Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2019/02184

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2019/02184

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ц ,

 

Нэхэмжлэгч:Д.Э  нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.Х -д холбогдох

 

Гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц, Д.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ц, Б.Э бидний өмчлөлийн зүйл болох барилгын шал цутгалтын тоног төхөөрөмжийг 2016 оын 09 дүгээр сарын 12-ны өдөр З.Х нь 35 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, уг мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. З.Х нь одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг болох үндсэн үнэ 35 000 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай эхлээд түрээсийн гэрээ хийсэн. 1 сарын түрээсийн гэрээ хийгээд тэр хугацаанд ажиллахгүй байсан тул зарим зүйлийг сольж янзалж өгсөн. Тэгээд худалдах худалдан авах гэрээ хйисэн. 35 саяаар үнэлээд байр оролцуулж болно гэж ярьж байсан. Тэгээд хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Гэрээний үндсэн төлбөрт 35 сая, алданги 10 сая нийт 45 саяыг гаргуулна. Бид техникээ зарах гээд зар тавиад олон хүн уулзсан. Хариуцагч нь ирж уулзаад ажлын туршлагатай гэж байсан. Шууд зарахаар гэрээ хийгээгүй. Улиралын чанартай тул эхлээд түрээсийн гэрээ хийсэн. Түрээсийн гэрээний хугацаанд гарсан эврэлийг засаж өгсөн. Ингээд янзалсаны дараа дараагийн ажил дээр нь суурилуулж өгөөд түрээсийн гэрээ дууссан тул одоо хэвийн байнга гээд худалдах худалдан гэрээ хийсэн гэв.

 

Нэхэмжлэгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсэлж байх хугацаанд барилыг цутгалт хийгээд худалдаж авах болсон гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээний 4-т зааснаар төлбөр хийгдсэнээр эзэмших ашиглах захиран зарцуулах эрх нээгдэнэ гэсэн. Гэрээний 3-т зааснаар 2017.10.30-нд төлбөрийг төлж дуусахаар заасан. Гэрээний энэ заалт нь хариуцагчийн эрхийг хязгаарласан заалт байна. Уг заалтаар төлбөр төлөөгүй үедээ хариуцагч нь тоног төхөөрмжийг ашиглах боломжгүй байна. Иймд энэ гэрээнээс төлбөр шаардах эрх байхгүй. Анх түрээсийн гэрээгээр тоног төхөөрөмжийг өгсөн. Түрээсийн гэрээ 2016.8.1-нд дуусахад тоног төхөөрөмжийг яасан нь мэдэгдэхгүй байдаг. Түрээсийн гэрээ дууссан эсэх нь мэдэгдэхгүй. гэрээ нь худалдан авагчийн эрхийг зөрчиж, жил уг тоног төхөөрөмжийг хадгалсан байна. Тоног төхөөрөмж нь эвдрэлтэй, ажилладаггүй байсан. Үүний улмаас засвар хийлгэж байсан. Дээд давхар уруу шахалт хийж чадахгүй байсан. Анхнаасаа тоног төхөөрөмжийг ашиглаад байр ашиглалтад орвол байр өгөхөөр тохирсон байдаг. Нэхэмжлэгч нар нь тухайн үед эвдрэлтэй байсан гэдгийг зөвшөөрч байна. Түрээсийн гэрээний хугацаанд гэж байна. Иймд түрээсийн гэрээний хугацаанд ашиглаж байсан бөгөөд худалдах худалдан авах гэрээний дараа ашиглаж байсан нь мэдэгдэхгүй байна. Гэрээгээрээ ашиглах эрхийг нь хориглосон гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц, Д.Э нар нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч З.Х нь шүүхэд тайлбар гаргаагүй боловч түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, ашиглах эрхийг хязгаарлаж худалдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр шал цутгалтын тоног төхөөрөмжийг 35,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, улмаар төлбөрийг хугацаа хэтрүүлсэн бол хоног тутам 0,5 алданги төлөхөөр заажээ.

 

Нэхэмжлэгч нар нь гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн болох нь хариуцагчийн гараар бичсэн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар хуудасны ар тал/ Энэхүү баримтыг хариуцагч бичсэн эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж энэ нь баримтаар тогтоогдсон, мөн хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээн авсан эсэх талаар маргахгүй байх тул зохигч гэрээний дагуу гарах үр дагаварыг хэн аль нь хүсэж хийсэн хэлцэл байна. Иймд дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой гэж маргаж байх боловч эд зүйлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар гомдолын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээний зүйлийг ашиглах боломжгүй байсан гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар баримт үйлдэж хүлээн авсан байх тул ашиглах боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлсөн эсэх талаар маргаагүй, өөрөөр хэлбэл 35,000,000 төгрөгнөөс төлбөр төлөгдсөн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Гэрээний 3-т зааснаар төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 583 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Үүнээс алдангийг тооцвол хоногт 175,000 /35,000,000*0.5%/ төгрөг, 583 хоногт 102,025,000 төгрөг тооцогдоно. Гэвч нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу алдангид 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас багаар алданги тооцсон тул мөн зүйлийн 232.8-д заасныг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 45,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Хгаас гэрээний үүрэгт нийт 45,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц, Д.Э нарт олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид нарт олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД