| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/134 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч Э.*************, Э.************* нарыг оролцуулан
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.*************, Э.************* нарт холбогдох эрүүгийн 2525000000022 дугаартай 312/2025/0102/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /РД: ***************/;
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.*************, Э.************* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж, 2024 оны 11 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар /Sugar/ бааранд хохирогч Г.************* зодож эрүүл мэндэд “...духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*************, Э.************* нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000022 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.*************, Э.************* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар /Sugar/ бааранд хохирогч Г.************* зодож эрүүл мэндэд “...духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*************ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.************* өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
- Хохирогч Г.*************өгсөн: "...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед найз Мөнхдалай, Мөнхдалайн эхнэр Лхамаа, эгч Туяа нарынх нь хамт Шугар бааранд орсон. Тэгээд ороод зүүн талын мухраасаа хоёр дахь ширээнд суугаад нэг виски аваад талыг нь уугаад ширээний урд босоод зогсож байсан чинь хажуу талын ширээнд сууж байсан 7-8 залуу над руу дайраад эхэлсэн ямар шалтгаанаар дайрсныг нь би мэдээгүй. Тэгэхэд нэг залууг нь манай найз Мөнхдалайг хойш нь түлхээд ширээн дээр нь суулгасан чинь үлдсэн 5-6 залуучуудын нэг нь миний цамцны захаас хойш нь татсан чинь хажуу талд зогсож байсан залуу миний нүүр хэсэг рүү нэг цохиж газар унагаасан. Тэгээд би босох гэсэн чинь миний дээрээс 3-4 залуу нь нүүр болон толгой руу хөлөөрөө өшиглөж зүүн талын хөмсөг сэтэлсэн. Тэгэхэд нь би гараараа хаагаад босох гэж хичээхэд Мөнхдалай ирж бид нарыг салгаж хамгаалагчийг нь дуудсан. Би босоод явах гэхэд явуулахгүй тал талаас татаж чангаагаад байсан. Тэгээд би арай хийж цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би тухайн залуучуудтай өмнө нь ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл байхгүй. Би болон манай найзууд тэр залуучуудыг танихгүй. Би тухайн залуучуудад зодуулсны улмаас зүүн хөмсгөө сэтлүүлсэн тэгээд цусыг тогтоох гэж 2 оёдол тавиулсан одоо нэмж оёдол тавиулна. Миний толгой энд тэндээ хавдсан, хоёр гарын шуу мөн хавдсан, хүзүү нуруу хэсгээр зулгарсан гэмтэл авсан. Манай найзуудыг цохиж зодсон зүйл байхгүй. Манай найзууд болон би тэр залуучуудыг цохиж зодсон зүйл байхгүй. Надад ямар нэгэн сэтгэцийн хор уршиг учраагүй. Би сэтгэцийн хор уршиг тогтоолгохгүй" гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 42-р тал/,
- Гэрч Т.*************ын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед найз Энхмандах, ************* нарын хамт Зэст багт байрлах Шугар бааранд орсон. Тэгээд бааранд бид нар архи, пиво, виски уусан. Тэгээд байж байсан чинь найзууд болох Бямбацэрэн, *************, Үүлэнсолонго нар ирсэн. Тэгээд ууж идээд бүжиглээд байж байсан чинь Бямбацэрэн хажуу талын ширээний залуутай ширээний наана цаанаас маргалдаад байсан. Тэгсэн чинь ************* сандал давж үсэрч очоод Бямбацэрэнтэй маргалдаад байсан залуутай зодолдоод дээр гарчихсан цохиж байхаар нь би очоод салгасан. Тэгээд салгаад байж байсан чинь манай найз Бямбацэрэн очоод нөгөө залууг дахиад зодоод байхаар нь бас салгаад явах гээд байж байсан чинь ************* нөгөө залууг дахиад бүжгийн талбай дээр зодоод байхаар нь очиж салгасан. Тэгээд бид нар баарнаас гараад байж байсан чинь цагдаа нар ирээд цагдаа руу авч явсан” гэсэн мэдүүлэг, / хавтаст хэргийн 36-р тал/,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар баарны дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг бүхий сидиг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 25-31-р тал/
- Яллагдагч Э.*************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 88-р тал/
- Яллагдагч Э.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-р тал/
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13 дугаартай “...Г.*************биед духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 53-54-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.*************, гэрч Т.************* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Э.*************, Э.************* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч Э.*************, Э.************* нарын үйлдлээрээ санаатай нэгдэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар /Sugar/ бааранд хохирогч Г.************* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*************, Э.************* нарын үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн бусдын биед хууль бусаар халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*************эрүүл мэндэд “...духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал..." бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 13 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Шүүгдэгч Э.*************, Э.************* нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архидан согтуурсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*************, Э.************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ хэргийн улмаас хохирогч Г.*************эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тус тус илэрхийлжээ.
Шүүгдэгч Э.*************, Э.************* нар нь хохирогч Г.*************д эмчилгээний төлбөрт 700,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Г.*************д мөрдөгчөөс хэргийн материал танилцуулсан тэмдэглэл дээр “санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний төлбөр 700,000 төгрөг авсан” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Иймд шүүгдэгч Э.*************, Э.************* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч Э.*************, Э.************* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.*************, Э.************* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*************, Э.************* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 62-78 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.********************* нь 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, ********************** ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүгдэгч Э.************* нь 2001 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, хэрэг хариуцах насанд хүрсэн, ***************** ажилтай, ам бүл 2, ахын хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.*************, Э.************* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Э.*************, Э.************* нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлого, цалин хөлс, бусад орлого олох боломж болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*************, Э.************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*************, Э.************* нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хадгалж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** овогт ***************ын *************, *********** **** овогт ****************ын ************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*************, Э.************* нарыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуу) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.*************, Э.************* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*************, Э.************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Э.*************, Э.************* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г.************* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ