Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Янжиндулам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Г.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай Т овогт Г-ийн П-т холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг ****** оны *** дугаар сарын***-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ****-нд ***** аймгийн *****суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт **** аймгийн ****** сумын ****-р багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Т овогт Г-ийн П /РД:**********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан үедээ ******* оны **** дүгээр ***-ны өдөр ***** аймгийн ******* сумын**** дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй, “Мустанг-5” загварын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Г.П-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.П нь **** оны ****** дүгээр ***-ны өдөр **** аймгийн ******* сумын *****дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй, “Мустанг-5” загварын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал ),

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5   дахь тал ),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-8 дахьтал),

Эрх бүхий албан тушаалтны, Драгер 6820 багажаар согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 09-11 дэх тал),

       Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Согтуурлыг багажаар шалгасан "...******** оны ****** дугаар сарын ******-ны өдрийн ***** цаг ****** минутад "Мустанг-5" загварын тээврийн хэрэгслийг жолоодсон Г.П-ыг Алкотест-6810 дугаартай драгер багажаар шалгахад 0.82% тоон үзүүлэлт илэрсэн..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-8 дахь тал),

Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.П нь ****** оны ** дүгээр сарын ***-ны өдөр манай гэрт нөхөр Т.Г-тай хамт "Агар" нэртэй 0.5 литртэй нэг шил архийг хувааж ууцгаасан. Архи хувааж ууж дуусгаад гэр лүүгээ харина гэж хэлээд өөрийнхөө мотоциклыг жолоодоод явсан. Тэрнээс хойш юу болсон талаар надад баригдсан гэж сонссон” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 25 дахь тал),

Гэрч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би *** оны***** дүгээр сарын ***-ны орой тус аймгийн ****** сумын *****-р багийн нутагт гэр хорооллын замд зохицуулагч Ж.Д-ын хамтаар хяналт шалгалт хийж, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед ойролцоогоор ** цаг ** минутын үед гэр хорооллын замд Мустанг-5 загварын улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан иргэнийг зогсоон шалгахад жолооч Г.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Г.П-ыг тус аймгийн ******* сумын сум дундын цагдаагийн хэсгийн байранд аваачиж согтуурлыг согтуурал шалгах зориулалтын багажаар шалгахад 0.82 хувийг согтолттой байсан. Г.П-ыг урьд өмнө эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан тул гэмт хэргийн бүртгэл мэдээлэлд оруулан шалгасан. Г.П-ыг хаана архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар нь асуухад хөдөөгөөс орж ирээд найзынхаа гэрт архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн гэж хариулсан. Г.П-ыг хэсгийн цагдаа ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр болсон. Би дахин хяналт шалгалт хийхээр эргүүлд гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

Гэрч Ж.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой тус аймгийн ********* сумын *****-р багийн нутагт гэр хорооллын замд цагдаа зохицуулагч Ц.Ц-ийн хамтаар хяналт шалгалт хийж, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед ойролцоогоор*** цаг өнгөрч байхад ****** сумын төвд гэр хорооллын замд Мустанг-5 загварын улаан өнгийн, улсын дугааргүй, мотоцикл жолоодож явсан иргэнийг зогсоон шалгахад жолооч иргэн Г.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт байдалтай байсан тул ********* сумын сум дундын цагдаагийн хэсгийн байранд аваачиж согтуурлыг согтуурал шалгах зориулалтын багажаар шалгахад 0.82 хувийг согтолттой байсан. Г.П-ыг урьд өмнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан эсэхийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн мэдээллээс харахад урьд өмнө эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан тул гэмт хэргийн бүртгэл мэдээлэлд оруулсан. Г.П-ыг хаана архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар нь асуухад хөдөөгөөс орж ирээд найзынхаа гэрт архи, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн гэж хариулсан. Г.П-ыг хэсгийн цагдаа ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр болсон. Бид дахин хяналт, шалгалт хийхээр гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

Шүүгдэгч Г.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед төрсөн дүү Г.Г-ын гэрт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мустаг-5 мотоцикльтой очиход Агар нэртэй 0.5 литрийн задалж өгсөн. Уг архийг дүү Г.Г-тай хувааж уучихаад мотоциклоо жолоодоод буцаж явахад цагдаагийн албан хаагч зогсоож шалгахад 0.82 хувийн согтолттой байсан. Би **** оны*** дугаар сарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.

Шүүгдэгч Г.П нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЗШ/463 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 17-21 дэх тал )-ээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, мөн зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх тул түүнийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр****** аймгийн ******** сумын *******дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй, “Мустанг-5” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 0.82%-ийн согтолттой байсан болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дахь тал )-аар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан үедээ  2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар ***** аймгийн ****** сумын ********* дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй, “Мустанг-5” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд прокуророос шүүгдэгч Г.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Энэ гэмт хэрэг нь нийгмийн ёс зүйн үнэт зүйлс, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хор хохирол байхгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Г.П эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгч Г.П-ын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Г.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн давтамжийн шинжээр гэмт хэрэгт шилжиж байгаа тул урьдах зөрчилд нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд багтах тул шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдэлж дууссанаар энэ төрлийн ял, шийтгэл биелэгдсэнд тооцохыг тэмдэглэх нь зүйтэй.

 Шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.П-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Г-ийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид   оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн  хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.П-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ