Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/MA2017/0284

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаарh221/МА2017/0284 

Улаанбаатар хот

 

 

 “Говийн өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Нарандэлгэр нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Говийн өгөөж” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.2, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Говийн өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ӨМ2016/48 дугаар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар давж заалдах гомдолдоо: “...Шүүх шийдвэр гаргахдаа Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасныг буруу хэрэглэсэн.

Тухайн тендерийг 45 хоногийн хугацаанд үнэлэх байсан боловч захиалагчаас үл хамаарах шалтгаанаар дахин нэг удаа 30 хоногоор эрх бүхий байгууллага нь сунгасан. Тендер хүчинтэй байх хугацаа 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болохоос өмнө талууд гэрээ байгуулахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т, аймгийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох хуульд нийцүүлэн байгуулахаар Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-д тус тус заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ байгуулах үед тендерийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон тул аймгийн Засаг дарга гэрээ байгуулахаас татгалзсан.

Мөн Сангийн яамнаас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу тендер хүчинтэй байх хугацаа дуусгавар болсны дараа тендерийг хуулийн дагуу явуулах албан бичгийг ирүүлсэн нь гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болсон. Төсвийн тухай хуулиар тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах эрхийг аймгийн Засаг даргад олгосон байхад шүүх хуулийг буруу хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхийг судлаагүй, шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх нөхцөл байдлыг харгалзаагүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК-аас Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих ӨМ2016/48 тоот гэрээнд гарын үсэг зурахыг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн үйл баримтуудаас үзвэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг барих ӨМ2016/48 дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК болон “Хүннүгийн говь” ХХК, “Акми холдинг” ХХК, “Жи Жи Ай” ХХК-иуд оролцсоноос “Говийн өгөөж” ХХК-ийн тендер хамгийн сайн үнэлэгдэж, захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас тус компанид гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн боловч тендер шалгаруулалтад оролцогч бусад компаниудаас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/7163 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.

Улмаар Үнэлгээний хороо 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин хуралдан үнэлгээ хийж, “Хүннүгийн говь” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлснээр захиалагчаас тус компанид гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн боловч үүнтэй холбогдуулан мөн нэхэмжлэгч “Говийн өгөөж” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/7682 дугаар албан бичгээр тус яамны 2016 оны 5/7163 дугаар албан бичгийг хэрэгжүүлж ажиллахыг захиалагчид мэдэгдснээр Үнэлгээний хороо 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин хуралдаж, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад “Говийн өгөөж” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх саналыг хүргүүлжээ.

Ингээд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2-24 дүгээр албан бичгээр тус компанид гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэнээс гадна Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай” а/05 дугаар захирамжаар “Говийн өгөөж” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Говийн өгөөж” ХХК-тай Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг шинээр барих ажлын гэрээг байгуулсан гэх боловч тус аймгийн Засаг дарга гэрээг батлаагүй байна.

Хариуцагч гэрээг батлахаас татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгчид ““Хүннүгийн говь” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан” гэж тайлбарласан талаар нэхэмжлэлд дурдсан байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан тул гэрээг батламжлаагүй” гэжээ.

Дээрх үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх “Хүннүгийн говь” ХХК-аас тендер шалгаруулалттай холбоотой гаргасан гомдлуудын талаарх лавлагааг хүссэний дагуу тус компаниас “Говийн өгөөж” ХХК-ийг тендерт шалгаруулан гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх болсонтой холбогдуулан холбогдох газруудад гомдол гаргасан, мөн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар хариу ирүүлсэн байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулахад ““Хүннүгийн говь” ХХК-аас “Говийн өгөөж” ХХК-ийг тендерт шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанитай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, уг захиргааны хэрэгт “Говийн өгөөж” ХХК гуравдагч этгээдээр оролцож байгаа” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Үүнээс гадна хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Хүннүгийн говь” ХХК, “Акми холдинг” ХХК-иудаас дахин гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/228 дугаар албан бичгээр тус тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдсэний дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн а/44 дүгээр захирамжаараа “Говийн өгөөж” ХХК-тай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай а/05 дугаар захирамжаа хүчингүйд тооцож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлын ӨМАОНӨГ/201701089 дугаартай тендер шалгаруулалтыг дахин зарласан нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрхийг нэгтгэвэл, тендерт оролцогч компаниудын удаа дараагийн гомдлын улмаас тендер шалгаруулалт удааширсан, тус тендер шалгаруулалтад оролцсон “Хүннүгийн говь” ХХК, “Говийн өгөөж” ХХК-иудаас  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих ажлын ӨМ2016/48 дугаартай тендер шалгаруулалт болон тус тендер шалгаруулалтын ажлын гэрээ байгуулахтай холбоотой нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан, эдгээр маргаан нь хоорондоо хамааралтай байхаас гадна нэхэмжлэгчийн гэрээ байгуулж, ажил гүйцэтгэхээр нэхэмжлэл гарган маргаж буй дээрх барилгыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг  Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас дахин зарласан байна.

Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх хэрхэн сэргэх, шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг судалж, улмаар хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай.

Эдгээр ажиллагааг хийсний дараа хэргийг хянан шийдвэрлэх нь зөв байх тул зохих ажиллагааг хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН