Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/129

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав,

шүүгдэгч Ш.************* нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*************т холбогдох эрүүгийн 2425000000754 дугаартай, 312/2025/0106/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.************* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн “Хуурай ам” гэх газрын ойд хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 1,0872 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 550,086 төгрөгийн хохирол учруулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Мицубиши пажеро” /Mitsubishi Pajero/ загварын ************* улсын дугаартай автомашин ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*************ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000754 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.************* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн “Хуурай ам” гэх газрын ойгоос хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 1,0872 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 550,086 төгрөгийн шууд бус хохирол учруулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Мицубиши пажеро” /Mitsubishi Pajero/ загварын *************улсын дугаартай автомашин ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*************ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Иргэний нэхэмжлэгч Л.*************ийн өгсөн: “...Би Булган аймгийн Орхон сумын засаг даргын тамгын газарт байгаль орчны улсын байцаагчаар ажилладаг. Тийм болохоор намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон юм. Эрхийн бичиггүй ойн сангаас мод бэлтгэсэн буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх юм бол болно. Өөр санал хүсэлт байхгүй" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 139-р тал) 

2. Гэрч *************ын өгсөн: "...2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хариуцсан нутаг дэвсгэр болох Халиун 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийгээд Орхон аймаг орж явахад кабиндаа мод ачсан бололтой *************улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тул Орхон аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн юм. Ш.************* гэдэг хүн манай багийн нутаг дэвсгэрээс мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би олгоогүй..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-р тал), 

3. Гэрч *************ийн өгсөн: “... Манай эгч ************* надад 2021 онд бэлэглэж байсан. Мицубиши пажеро загварын *************улсын дугаартай тээврийн хэрэгслийг хаанаас хэзээ хэнээс хэдэн төгрөгөөр авч байсныг би мэдэхгүй. Одоо Мицубиши пажеро загварын *************улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл нь миний нэр дээр байгаа юм байна лээ. 2023 оны 07 дугаар сард Улаанбаатар байхдаа зарсан. Ямар нэртэй хүнд зарснаа би сайн санахгүй байна. Автотээвэр дээр очиж нэрээ шилжүүлээгүй учир миний нэр дээр уг машин бүртгэлтэй байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 143-144-р тал) 

4. Гэрч *************ийн өгсөн: “...Би 2023 оны хавар санагдаж байна, Улаанбаатар хотод байхдаа Батсайханы Мөнхсүлд гэдэг залуугаас худалдах, худалдан авах гэрээгээр 6,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үедээ өөр дээрээ нэрийг нь шилжүүлж аваагүй. Яагаад гэвэл худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан учир гайгүй биз гэж бодсон. Үүнээс хойш би уг тээврийн хэрэгслийг унаж байгаад 2024 оны 08 дугаар сард зарахаар болж *************гийн ************* гэдэг хүнд 3,000,000 төгрөгөөр худалдсан. ************* ах бид хоёр Орхон аймгийн авто тээврийн төв дээр очиж гэрээгээ үзүүлэн *************улсын дугаартай, мицубиши пажеро маркийн тээврийн хэрэгслийг ************* ахын нэр дээр шилжүүлэх гэтэл бичиг баримтын зөрчил гарсан. Яагаад гэвэл уг тээврийн хэрэгсэл нь мицубиши пажеро евро 2 маркийн тээврийн хэрэгсэл юм байна лээ гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрээ мицубиши пажеро гэсэн байгаа учраас нэрийг нь шилжүүлж чадаагүй. Одоо *************улсын дугаартай, мицубиши пажеро маркийн тээврийн хэрэгсэл нь *************гийн ************* гэдэг эзэмшил, одоо энэ тээврийн хэрэгсэл надад ямар ч хамаа байхгүй. Хэрэв ийм бичиг баримтын зөрчил гараагүй бол аль хэдийн ************* гэдэг хүний нэр дээр шилжүүлчих байсан. Машинаа худалдахаар фейсбүүк дээр зар тавьсан. Энэ үед ************* гэдэг хүн хүрч ирээд миний машиныг худалдан авсан. Өөрөөр энэ хүнтэй ямар нэгэн холбоогүй" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-р тал) 

5. Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Жамсранжавын “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай" тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-19-р тал) 

6. Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд зөөвөрлөн хүргэсэн 14 ширхэг модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-8-р тал) 

7. Орхон аймгийн сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №08 дугаартай "...Ш.*************ын бэлтгэсэн мод нь гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж, бантаагүй хуурай шинэс мод (Larix sibirica) болно. Тухайн модыг хөрөөдсөн тайрцын ором шинэ, шинээр бэлтгэсэн мод байна... Экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 183,632 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43-р тал) 

8. Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаартай “...Булган аймгийн Орхон сумын Халиун 2-р багийн Хуурайн ам гэх газрын 48°54′31′′N, 104°11'4"Е солбилцол, Хар хяр гэх газрын 48°54'31", 104°11'3"Е солбилцолын цэг бүхий газрууд нь ойн сангийн 1-р мужийн хамгаалалтын бүсийн ой бөгөөд 2010 онд түймэрт өртөж байсан болно" албан бичиг (хавтаст хэргийн 44-р тал) 

9. "Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1001921 дугаартай автомашины техникийн үнэлгээний "...*************ийн эзэмшлийн *************улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол улсад орж ирсэн Рајего маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт, элэгдэл хорогдол зэргийг харгалзан үзэж 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,700,000 төгрөгийн үнэтэй болохыг байгаа тодорхойлов" тайлан (хавтаст хэргийн 147-150-р тал) зэрэг бичгийн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан моторт хөрөөгөөр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Л.*************, гэрч *************, *************, *************э нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Ш.************* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн “Хуурай ам” гэх газрын ойгоос эрхийн бичиггүйгээр, хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 1,0872 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 550,086 төгрөгийн шууд бус хохирол учруулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Мицубиши пажеро” /Mitsubishi Pajero/ загварын *************улсын дугаартай автомашин ашиглан гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Ш.*************ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүгдэгч Ш.*************ын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Ш.************* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн “Хуурай ам” гэх газрын ойгоос хууль бусаар зөвшөөрөлгүйгээр 1,0872 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.*************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ш.*************ын гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд 183,362 төгрөгийн шууд хохирол учирсан нь Орхон аймгийн сум дундын ойн ангийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 550,086 төгрөгийн /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ шууд бус хохирол учирсан бөгөөд уг хохирол төлбөрийг Байгаль орчин уур амьсгалын сангийн төрийн сан дахь дансанд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр /хавтаст хэргийн 102 дугаар тал/ төлсөн байх тул шүүгдэгч Ш.*************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.*************ыг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.*************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.*************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 69-89 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн газрын хайлтын лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.************* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 3-7 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ш.*************ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.************* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ цахилгаан хөрөө, 04341434 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй Ш.*************ын өмчлөлийн *************улсын дугаартай “Мицубиши пажеро” /Mitsubishi Pajero/ загварын тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилж, мэргэжлийн байгууллагаар тус тус үнэлгээг тогтоолгосон байна.

Гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан техник, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.*************ын гэмт хэрэг үйлдэж олсон 14 ширхэг буюу 1,0872 шоо метр хуурай шинэс төрлийн модыг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.************* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг 3,000,000 төгрөгөөр 2024 оны 08 дугаар сард худалдаж авсан болох нь гэрч *************ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий *************улсын дугаартай “Мицубиши пажеро” /Mitsubishi Pajero/ загварын тээврийн хэрэгслийг хурааж, үнийг улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* овогт *************гийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*************ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*************т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.************* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ш.*************оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Л.************* нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий *************улсын дугаартай “Мицубиши пажеро” /Mitsubishi Pajero/ загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 14 /арван дөрөв/ ширхэг, 1,0872 шоо хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, үнийг тус тус улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ