| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/04299/И |
| Дугаар | 101/ШШ2018/03757 |
| Огноо | 2018-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2018/03757
| 2018 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2018/03757 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.П гаргасан,
Хариуцагч: У.Б холбогдох,
60,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, өмгөөлөгч Ш.Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
Т нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Г.П болон хариуцагч У.Б нар зээлийн гэрээ байгуулж, хариуцагч тал 94,000,000.00 төгрөгийг зээлсэн, ингээд талууд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 54,000,000.00 төгрөг, зээлийн хүү 26,860,000.00 төгрөг байсан. Улмаар зохигчид тус өдөр зээлийн гэрээ байгуулж, дээр дурьдсан 54,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон.
Гэвч хариуцагч тал гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, зээлийг төлөөгүй учраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, үндсэн зээл 54,000,000.00 төгрөг, хүүгийн үлдэгдэл 25,976,000.00 төгрөг, нийт 79,796,000.00 төгрөг төлөх ёстой байснаас зөвхөн 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр болсон.
Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцож, үндсэн зээлийн үлдэгдлээс 40,000,000.00 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байтал хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, тус зээлийг төлөхгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хэрэв зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар тооцон алданги төлнө гэж заасан. Хариуцагч тал 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөөгүй бөгөөд алдангийг тооцоход 20,000,000.00 төгрөг болсон.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч У.Б нийт 94,000,000.00 төгрөгийн зээл авч төлөөгүй тухай тооцоо нийлсэн акт байдаг бөгөөд үүнээс үлдсэн 54,000,000.00 төгрөг, түүний хүүг хэрхэн төлөх талаар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан юм.
Иймд, хариуцагчаас 60,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү, хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний эзэмшдэг байсан Ж ХХК нь иргэн Г.Пээс зээл авч байсан бөгөөд зээлийг буцаан төлж барагдуулсан. Би, одоо нэхэмжилж буй 60,000,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар тусгайлан нотлох баримт гаргаж, сөрөг нэхэмжлэл өгөх болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
нь:
Нэхэмжлэгч Г.Пээс хариуцагч У.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/19858 тоот захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан бол, мөн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2018/20317 тоот захирамжаар түүний гаргасан өвчтэй гэсэн шалтгааныг хүлээн авч, улмаар шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт товлосон боловч хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.П нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 54,000,000.00 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай буюу 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зээлэхээр тохирчээ /х.х-ийн 5 хуудас/.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгч Г.Пээс хариуцагч У.Бт олгосон зээл 94,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 26,860,000.00 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрснөөс гадна 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, өмнө нь олгосон 94,000,000.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл 54,000,000.00 төгрөг, хүү 25,976,000.00 төгрөг, нийт 79,796,000.00 төгрөг болсноос хариуцагч тал 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцжээ /х.х-ийн 4, 8 хуудас/.
Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал нэхэмжлэгч Г.Пээс хариуцагч У.Бт нийт 94,000,000.00 төгрөгийн зээл олгосон, үүнээс төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 54,000,000.00 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн, гэвч хариуцагч тал тус хугацаанд зээлийг төлөөгүй учраас ийнхүү 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлж, үндсэн зээлийн үлдэгдэл 54,000,000.00 төгрөг, хүү 25,976,000.00 төгрөг, нийт 79,796,000.00 төгрөг болсноос 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, зээлийн гэрээ байгуулж, 54,000,000.00 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч тал 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсоныг тус тус дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч У.Б нь 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөх ёстой байтал уг үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийг хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Хэдийгээр тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлоогүй.
Талууд, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд алдангийн талаар тусгайлан тохиролцоогүй боловч 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнд зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.
Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй байх тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба гагцхүү алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.
Хариуцагч У.Бын төлөх ёстой байсан 40,000,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход:
- 40,000,000x0.5%=200,000 /1 өдрийн алданги/, үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцвол /200,000x112=22,000,000 төгрөг/ буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг 20,000,000.00 төгрөг гэж тогтоов.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.
Тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 /гурав/ жил байх юм.
Талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч тал 54,000,000.00 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлөх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу тоолоход 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон байна.
Гэвч зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, 40,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Тайлбарлавал, тус хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн 79.7.-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч У.Б нь нэхэмжлэгч Г.Пт 40,000,000.00 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй болно.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 40,000,000.00 төгрөг, алданги 20,000,000.00 төгрөг, нийт 60,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн У.Баас 60,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Пт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, эмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
د Б.МАНДАЛБАЯР