| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/05797/И |
| Дугаар | 101/ШШ2022/01361 |
| Огноо | 2022-03-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/01361
2022 03 25 101/ШШ2022/01361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох,
Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Ц.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаар захирамжаар Ж.П, Д.Ц нараас 41,273,358,13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Энэхүү шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Д.О, Г.Б, Д.Ц гэсэн 3 хүний өмч юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Д.Ц миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хайхран, хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Учир нь гэвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11/16 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021.10.29-ний өдөр зохион байгуулсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь гаргасан шийдвэрээ надад заавал мэдэгдэх үүрэгтэй.
Гэвч Д.Ц-д энэхүү дуудлага худалдаа явуулах болсныг мэдэгдэлгүй дуудлага худалдааг явуулж түүний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсан байна.
Энэхүү хууль бус ажиллагааг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шат дараалан гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд” оролцож болно гэж,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгийн өмчлөгч би дуудлага худалдаанд оролцох эрхтэй, энэхүү эрхээ эдлэх боломжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хангах үүрэгтэй атал эсрэгээрээ хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар надад мэдэгдээгүй, энэхүү алдаагаа засахгүйгээр дуудлага худалдаа явуулж дээрх эрхээ эдлэх боломжийг хязгаарлалаа.
Монгол Улсын Үндсэн Хуулийн тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ноцтой зөрчсөнөөс Д.Ц-ийн олон жил амьдран суусан, өөрийн хөдөлмөрийн хөлс хүчээр олж авсан орон байраа алдахад хүргэж байна.
Уг дуудлага худалдааны талаар төлбөр төлөгч Ж.П-д биечлэн мэдэгдсэн, төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч Д.Ц-д шуудангаар болон утсаар мэдэгдсэн гэдэг тайлбарыг хариуцагч гаргаж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Ц-г төлбөр төлөгч Ж.П төлөөлж оролцоогүй, дуудлага худалдаа явагдах үед тэрээр 2021.10.08-ны өдрөөс 2021.10.20-ны өдөр хүртэлх хугацаанд Ковид-19 өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байсан болно.
Хариуцагч нь 2021.10.14-ний өдрийн 4-160/19542 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг Д.Ц, Д.О, Г.Б нарт хүргүүлсэн гэх боловч хэнд хүлээлгэн өгсөн нь болон шуудангийн дардас дах өдөр, түүнчлэн уг мэдэгдлийг хэн хүлээж авсан болох нь тус тус тодорхойгүй байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь Д.Ц-ийн дүү Д.О-тэй утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн боловч уг тэмдэглэлд хэзээ, хаана ямар ажиллагаа явагдах талаар тусгагдаагүй байна.
Төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч Д.Ц-д дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээлгэж өгсөн эсэх, түүнд уг ажиллагааны талаар мэдэгдсэн эсэх нь хамгийн чухал бөгөөд дээрх байдлаас үзэхэд түүнд энэ талаар мэдэгдээгүй болох нь тогтоогдож байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь Д.Ц-ийн дүү Д.О-тэй утсаар ярьсан тэмдэглэлдээ: “Д.Ц бид 2 ковид туссан, биеийн байдал хүнд байна гэхэд, шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааны мэдэгдэл гарсан, шуудангаар хүргүүлнэ” гэдгээ тусгасан. Түүнээс биш дуудлага худалдаа хэзээ, хаана явагдах талаар мэдэгдсэн талаар тусгаагүй байна.
Мэдэгдлийг шуудангаар хүргүүлнэ гэсэн боловч шууданг хэн хүлээж авсан болох нь тодорхойгүй, ийнхүү хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй.
Хэргийн 119 талд шийдвэр гүйцэтгэгч нь өмчлөгч Г.Б-тай утсаар ярьсан тэмдэглэл авагдсан байгаагаас үзэхэд албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг шуудангаар хүргүүлнэ гэдгийг хэлсэн талаар тусгасан, уг мэдэгдэл, тогтоолыг тэрээр өөрөө очиж авна гээд утсаа тасалсан болохыг тэмдэглэсэн байна. Энэхүү тэмдэглэлд дуудлага худалдаа хэзээ, хаана, хэдэн цагт болох талаар мэдэгдсэн нь тусгагдаагүй.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 11/16 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2021 оны 10 дугээр сарын 29-ний өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаар захирамжаар Ж.П, Д.Ц нараас 41,273,358 төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18260223/01 дугаар тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа шүүхээс заасан хаягаар хүргүүлсэн боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18260223/04 дугаар тогтоолоор хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан хураан авч үнийн санал авахад өмчлөгч Д.О нь 80 сая төгрөгөөр, өмчлөгч Б.Б нь 80 сая төгрөгөөр, төлбөр төлөгч Д.Ц нь мөн 80 сая төгрөгөөр, төлбөр төлөгч Ж.П, төлбөр авагч Т ХХК нь хөндлөнгийн шинжээч томилж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээчээр “Б” ХХКомпаниар үнэлгээ тогтоолгоход орон сууцыг 53,438,600 төгрөгөөр үнэлсэн.
Шинжээчийн тайланг хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/5439, 4/5440 албан бичгээр төлбөр авагч, өмчлөгч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 37,407,020 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны зохион байгуулах талаар төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11250, 4/11251 дугаар албан бичгээр мэдэгдэж баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 26,719,300 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулах талаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16166, 4/16167 дугаар мэдэгдэлийг тогтоолын хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөр төлөгч Д.Ц-ийн хандан гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32020/09460 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Дээрх нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02131 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1721 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2021/00916 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-160/19542, 4-160/19541 дугаар албан бичгээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдах 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол зэргийг Ж.П-д биечлэн гардуулж өмчлөгч, авагч нарт утсаар мэдэгдэн баталгаат шуудангаар хүргүүлсэн.
2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус газар зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг тус газарт зохион байгуулж 71,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч, авагч өмчлөгч нарт биечлэн болон харилцах утсаар мэдэгдэн баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэгчийн ганц нотлох баримт бол ажиллагааны талаарх тэмдэглэл байдаг.
Нэхэмжлэгч Д.Ц-ийн 99999999 дугаар руу албаны утсаараа залгаж, дуудлага худалдааны талаар мэдэгдсэн, тухайн үед дүү нь гэх н.О гэж хүн утсыг нь аваад түүнийг Ковидын халдвар авсан, үүний улмаас биеийн байдал нь хүнд байгаа гэдэг хариуг өгсөн. Тэгэхэд нь түүнд дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хаягаар хүргүүлье гэдгийг мэдэгдээд үүнийхээ дагуу хүргүүлсэн.
Байрны нэг өмчлөгч болох Г.Б-ийн утас руу залгаж, дуудлага худалдаа зохион байгуулагдах гэж байгааг мэдэгдэхэд тэрээр мэдэгдлийг очиж авна гэсэн мөртлөө ирээгүй.
Өмчлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, тогтоол дээр дуудлага худалдаа хэзээ, хаана болох талаар тусгасан бөгөөд уг дуудлага худалдаанд оролцох эсэх нь тэдний өөрсдийн эрхийн асуудал юм.
Төлбөр төлөгч нарын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн удаашруулах, уг ажиллагаанд хэрхэн саад учруулах гэдэг арга хэрэглэж байна гэж үзэж байна. Шуудангаар хүргүүлсэн мэдэгдлийг хүлээж авсан нь нотлогдохгүй байна гэх боловч баталгаат шууданг хэрэв хүлээж аваагүй бол ямар шалтгаанаар хүлээж аваагүй талаарх мэдэгдлийг манайд ирүүлдэг, гэтэл ийм мэдэгдэл манайд буцаж ирээгүй. Үүнээс үзэхээр нэхэмжлэгч нь мэдэгдлийг хүлээж авсан бөгөөд ийнхүү хүлээн авсныхаа үндсэн дээр нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Д.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1847 дугаартай гүйцэтгэх хуудас болон 101/ШЗ2017/19431 дугаартай “Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18260223 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18260223/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18260223/04 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/15 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2772 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэн Д.О, Д.Ц нарын гаргасан гомдолд хариу өгсөн албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Ц, Д.О, Г.Б нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/16 пугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Д.Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Ц-аас О.А-д 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 3-22, 169/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар, 18260223 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1847 дугаартай гүйцэтгэх хуудас болон 101/ШЗ2017/19431 дугаартай шүүгчийн захирамж, мөн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18260223 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18260223/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/31 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн 4/18118 тоот албан бичиг болон тус албан бичгийн хариу, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж.П-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 18260223/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18260223/03 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18260223/04 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Д.О, Г.Б, Д.Ц, Ж.П, “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нараас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан үнийн санал, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, “Б” ХХК-иас шийдвэр гүйцэтгэгч ахмад Э.Б-д ирүүлсэн албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/5439, 4/5440 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-н Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11250, 4/11251 дугаартай мэдэгдэл, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/15 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Өнөөдөр” сонингийн хуулбар, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/7 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16166, 4/16167 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, фото зураг, мэдэгдэл, 2020 ошны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Өнөөдөр” сонингийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2020/09460 дугаартай захирамж, Д.Ц-ийн тус шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02131 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1721 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2021/00916 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-160/19542, 4-160/19541 тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, /99999999/ болон /88888888/ дугаарын утас руу дуудлага хийсэн мэдээлэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, /99999999/ дугаарын утас руу дуудлага хийсэн мэдээлэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, /11111111 дугаарын утас руу дуудлага хийсэн мэдээлэл, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/16 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдааны зар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/160/21178, 4-160/21179 тоот мэдэгдэл, /99999999/ болон /88888888/ дугаарын утас руу дуудлага хийсэн мэдээлэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, /11111111/ дугаарын утас дуудлага хийсэн мэдээлэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Х.О-ыг албан тушаалд томилох тухай тушаал /хх-ийн 30-151/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаар захирамжаар:
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41,273,358.13 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч Ж.П, Д.Ц нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,317 төгрөгнөөс 182,158.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 182,158.3 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК-д буцаан олгож, хариуцагч Ж.П, Д.Ц нараас 182,158.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Ж.П, Д.Ц нарыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “Т” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2017/19431 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдрийн 1847 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 32-151/
Энэхүү ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Д.Ц-аас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан бусадтай буюу Д.О, Г.Б нарын хамтран өмчлөх,
Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 18 м.кв талбайтай, нэг өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хураан авсан, уг ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй нь уг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 38-50/
Барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр томилогдсон “Б” ХХК нь 53,438,600 төгрөгөөр үнэлсэн, хариуцагч нь 2020.03.31-ний өдрийн 4/15 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 37,407,020 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2020.04.17-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. /хх-ийн 78-90/
2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/7 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол”-оор дээрх анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, шинжээчийн тогтоосон үнэ болох 53,438,600 төгрөгийн 50 хувь буюу 26,719,300 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2020.05.15-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2020/09460 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг хариуцагчид даалгаснаар дуудлага худалдаа явагдаагүй болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй. /хх-ийн 91-101/
Тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/02131 дугаартай шийдвэрээр Д.Ц-ийн үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1721 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2021/00916 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 103-111/
Хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/16 дугаартай ”Хоёр дахь албадан дуудлага явуулах тухай тогтоол”-оор үл хөдлөх хөрөнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт байх, тогтоолыг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 121/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэлд дардсан шуудангийн дардасны өдөр тодорхойгүй, мэдэгдлийг хэнд, хэзээ, хэрхэн хүлээлгэн өгсөн болох, түүнчлэн мэдэгдлийг хэн хүлээж авсан болох нь тодорхойгүй, дуудлага худалдаа хэзээ, хаана болох талаар Д.Ц-д мэдэгдээгүй байхаас гадна түүний дүү Д.О-тэй утсаар ярьсан тэмдэглэлд энэхүү ажиллагааны талаар тусгагдаагүй, тэрээр 2021.10.08-ны өдрөөс 2021.10.20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ковид-19 өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, энэхүү ажиллагааны талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдээгүйээс уг дуудлага худалдаанд оролцох хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн гэж тайлбарласан.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан, тэрээр өөрийн татгалзлын үндэслэл болгож хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/16 дугаартай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-160/19542 дугаартай мэдэгдлийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Ц, Д.О, Г.Б нарт, 4-160/19541 дугаартай мэдэгдлийг Ж.П-д хүргүүлсэн “Монгол шуудан” ХК-ийн дардас бүхий баримтыг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хамт шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 112-122/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна” гэж заасан.
Хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-160/19542 дугаартай мэдэгдэлд “Монгол шуудан” ХК-ийн дардас дарагдсан боловч өдөр тодорхойгүй нь 2021.10.15-ны өдөр гэж тодорхойлох боломжгүй,
шийдвэр гүйцэтгэгчийн 2021.10.14-ний өдөр Д.Ц-ийн эзэмшлийн гэх 99606914 дугаарын утсаар ярьсан тэмдэглэлд: “...түүний дүү Д.О гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй ярьсан, тэрээр өөрийгөө болон Д.Ц-г Ковид туссан талаар мэдэгдсэн байх ба түүнд барьцааны үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг шуудангаар хүргүүлэхийг болон өмчлөгч н.Б-тай холбоо барих утасны дугаарыг тодруулсан” талаарх агуулга тусгагджээ. /хх-ийн 112,117/
Нэхэмжлэгч Д.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Ковид-19 өвчний улмаас эмнэлгийн магадлагаатай байсан нь тогтоогдож байна./хх-ийн 187/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Д.Ц нь 2021.10.08-ны өдрөөс 2021.10.20-ны өдөр хүртэлх хугацаанд өвчний улмаас эмчлүүлж байсан нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байх ба хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/16 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-160/19542 дугаартай мэдэгдлийг хэзээ, хэнд, хэрхэн хүргүүлсэн болох, түүнчлэн уг ажиллагааны талаар түүнд мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй нь дээрх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т дуудлага худалдаанд талуудаас гадна дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн этгээд, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд, бусад этгээд оролцож болохыг,
мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй болохыг тус тус заажээ.
Үүнээс үзэхэд хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал болох төлбөр төлөгч бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Ц-д хоёр дахь албадан дуудлага худалдаа хэзээ, хаана болох талаар мэдэгдээгүй болох нь тогтоогдож байх ба энэхүү ажиллагааг түүнд мэдэгдээгүйгээс түүний дээр дурдсан хуульд заасан дуудлага худалдаанд оролцох эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.3, 44.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2772 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь энэхүү хуульд заасан хугацаанд нийцжээ. /хх-ийн 1-2, 12/
Иймд хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь тус газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/16 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолын дагуу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явагдсан албадан дуудлага худалдааны Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 18 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаартай захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь тус газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/16 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолын дагуу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явагдсан албадан дуудлага худалдааны Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 18 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ