Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 364

 

Д.А-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаар магадлалтай, Д.А-д холбогдох 1709012840044 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 240 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хуушаан овогт Д-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.А-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 05 дугаар дүгнэлтэд “Яллагдагч Д.А нь 2017 оны 03 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 141 дүгээр байрны 31 тоотод оршин суух иргэн С.М-ын гэрт түр хугацаагаар амьдарч байхдаа эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, эрэгтэй хүний хуримын монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, алтан нуухтай цагаан хаш хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 4,121,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас 134 дүгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж “Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна. Нөгөө талаас Сүхбаатар дүүргийн 2017 оны 470 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 138 дугаар магадлал нь хүчин төгөлдөр болоогүй тохиолдолд нэг төрлийн хоёр гэмт хэргийг нэгтгэх эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлага гарах бөгөөд эдгээр асуудлыг нэг мөр болгох шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Иймд Д.А-д БНХАУ-ын иргэн Ши Жиегийн гар цүнхэн дотроос биет 550 юанийг хулгайлсан хэрэгт ял оногдуулсан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Сонгинохайрхан дүүргийн прокурорын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бичигдээгүй байна. Ял нэмж нэгтгэх талаар хуулийн заалтыг баримталж бичигдсэн байна. А нь өмнө нь Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд тухайн шийтгэх тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад шүүгдэгч Д.А нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “П” зочид буудлын өрөөнд нэвтрэн орж БНХАУ-ын иргэн Ши Жиегийн гар цүнхэн дотроос 550 юанийг хулгайлсан үйлдэлдээ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол одоо хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Д.А нь дээрх гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлсний дараа 2017 оны 3 дугаар сараас мөн оны 7 дугаар сарын хооронд С.М-ын гэрээс 4,121,300 төгрөгийн үнэт эд зүйлс хулгайлсан өмнөх хэрэгт дахин шалгагдаж, прокуророос шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж нэг төрлийн хоёр гэмт хэргийг нэгтгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаасны дагуу тогтоолын заалтыг хангахын тулд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 470 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 138 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичжээ.

Д.А-ын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн БНХАУ-ын иргэн Ши Жие хохирогчтой хулгайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний улмаас өөр гэмт хэрэгтэй нэгтгэн дахин мөрдөн байцаалт явуулах,  ял шийтгэх боломжгүй бөгөөд хэргүүдийг нэгтгэснээр Эрүүгийн хуулийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй байх тул  хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймээс прокурорын бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаар магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 138 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн бичсэн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Д.А-д холбогдох 1709012840044, 1708001710077 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

                      

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН