| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01524/И |
| Дугаар | 101/ШШ2020/02150 |
| Огноо | 2020-06-12 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2020/02150
| 2020 06 12 | 101/ШШ2020/02150 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин оршин байрлах Ч д М ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, 0 байрлах НШШГГ холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 03 сарын 17-ны өдөр мэдэгдэл бичиж Монгол шуудангаар ирүүлснийг 2020 оны 03 сарын 23-ны өдөр шуудангаас мэдэгдсэний дагуу очиход Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний тайлан ирүүлснийг хүлээж авсан.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 471 дугаар шийдвэрээр Э к ХХК-д 146,500,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. 0 өрөө орон сууцыг Ч д М ХХК нь 2016 оны 06 сард Вижн девелопмент ХХК-иас 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр буюу 90,414,000 төгрөгөөр авсан юм. Тухайн үед иргэн Ө.Д мөнгө зээлсэн зээлийн төлбөрт уг орон сууцыг өгч байранд нь оруусан байсан бөгөөд гэрчилгээ гараагүй хүлээгдэж байсан тул шилжүүлэг хийлгэж амжаагүй байсан юм. Гэтэл гэрчилгээ гарсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг битүүмжилчихсэн юм.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус орон сууцны үнийг хэт доогуур үнэлүүлсэн байх бөгөөд үнэлгээ хийлгэхдээ бидэнд огт мэдэгдээгүй, орон сууцны үнийн талаар ямар нэгэн санал огт авалгүйгээр үнэлгээ хийлгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлт авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн үнэлгээ хийлгэхдээ бидний саналыг авахгүйгээр хийлгэж бидний эрх ашгийн ноцтой хөндөж байгаад маш их гомдолтой байна. Иймд биднээс орон сууцны үнэлгээний талаар санал авалгүйгээр хөрөгийн үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл байх тул хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлаагүй нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхгүй. Үнийн санал авах тухай мэдэгдлийг оршин суух хаягаар хүргүүлсэн гэж шуудангийн дардас дарагдсан байгаа боловч манайд ийм мэдэгдэл ирээгүй, уг мэдэгдлийг хүлээж аваагүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 741 дүгээр шийдвэрээр Ч д М ХХК-иас 146,500,000 төгрөг гаргуулж Э к ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул арилжааны 13 банкуудад мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдэл хүргүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад улсын бүртгэлийн 0 дугаартай 0 өрөө орон сууцыг 2018 оны 06 сарын 09-ний өдрийн 17261161/1 дүгээр хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 4/5942 дугаар, 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 4/6951 дүгээр мэдэгдлийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч Э к ХХК нь хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-иар үнэлүүлэхэд тус орон сууцыг 81,793,000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 4/9207 дугаар мэдэгдэл, тайлангийн хуулбарын хамт төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 57,255,100 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 04 сарын 17-ны өдөр оруулахаар нийтэд зарласан байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 101/Ш32020/07044 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ч д М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч д М ХХК нь хариуцагч НШШГГ холбогдуулан 0 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 741 дүгээр шийдвэрээр Ч д М ХХК-иас 146,500,000 төгрөг, улсын тэдэгтийн хураамжид 890,450 төгрөг тус тус гаргуулж Э к ХХК-д олгохоор шийдвэрлэжээ /хх-46-56 дугаар тал/.
Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул албадан гүйцэтгүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 662 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна /хх-45 дугаар тал/
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилж, мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хураажээ /хх-75-76, 87-89 дугаар тал/.
Төлбөр төлөгч Ч д М ХХК-ийн оршин байрлах 0 тоот хаягаар үнийн санал өгөх тухай мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4/5942 тоот, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 4/6951 дүгээр тоот албан бичгээр тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу явагджээ. /хх-ийн 90-91 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь дээрх мэдэгдлийг хүлээн аваагүй, шуудангаар илгээсэн гэх боловч хэн хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, биднээс үнийн санал авах ажиллагааг хийгээгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч оршин байрлах хаягаа өөрчлөөгүй болохоо шүүх хуралдаанд мэдэгдсэн, дээрх үнийн санал авах тухай мэдэгдлүүдэд Монгол шуудангийн дардас дарагдсан байгаагаас үзэхэд мэдэгдлийг хүлээн аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Нөгөө талаар үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэлд дурдсан хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсан атлаа үнийн санал авах тухай мэдэгдлийг аваагүй гэж тайлбарласан нь учир дутагдалтай. /хх-ийн 4, 120 дугаар тал/
Төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулсан байх боловч тэрээр өөрөө үнийн санал өгөх эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Төлбөр төлөгчөөс үнийн санал өгөөгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөндлөнгийн шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад заасантай тус тус нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Шинжээч Виннер вэй ХХК 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан үнэлгээний тайланд 0 өрөө орон сууцыг 81,793,000 төгрөгөөр үнэлжээ /хх-97-116 дугаар тал/.
Нэхэмжлэгч нь дээрх шинжээчээс гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй гэх шаардлагын үндэслэлээ шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлалгүйгээр дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж, маргаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж 42.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална. гэж,
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. гэж, 9.2 дахь хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шинжээч томилсон байх ба үүнээс хойш шинжээч дүгнэлт гаргасан өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шинжээчид эрх, үүргийг тайлбарлаж, урьдчилан тодруулах ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 117-118 дугаар тал/
Шинжээч Виннер вэй ХХК нь шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийх эрхтэй этгээд байхад түүнд урьдчилан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт тус тус заасан журмыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар танилцуулж, хэрэгжүүлээгүй байна.
Иймд Виннер вэй ХХК-иас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу томилогдсон шинжээчээс гаргасан дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч маргаж байгаа тул 0 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зарласан боловч шүүхэд Ч д М ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор дуудлага худалдаа явагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч д М ХХК-иас хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, 0 өрөө орон сууцыг 81,793,000 төгрөгөөр үнэлсэн Виннер вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ