Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2433

 

МАГАДЛАЛ

 

2018.12.10                                                 Дугаар 2433                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03178 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч П ХХК-д холбогдох,

 

Гэрээ цуцалж, учирсан хохирол 8 588 682 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс 8 004 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,  

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зуслангийн байшин бариулахаар төлсөн төлбөрийнхөө зөрүү болох       8 588 682 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэгч нэхэмжилж байна. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр П ХХК-ийн захирал Д.И-той , Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сэлхийн зусланд өвөл зуны 7х7 хэмжээтэй байшинг 45 хоногийн хугацаанд бариулахаар гэрээ хийж, гүйцэтгэгчийн шаардлагын дагуу 2017 оны 05 дугаар сарын 03-нд 12 450 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 16-нд 12 450 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 02-нд 12 450 000 төгрөг гээд нийт 37 350 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4 150 000 төгрөгийг түлхүүр гардаж авахад төлөх нөхцөлөөр тохиролцсон. Гэтэл байшин барьж дуусгалгүй орхин хэтрүүлж 1 жил боллоо. Утасны дугаар нь ажиллахгүй болсон болохоор гэрээр нь очиж 1 удаа амаар, 2 удаа бичгээр хугацаанд нь дуусгаж өгөхөөр болсон боловч 3 удаагийн тохирсон хугацаандаа барьж дуусгаж өгсөнгүй. Саяхан шинээр солигдсон утсыг эгчээр нь дамжуулан олж ярихад дуусгаж чадахгүй гэж хэлсэн. Тиймээс Б.Б дутуу орхисон сууцан дээрээ Д ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн болно. Д ХХК-ийн үнэлгээний ерөнхий дүн 35 427 297 төгрөг гэж гарсан. Иймд миний одоогоор төлсөн буй 37 350 000 төгрөгөөс тус үнэлгээний компаний гаргасан дүнгийн зөрүү болох 1 922 704 төгрөгийг нэхэмжилж байна. Бидний амаар тохиролцсоны дагуу тээвэр, машин ашиглалтыг үнэ төлбөргүй хийж өгнө гэсэн. Үнэлгээний компаний гаргасан тээвэр 1 991 600 төгрөг, машин ашиглалт 1 053 159 төгрөг, нийт 3 044 759 төгрөгийг мөн нэхэмжилсэн байна. Мөн Д.И нь П ХХК-ийн нэрээр гэрээ хийсэн боловч хувь хүний дансаараа мөнгийг авсан тул Д ХХК-ийн гаргасан     НӨАТ-ын 10 хувь болох 3 621 219 төгрөгийг төлөөгүй учир нийт дүнгээс хасуулж тооцон гаргуулан авахаар нэхэмжилж байна. Нийт 1 922 704+3 044 759+3 621 219=8 588 682 төгрөг, Б.Б П ХХК-иас 8 588 682 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч анх зуслангийн байшин барина гэж тохирсон боловч иргэн Б.Б-ын байшин бариулах газар нь эвдрэл ихтэй тэгшилж янзлах ажиллагаа ихтэй, хашаагаа тэгшлүүлж зам тавьж өгөх мөн цахилгаангүй байсан тул шинээр шугам татах, бохирын шугам татах, хүнд машин механизм болон тээврийн хөлсний зардлыг өөрөөсөө гаргасан, байшинг барьж эхлэхээс өмнө эдгээр ажлыг хийж гүйцэтгэж өгөөч төлбөрийг төлнө гэсний дагуу урьдчилж авсан төлбөрөөс дээрх ажлуудыг хийж гүйцэтгээд хийсэн ажлынхаа төлбөрийг төл гэхээр удахгүй өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Урьдчилан Бохирын цооногын нүх ухсан 850 000 төгрөг, бохирын цооногоос гарсан шороог зайлуулсан 240 000 төгрөг, торлог зайлуулж шороо дэвсэж зам тавьж нягтаршуулахад 2 480 000 төгрөг, сууринд дайрга дэвсэж дүүргэх 320 000 төгрөг, түр цахилгаан татхад цахилгааны утас 384 000 төгрөг, зураг төсөл хийхэд 1 500 000 төгрөг, тээврийн зардалд 2 230 000 төгрөг, нийтдээ 8 004 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах гэхээр өнөөдрийг хүртэл хойшлуулсаар ирсэн. Иймд Б.Б-аас нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 8 004 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг имэйлаар явуулж 41 500 000 төгрөгөөр нийт ажлыг гүйцэтгэхээр тохирсон байтал сүүлд нэмж гүйцэтгэсэн ажил гэж 8 004 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2, 350 дугаар зүйлийн 350.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П ХХК-иас 8 588 682 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэгч Б.Б-аас 8 004 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Б-аас төлсөн 152 368 төгрөг, хариуцагч П ХХК-иас төлсөн 143 015 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас 152 368 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Гаргаж өгсөн нотлох баримтуудад байшин барихаас өмнө болон нэмж хийсэн ажлын зураг төсвүүд байгаа бөгөөд тус нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан байна. Нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй мөн шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй зөвхөн нэкэмжлэгчийн тайлбарын дагуу шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Хэрэв шүүх нотлох баримт хангалттай, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулан шийдвэр гаргасан бол түүнийхээ үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгах байсан. Иймд хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримт болон хэргийн үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч П ХХК-д холбогдуулж гэрээ цуцалж, учирсан хохирол 8 588 682 төгрөг гаргуулах, хариуцагч нь нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс   8 004 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтад талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гүйцэтгэгч болох хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхэд 7х7 хэмжээтэй амины орон сууц барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч ажлын хөлс 41 500 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн тул уг гэрээний үндсэн дээр захиалагч Б.Б нь 37 500 000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлжээ. Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хуулийн үндсэн зохицуулалт ажлын үр дүнг хүлээлгэж өгөх тул гүйцэтгэгч байгууллага энэ үүргээ зохих ёсоор биелүүлсэн, бохирын цооногийн нүх уххад 850 000 төгрөг, бохирын цооногоос гарсан шороог зайлуулахад 240 000 төгрөг, торлог зайлуулж шороо дэвсэж зам тавьж нягтаршуулахад 2 480 000 төгрөг, сууринд дайрга дэвсэж дүүргэх 320 000 төгрөг, түр цахилгаан татахад цахилгааны утас 384 000 төгрөг, зураг төсөл хийхэд 1 500 000 төгрөг, тээврийн зардалд 2 230 000 төгрөг, нийтдээ 8 004 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Хариуцагч нь уг тайлбарт зааж буй дээрх үйл баримтыг нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэн төлбөр төлсөн талаар шүүх зөв дүгнэсэн байна. Хариуцагч байгууллага дээрх ажлыг дутуу гүйцэтгэсэн, ажлаа хүлээлгэж өгөөгүй тул хариуцагчийн дутуу орхисон ажилтай холбоотой гаргасан зардлаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохиролд тооцон шаардах эрхтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Д ХХК-иар хөрөнгийн үнэлгээний тайлан, төсөвт өртгийн нэгдсэн тооцоо гэсэн дүгнэлтийг гаргуулсан байна. Хариуцагч байгууллага нь Д ХХК-ийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй эсэх талаар маргасан боловч тус байгууллагын гаргасан дүгнэлтийн талаар маргаагүй учраас шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь зөв байна.

Гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол шаардсан байхад шүүх нэгэнт дуусгавар болсон гэрээг цуцлахтай холбоотой хуулийн зохицуулалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь оновчтой биш байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “345 дугаар зүйлийн 345.2, 350 дугаар зүйлийн 350.1.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 382 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

        М.НАРАНЦЭЦЭГ