Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/53

 

Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт  

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                       Д.Буянжаргал

                                    Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Нансалмаа                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч               М.Гансүх               

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баюуд овогт Бат-Өлзийгийн Батжаргал, Монгол овогт Жамцын Батчулуун нарт холбогдох эрүүгийн 1931000020106 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 1 дүгээр баг, Бүргэдэй 1-р гудамж 30 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Баяуд овогт Бат-Өлзийн Батжаргал, /РД:МА79092305/

Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр,4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1 дүгээр баг, Бүргэдэй 1-р гудамж 30 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Монгол овогт Жамцын Батчулуун, /РЛ:ЦЦ77072710/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Батжаргал нь нөхөр Ж.Батчулуунтай бүлэглэн 2018 оны 01 сараас 06 дугаар сарын хооронд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч нийт 12.200.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Шүүгдэгч Ж.Батчулуун нь эхнэр Б.Батжаргалтай бүлэглэн 2018 оны 01 сараас 05 дугаар сарын хооронд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч  нийт 8.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт  холбогдох хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Б.Батжаргал нь шүүгдэгч Ж.Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.4-р зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2-р зүйлийн 3, 3.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1-д заасан ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн... гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Батжаргал нь шүүгдэгч Ж.Батчулуун нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Батжаргал, шүүгдэгч Ж.Батчулуун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Батжаргал, шүүгдэгч Ж.Батчулуун нараас 5.900.000 /таван сая есөн зуун/ төгрөг гаргуулан хохирогч Ш.Мөнхцэцэгт 1.400.000 /нэг сая дөрвөн зуун/ төгрөг, хохирогч Н.Оюундэлгэрт 3.000.000 /гурван сая/ төгрөг, хохирогч С.Хургаад 1.500.000 /нэг сая таван зуун/ төгрөг тус тус олгож, хохирогч Ш.Мөнхцэцэгийн 600.000 төгрөг, хохирогч М.Мэндсайханы 1.500.000 /нэг сая таван зуун/ төгрөг, хохирогч Н.Оюундэлгэрийн 2.000.000 төгрөг, хохирогч С.Хургаагийн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 1,2-т зааснаар хохирогч С.Хургаагийн 1.500.000 төгрөгийг 2020 оны 05-р сарын 15-ны дотор, хохирогч Ш.Мөнхцэцэгийн 1.500.000 төгрөгийг 2020 оны 06-р сарын 30-ны дотор, хохирогч Н.Оюундэлгэрийн 3.000.000 төгрөгийг 2020 оны 09-р сарын 30-ны дотор, нөхөн төлөхөө илэрхийлсэн хугацаандаа төлбөрийг барагдуулахыг шүүгдэгч Б.Батжаргал, шүүгдэгч Ж.Батчулуун нарт үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч шүүгдэгч Б.Батжаргал, шүүгдэгч Ж.Батчулуун нарт мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Батжаргал, шүүгдэгч Ж.Батчулуун нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, болон, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

7. Шүүгдэгч Б.Батжаргал, шүүгдэгч Ж.Батчулуун нар нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй...гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Батжаргал миний бие эрүүгийн гэмт хэрэгт холбогдон улмаар надад холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 04 сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна.

Эрүүгийн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд намайг өөрийн нөхөр Ж.Батчулуунтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэнд миний бие эргэлзэж байгаа бөгөөд хууль зүйн хувьд үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байх тул хавтас хэргийг бүхэлд нь хянан үзэж, бусдаас мөнгө авсан, буцаан төлсөн үйлдэлд маань эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгч өөрөө гомдол гаргасан. Хэргийн материалтай танилцаад дараах эрх зүйн дүгнэлтийг хэлье. Яллагдагчийн мэдүүлгүүд бичгийн ямар нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг яаж хангаж байгаа гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.

... Яллагдагч эрх зүйн байдлаа дээрдүүлэх эрхтэй. Хавтаст хэрэгт Батчулууны “...манай эхнэр зээл авсан юм билээ...” гэж яллагдагчаар өгсөн мэдүүлэг байдаг. Яг залилж байна уу, хүүхэд нь огт өвдөөгүйг тогтоосон баримт  хавтаст хэрэгт байхгүй. Шинжилгээ хийлгэсэн үү үгүй юу гэдэгт ач холбогдол өгөөгүй. Энэ бүхнийг шүүхийн зүгээс харж эрх зүйн хувьд дүгнэлт хийж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ... Сэдэлт зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар хангалттай тогтоогдсон гэж байна. Яллагдагч нар энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн талаар  анхан шатны шүүх дээр мэдүүлгээ өгсөн. Иймд анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзэж байна. Иймд  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Батжаргалын давж заалдах гомдлын дагуу Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт холбогдох эрүүгийн 1931000020106 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.Батжаргал, Ж.Батчулуун нар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Мөнхцэцэг /1-р хх-ийн 35-38-р ху/, М.Мэндсайхан / 2-р хх-ийн 04-р ху/, Н.Оюундэлгэр /1-р хх-ийн 27-29-р ху/, гэрч Ц.Алтангэрэл /1-р хх-ийн 67-68-р ху/, Д.Баасанжав /1-р хх-ийн 72-р ху/, О.Эрдэнэбилэг /1-р хх-ийн 74-р ху/, Б.Оюунчимэг /2-р хх-ийн 08-11-р ху/, Г.Батбаатар /2-р хх-ийн 14-15-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д ...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасан бөгөөд шүүхээс  шүүгдэгч нарын  гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт  хорих ялыг оногдуулалгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Батжаргал нь давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүхээс намайг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй, бусдаас мөнгө авсан, буцаан төлсөн үйлдэлд маань эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батжаргалын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон анхан шатны шүүхээс түүний үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна  гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                      Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧИД                                      Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ