Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0616/3 |
Дугаар | 128/ШШ2020/0118 |
Огноо | 2020-02-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2020/0118
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, хариуцагч Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*** нарыг оролцуулан А*** б*** ХХК-ийн гомдолтой, Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***д холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г*** шүүх хуралдаан гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 0050014 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 348 дугаар тогтоолоор 0050013 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөрт тооцож, эцэслэн шийдвэрлэсэн байна.
Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
А*** б*** ХХК-иас анх тус шүүхэд хандан Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***д холбогдуулан ...Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***гийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0050013 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасныг хүлээн авч, тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0377 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2019/0418 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагчийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 348 дугаар тогтоолоор уг хэргийг хянан хэлэлцээд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Гэтэл хариуцагч Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г*** нь анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дахин шинэ акт гаргаж, 0050014 тоот шийтгэлийн хуудсыг үйлджээ.
Үүнтэй холбогдуулан А*** б*** ХХК-иас Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***д холбогдуулан ...Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***гийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0050014 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хариуцагч Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г*** нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд явагдсан шүүх хуралдааны үеэр бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу А*** б*** ХХК-иас Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***д холбогдуулан гаргасан ...Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***гийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0050014 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, А*** б*** ХХК-ийн гомдолтой, Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхээс хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар, 69.1-д Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ., 69.2-д Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасныг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.1, 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн А*** б*** ХХК-иас Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***д холбогдуулан гаргасан ...Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***гийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0050014 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Монголбанкны Хянан шалгах газрын Хянан шалгах хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Г***гийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0050014 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг үндэслэн гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА