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хавтас хэргийн 54 дэх тал/,

-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 55-58 дахь тал/,

-Эд хөрөнгө 65 ширхэг хуурай шинэс мод битүүмжилсэн тухай тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хавтас хэргийн 59-60 дахь тал/,

-Эд зүйл ***** тоот мод бэлтгэх эрхийн бичиг хурааж авсан тэмдэглэл /хавтас хэргийн 61 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** аймгийн ****сумын **** дугаар баг Улаан энгэр нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон тул тухайн газраас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр **** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэж болохгүй. Хэрэв мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн болно. Д.Б нь **** аймгийн **** сумын *** дугаар багийн Улаан энгэр нэртэй газраас түлээний зориулалттай модыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд бэлтгэж, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд тээвэрлэхээр мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мод бэлтгэж тээвэрлэж хууль зөрчсөн үйлдэл гаргасан” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 82 дахь тал/,

- Гэрч Л.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Б нь өмнө нь авсан мод бэлтгэх **** дугаарын эрхийн бичигт ямар нэгэн сунгалт хийлгээгүй, мод бэлтгэх эрхийн бичиг зогсоосны дараа над руу утсаар залгаж талбай хаасан уу? Би хоёр дахь модоо бэлтгэж авч чадаагүй гэж асуухаар нь би түүнд хандаж хаасан, одоо мод бэлтгэж болохгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

-Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Д.Б ах надтай ижил Улаан энгэр нэртэй газраас мод бэлтгэж өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн **** улсын дугаартай автомашинд ачиж сумын төв рүү явж байсан. Д.Б бид хоёр тус тусын мод ачсан автомашинтай ******* сумын төвд явж байгаад цагдаагийн алба хаагчтай тааралдаж мод бэлтгэх эрхийн бичиг шалгуулсан ба мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан үед мод бэлтгэсэн байна гэж хэлсэн. Д.Б ах надтай ижил Улаан энгэр нэртэй газраас мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн ****** улсын дугаартай автомашинд ачиж сумын төв рүү явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 84 дэх тал/,

-Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Д.Б-н хамт 2024 оны 10 дугаар сарын 31- ний өдөр ********аймгийн ******* сумын 3 дугаар баг Улаан энгэр нэртэй газарт мод бэлтгэж, ачиж дуусчхаад өөрт байсан Ерөөл нэртэй 0.5 литрийн архийг задалж Д.Б-н хамт хувааж уусан. Түүний дараа Д.Б нь өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 ***** улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад **** сумын төвд явж байгаад цагдаагийн алба хаагчтай таралдаж мод бэлтгэх эрхийн бичиг шалгуулсан ба Д.Б-г мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан үед мод бэлтгэсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 86 дахь тал/,

-Гэрч А.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *****аймгийн ********** сумын 5-р багийн нутаг сумын төв рүү орох зам буюу зүүн гүүрний орчимд ахлах ахлагч Э.Х хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. тухайн хугацаанд 21:00 цагийн орчим тухайн автомашинуудыг зогсоож шалгахад Зил-131 загварын автомашинууд түлшний мод ачсан байдалтай сумын төв рүү орж ирж байсан. Мод бэлтгэх эрхийн бичгийг асууж шалгахад Б.Д, Б.Н, Д.Б нар нь мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан байхад зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгээд сумын төв рүү орж ирсэн байсан”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Гэрч Э.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Б нь Зил-131 маркийн 65-48 улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Тухайн өдөр Д.Б-г зогсоон мод бэлтгэх зөвшөөрлийг миний бие шалгасан бөгөөд 24068034 дугаарын 16 метр куб хэмжээтэй модыг 10 сарын 18-20-ны хооронд бэлтгэх эрхийн бичигтэй байсан ба мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 93 дахь тал/,

-Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 18, 19-нд цас орж зам халтиргаатай болсон учраас модоо бэлтгэж, авч чадахгүй явсаар байгаад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бэлтгэж авсан. Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн Зил 131 маркийн ***** улсын дугаартай автомашинтай ганцаараа ****** сумын *** дугаар баг Улаан энгэр нэртэй газарт очиж ***** дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан модыг бэлтгэсэн ба мөн газарт мод бэлтгэж байсан Б.Н-н эзэмшлийн дружба хөрөөгөөр мод тайрч, Зил-131 маркийн ***** улсын дугаартай автомашинд ачсан. Би мод бэлтгэж дуусаад Б.Н-н эзэмшлийн дружба хөрөөг буцаан өгөхөөр очиход Б.Н Ерөөл нэртэй литрийн архи задалж Б.Н бид хоёр хувааж уучхаад тус автомашиныг жолоодож ***** сумын төв рүү явсан. Зил 131 маркийн ***** улсын дугаартай автомашин нь Лха Тоном ХХК-ний нэр дээр байдаг бөгөөд тухайн компани хашаанд асдаггүй, эвдэрчихсэн муу машин байсныг би 1500.000 төгрөгөөр 2003 онд 06 дугаар сард худалдан авч өөрөө засвар үйлчилгээ хийж эд ангиудыг сольж байж явдаг болсон. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байнагэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122 дахь тал/-үүдээр тогтоогдож байна.

Мөн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэхээр хуульд заасан байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-т “Гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалтыг зөрчиж мод бэлтгэсэн  бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” хэмээн хууль тогтоогч хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Д.Б нь ******* аймгийн ***** сумын***** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Улаан энгэр" гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газраас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мод бэлтгэх эрх зөвшөөрөлгүйгээр 4.6708 метр куб буюу 65 ширхэг хуурай шинэс нэртэй шилмүүст мод бэлтгэсэн үйлдэл зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэдэгт хамаарна.

Зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Д.Б эрх зөвшөөрөлгүйгээр 4.6708 метр куб буюу 65 ширхэг хуурай шинэс мод бэлтгэсэн, Өндөрхангай сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн бол” гэж заасан байна.

Монгол Улсын Их хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Хан Хөхийн нурууг Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан тул шүүгдэгч Д.Б-н хууль бусаар мод бэлтгэсэн ****** аймгийн ******** сумын **** дугаар багийн нутагт хамаарах “Улаан Энгэр” гэх нэртэй газрыг Улсын тусгай хамгаалалттай газар гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

1.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар ***** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗИЛ-131 маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

 -Гэрч А.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ***** аймгийн ***** сумын 5-р багийн нутаг сумын төв рүү орох зам буюу зүүн гүүрний орчимд ахлах ахлагч Э.Х хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. 21:00 цагийн орчим Зил 131 загварын автомашинаар түлшний мод ачсан байдалтай сумын төв рүү орж ирж байсан. Д.Б-г зогсоон шалгах үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул Д.Б-г цагдаагийн тасаг дээр авч ирж согтуурлыг шалгахад 0.93% согтолттой байсан юм” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Гэрч Э.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* сумын 5-р багийн нутаг сумын төв рүү орох зам буюу зүүн гүүрний орчимд дэд ахлагч А.А-н хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Д.Б нь Зил-131 маркийн ****** улсын дугаартай автомашин жолоодож явсныг зогсоон шалгах үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж үнэртэж байсан тул Д.Б-г цагдаагийн тасаг дээр авч ирж согтуурлыг шалгахад 0.93% согтолттой байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 93 дахь тал/,

-Гэрч Г.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Бнь мод бэлтгэх ажил хийж дуусаад нэрийг нь анзаарч хараагүй 0.5 литрийн архи Н гэх залуутай хувааж уучхаад өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн ****** улсын дугаартай автомашиныг жолоодож сумын төв рүү явж байгаад цагдаагийн алба хаагчид шалгуулж байхыг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

-Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Д.Б-н хамт 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ***** аймгийн **** сумын ***** дугаар баг Улаан энгэр нэртэй газарт мод бэлтгэж дуусчхаад өөрт байсан Ерөөл нэртэй 0.5 литрийн архийг задалж Д.Б хамт хувааж уусан. Түүний дараа Д.Б нь өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 ******** улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад цагдаагийн албан хаагч нартай тааралдаж согтуурал хэмжих багаж үлээж шалгуулахад Д.Б 0.93% согтолттой гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 86 дахь тал/,

-Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би мод бэлтгэж дуусаад Б.Н-н эзэмшлийн дружба хөрөөг буцаан өгөхөөр очиход Б.Н Ерөөл нэртэй архи задалж Б.Н бид хоёр хувааж уучхаад  автомашинаа жолоодож ******** сумын төв рүү явсан. Би замын хөдөлгөөнд оролцоод явж байхад цагдаагийн алба хаагч зогсоон шалгаж согтуурал хэмжих багаж үлээлгэж шалгахад 0.93% согтолттой гарсангэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122-р хуудас/-үүдээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.

Шүүгдэгч Д.Б нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/548 шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, мэдээллээр жолоодох эрх хасагдсан” гэх лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 6 дахь тал)-ээр нотлогдож байгаа тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б-н 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа *** аймгийн ****** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ЗИЛ-131 маркийн 65-48 УНГ улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр  шүүгдэгч Д.Б-н бэлтгэсэн 4,6708 метр куб хэрэглээний, хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 4.794.056  төгрөг болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Д.Б-н ойн санд учруулсан бодит хохирол болох 4,794,056  төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 14,382,168 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээс хохирол нөхөн төлөх зорилгоор завсарлага авч 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Байгаль орчин-уур амьсгалын сан”-ийн ******* тоот дансанд 2,000,000 төгрөгийг “Д.Б РД*******” гэх утгаар шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн 1 ширхэг баримт, мөн  ******* сумын Байгаль орчин бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.А 3 жилийн хугацаанд 12,382,168 төгрөгийг төлж барагдуулахаар “Хохирол нөхөн барагдуулах гэрээ” байгуулан шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь Байгаль орчин-Уур амьсгалын санд 2,000,000 төгрөг төлсөн болохыг, үлдэх 12,382,168 (арван хоёр сая гурван зуун наян хоёр мянга нэг зуун жаран найм) төгрөгийг Байгаль орчин-Уур амьсгалын санд 3 /гурав/ жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан болохыг тус тус дурдаж, энэхүү үүргээ биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь зүйтэй.

2. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- заасан “Улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд дээрх зүйл, заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Б урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11  дүгээр сарын 06-ны  өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 144-145 дахь тал)-оор тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Н-н өгсөн: “...Д-н Б нь *** аймгийн ****** сумын 1 дүгээр багийн иргэн боловч тус сумын 5 дугаар баг "Наран ургах" хороололд өөрийн эзэмшлийн хашаанд, 5 ханатай Монгол гэрт, эхнэр Д.С, хүү Б.Н, охин Б.У нарын хамт амьдардаг. Эхнэр Д.С нь өнөө, маргаашгүй амаржих дөхчихсөн бие давхар хүн байгаа. Д.Б нь ******* сумын төвд нэг айлын хашааны газар, 5 ханатай Монгол гэр, "ЗИЛ-131” маркийн автомашин, "Приус-20” маркийн автомашин, бог, бод нийлсэн 100 гаруй мал зэрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй учир өөрийн эзэмшлийн "ЗИЛ-131" маркийн автомашинаараа сумын иргэдийн модыг бэлтгэж өгч, олсон хөлс мөнгөөрөө ар гэрээ тэжээдэг. Д.Б нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн, эелдэг боловсон харьцаатай, энгийн, хүмүүстэй сайн харилцаатай, хүүхдүүдтэйгээ их дотно, эелдэг зөөлөн харилцдаг, хүмүүсийн эвийг олоод харилцдаг, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зан аашгүй, тусархуу, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг. Эрүүл мэндийн хувьд зүрх өвддөг, толгой нь салгалаад байдаг Өөрөөр биеийн хөгжил хэвийн. Сэтгэцийн хувьд эрүүл” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал) хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар 2 жил зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус  зааснаар шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг оногдуулсан 2 жил зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил зорчих эрх ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг  3 жилийн хугацаагаар тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух **** аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс  явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 5 хоногийн ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 3 жил 8 сар 05 хоногоор тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Б хууль бусаар бэлтгэсэн 4.6708 метр куб шинэс мод, уг модыг тээвэрлэсэн авто машин нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарч байна.

Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр Д.Б-н бэлтгэсэн 4,6708 метр куб хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 4.794.056 төгрөг болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-н хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл болох 65-48 УНГ улсын дугаартай, 1988 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд  монгол орж ирсэн Зил-131 маркийн авто машин нь 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн үнэтэй бөгөөд шүүгдэгч Б.Н-н өмч болох нь тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4,794,056 төгрөгийн үнэ бүхий 4,6708 метр куб, 65 ширхэг хуурай шинэс мод,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий  ЗИЛ-131 авто машиныг тус тус хурааж ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ****** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг  хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар 2 /хоёр/ жил зорчих эрх хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т тус тус  зааснаар шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг оногдуусан 2 /хоёр/ жил зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил зорчих эрх ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг  3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хасах ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 05 /тав/ хоногийн ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сар 05 /тав/ хоногоор тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Д.Б-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух *** аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс  явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Д.Батмөнх нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид   оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Д.Б нь хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, үлдэх 12,382,168 төгрөгийг 2027 оны 11 дүгээр сарын 20-ны дотор хэсэгчлэн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан болохыг тус тус дурдаж, энэхүү үүргээ биелүүлэхгүй шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4,794,056 төгрөгийн үнэ бүхий 65 ширхэг хуурай шинэс мод,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий  ЗИЛ-131 авто машиныг тус тус хурааж ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ****** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ