Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/02138

 

 

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/02138

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж м ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 934.735,69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жм ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Тус компани нь Б ХХК-тай 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тоот үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 7 ширхэг дараа төлбөрт үйлчилгээний дугаарыг барьцаа бүртгэлийн хураамжаас 100 хувь чөлөөлж олгосон. Гэвч Б ХХК нь гэрээний дагуу ашигласан 7 дугаарын ярианы төлбөрийг төлөөгүй тул бид гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа утсаар болон албан бичгээр шаардсан боловч төлөөгүй. Иймд Б ХХК-аас гэрээний дагуу дугаарын ярианы төлбөр болон гэрээний 6.2-т заасан алдангийн хамт нийт 934.735,69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Талуудын байгуулсан гэрээний 7.2, 7.3, 7.3.1-д зааснаар гэрээний хугацаа дуусч гэрээ дуусгавар болсон, мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын итгэмжлэгдсэн т өлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Ж м ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 934.735,69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний хугацаа дуусч гэрээ дуусгавар болсон, шаардлага гаргах хөөн хэлэлцэх өнгөрсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Ж м ХХК нь үүрэн холбооны үйлчилгээг үзүүлэх, хариуцагч Б ХХК нь үйлчилгээний төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ /хх- 8-13/.

 

Талууд дугаар ашиглан үйлчилгээ үзүүлэх, авахаар гэрээний хавсралтаар баталгаажуулжээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д тодорхойлсон худалдах, худалдан авах гэрээ байх ба талууд гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх, түүнчлэн уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид үйлчилгээ үзүүлсэн эсэх талаар шүүхэд маргаагүй.

 

Харин гэрээний төлбөр тооцооны асуудлаар маргаантай байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг худалдагчид төлөх үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэлд хавсаргасан төлбөрийн нэхэмжлэх баримтад 7 дугаарын үндсэн болон алдангийн төлбөр, тэдгээрийн хамрах хугацааг дэлгэрэнгүй тусгажээ /хх-7/.

 

Дээрх тооцоог гэрээний хавсралт дахь дугааруудтай тулгаж үзэхэд хавсралтад тусгагдаагүй дугаарын төлбөрийг нэхэмжилсэн байх ба уг дугаарыг хариуцагч байгууллага ашигласан гэж үзэх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй.

 

Түүнчлэн дугаарын 2008 оны 11-12 дугаар сарын,  дугаарын 2013 оны 01-02 дугаар сарын төлбөрийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасантай нийцээгүй байх ба хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзаж байгааг мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар буруутгах үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/04-0377 дугаар мэдэгдэх хуудсыг хавсаргасан байх боловч уг баримтыг хариуцагчид хэрхэн хүргүүлснээ шүүхэд нотлоогүйгээс гадна хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлд хамаарахгүй байна.

 

Харин дээрх тооцоон дахь дугааруудын төлбөрийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж маргахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Талуудын байгуулсан гэрээний 5.4, 5.5-д тухайн сарын төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор илгээсэн нэхэмжлэхийг үндэслэн 20-ны өдрийн дотор төлөх, мөн гэрээний 6.2-д хэрэглэгч байгууллага нь ярианы төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн нийт дүнд 0.1 хувийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ. Иймээс гэрээнд заасан нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги төлөхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь гэрээний 7.2, 7.3, 7.3.1-д заасныг үндэслэн нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дууссан, талуудын аль нэгнээс гэрээг цуцлах санал гаргаагүй учир нэг жилээр сунгасанд тооцож 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэж маргасан.

 

Гэрээний дээрх нөхцөл ёсоор бичгээр байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэстэй ч уг хугацаанаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчээс үйлчилгээ авсныг маргахгүй байх тул тухайн хугацаанд амаар байгуулагдсан гэрээ үйлчилсэн гэж үзнэ. Харин анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаг тул бичгээр байгуулсан гэрээ дуусгавар болсон үеэс алданги тооцох эрх дуусгавар болсон байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас дугаарын төлбөр 114.601,60 төгрөг, дугаарын төлбөр 80.992,29 төгрөг,  дугаарын төлбөр төгрөг, дугаарын төлбөр 49.865,17 төгрөг, нийт 383.324,67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-аас 383.324,67 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж м ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 551.411,02 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.983,66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 12.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж м ХХК-д олгосугай.

 

3. Хариуцагч Б ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА