2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/713

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025             3            13                                          2025/ШЦТ/713

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч С.Батгэрэл,

иргэдийн төлөөлөгч ***,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч А.Цогтбаяр,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох 2*** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*** оны ** сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, **  настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, *** аймгийн *** сум, *  баг, * гудамж ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, урьд

*** онд *** аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

*** овогт *** *** (РД: ***).

 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17-18 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч *** зодож биед нь 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн гадна хажуу ханын урагдал, хүзүү, баруун тохой, нурууны зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** , түүний өмгөөлөгчөөс “оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэсэн саналыг,

 

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Иргэдийн төлөөлөгчөөс “...шүүгдэгч нь гэм буруутай байна...” гэсэн дүгнэлтийг,

6. Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч *** зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан болох нь:

6.1. Цогцост үзлэг хийсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-22 дахь тал),

6.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...5 дугаар сарын 23-ны өдөр хоол ундны зүйл аваачиж өгөх гээд очиход ээж хэвтэж байсан. Ээж надаас юу болсныг нуугаад унасан гэж хэлж байсан. Маргааш нь буюу 5 дугаар сарын 24-ны өдөр очиход ээж босоод шээж чадахгүй байхаар нь хувин тавьж өгсөн. Тэр шөнөдөө бие нь өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлье гэхэд яах юм гээд, 05 дугаар сарын 25-ны өдөр бариачид үзүүлэх гэхэд ээж нуруундаа хүргэхгүй байсан. Тэгэхээр нь нурууг нь харахад нуруу нь битүү шархтай байсан. 5 дугаар сарын 27-ны өдөр түргэн дуудаж үзүүлэхэд шууд 1-р эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Баримтаар болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 104.873.136 төгрөг нэхэмжилж байна...”,

“...Миний төрсөн ээж болох амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо тахилтад ганцаараа амьдардаг бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд *** гэх хүн манай ээжийнхээр орж гарах болсон байсан. *** ерөнхийдөө архи дарс нэлээд уудаг, архины хамааралтай эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний цалин буухаар нь тахилтад байх ээжийнхээ гэр рүү очиход ээж ганцаараа хэвтрийн байдалтай зүүн талын нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь би юу болсон талаар асуухад надад тодорхой зүйл хэлэхгүй нуугаад байсан. Тухайн үедээ би ч нэг их зүйл бодохгүй гэртээ харьчхаад маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа хагас өдрийн чөлөө аваад ээжийн хажууд очиж хоносон. Ээж тухайн үед толгой өвдөөд байна, гэдэс рүү өвдөөд байна гэж хэлж байсан бөгөөд 25, 26-ны өдрүүдэд депод байх таньдаг бариачдаа бариулсан. 2024 оны 05 дугаар сарын 27- ны өдөр ээж бүр орноосоо ч босохгүй, босож бие засаж чадахгүй гэрт бие засаад, хүндээр бие засаж чадахгүй байхаар нь түргэн дуудаж үзүүлэхэд “1 дүгээр эмнэлгийн яаралтай тусламжаар очоод үзүүл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийн ахыг нь дуудаад улсын нэгдүгээр эмнэлгийн яаралтай тусламжаар очиж үзүүлэхэд эмч нар нь үзээд “гэдэс нь задарсан байна, бааж шээж чадахгүй байна, яаралтай хагалгаанд оруулна” гээд хэвтүүлсэн. Тэр өдрөө буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны орой гэдэсний хагалгаанд ороод тэндээ хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нийт 3 удаа хагалгаанд орсон. Ээж маань энэ хугацаанд ухаангүй шахуу байсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 11-ний орой ярилцаж үзэхэд “2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд аль нэг өдрийн орой *** согтуу нэг шил архи авч ирчхээд архи уу гэж шахаад уухгүй гэхэд нь шахсаар байгаад хүчээр уулгачхаад ээжийг гэрээс гарахад нь хойноос нь гараад гарыг нь мушгиад гэр хүртэл нь чирж оруулаад гэрт нь түлхэж унагаагаад дээрээс нь гэдэс рүү нь хөлөөрөө дэвсээд зодож цохисон” гэж надад хэлсэн юм. Ээжийн маань нуруу шалбарсан, зүүн нүд нь хөхөрсөн, тохой шалбарсан бусдад зодуулсан юм шиг байдалтай байсан... ...Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 06 цаг 55 минутад нэгдүгээр эмнэлэгт нас барсан... ...Ээж маань ямар нэгэн архаг хууч өвчингүй, цоо эрүүл хүн байсан. Надад лав өвдлөө гэж хэлж байгаагүй, би энэ талаар сонсож байгаагүй. Эмчийн хэлснээр бол ходоодны доор байдаг бүдүүн гэдэс задарсан, гэдсэн дотор нь баас шээс тарсан байдалтай байсныг ходоодыг оёдол тавьж цэвэрлэгээ хийсэн боловч оёдол нь буцаж задраад сүүлдээ ходоодыг тайрч нарийн гэдсийг холбох хагалгаа хийсэн гэж хэлсэн. Өөрөөр би илүү зүйлийг мэдэхгүй байна... ...Эмчилгээ үйлчилгээ, ажил явдал, оршуулгын зардал гээд өчнөөн мөнгө төгрөг гарсан байгаа эдгээрийн баримтыг шүүх дээр гаргаж өгнө. Би сэтгэл санаанд учирсан хохирлоо тогтоолгохоор дүгнэлт гаргуулах шаардлагагүй...“ гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 35-36, 113 дахь тал),

6.3. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манайх тоггүй учраас хөрш айл болох *** эгч буюу *** гэх хүнтэй танилцаж харилцан ярилцаж байгаад тэднийхээс 2023 оны 08 дугаар сараас хойш тог авч байгаа бөгөөд гарсан тогны зардлыг хувааж төлдөг юм. *** нь хамтран амьдрагч гэх өөрөөсөө насаар дүү хүнтэй хамт амьдардаг бөгөөд тэр нь байнга байгаад байдаггүй, барилга дээр ажилладаг гэж сонсож байсан. Би тэднийхээр хааяа орох болгонд л тухайн хамтран амьдрагч гэх хүн нь байнга л согтуу байж байдаг бөгөөд зан аашны хувьд их муухай эвдэрсэн, зан муутай, *** эгчийг байнга л харааж зүхэж, хийсэн хоол ундыг нь голж шилээд л байдаг байсан. Миний санаж байгаагаар 2023 оны 10 дугаар сард би хашаандаа нөхөр *** хамтаар юм хийж байтал *** эгчийг хамтран амьдрагч нь үснээс нь зулгааж, чирж гэрээс нь гаргаж ирээд хашаан дотроо дээрээс нь өшиглөөд зодоод байсан. Тэдний хашаа манай хашаанаас нэвт харагддаг бөгөөд би энэ бүхнийг харчхаад явж очоод юу болоод байгаа юм гэж хэлтэл намайг явж очиход гэртээ орчихсон байж байгаад *** эгч гарч ирээд “намайг хоол унд хийж өгсөнгүй гээд зодоод байна” гэж хэлж байсан. Тухайн үед би цагдаа дуудъя гэж хэлтэл *** эгч хэрэггүй, гуйж байна, унтчихлаа гээд өмөөрөөд байсан. Тэгэхээр нь би явлаа шүү гээд явсан. Тухайн үед *** эгчийн өрөөсөн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай, үс толгой нь зулгаагдсан байсан. Ер нь тэр хугацаанаас хойш үе үе тэднийхээр зодоон цохион болоод байгаа юм шиг чимээ гараад байдаг байсан бөгөөд *** эгч болиочээ, ёо гэх мэт чимээ гаргаад болохоор нь бид нар цагдаа дууддаггүй байсан юм. ...сүүлд 2023 оны 11 дүгээр сарын сүүл үеэр 17-18 цагийн үеэр *** эгч нүүр ам нь хавдаж хөхөрсөн зодуулсан байдалтай гүйж ирээд надад хандаж “намайг *** зодоод аллаа, чи худлаагаасаа цагдаа дуудсан юм шиг хажууд нь очиж яриад айлгаад өгөөч" гэж хэлэхээр нь би *** эгчийг дагаад гэрт нь очтол *** нь гараад явчихсан байсан... “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

6.4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...*** маань яриа хөөрөө сайтай, эелдэг зөөлөн хүн байсан бөгөөд харин хамтран амьдрагч гэх өөрөөс нь насаар дүү хүн хааяа ирж үзэгдэж харагддаг байсан. Тэгэхдээ байнга л согтуу харагддаг байсан бөгөөд *** их л дээрэлхэж зоддог юм шиг анзаарагддаг байсан. Би он сарыг нь тодорхой сайн санахгүй байгаа ч *** манайд хэд хэдэн удаа хүрч ирээд "нөхөр маань архи ууж ирчхээд намайг уусангүй гээд зодлоо" гэж хэлж ярьж ирж байсан. Миний санаж байгаагаар одоогоос 3-4 жилийн өмнө нөхөр нь согтуу ирчхээд *** нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадаад байсан бөгөөд би тухайн үедээ салгаад нөхрийг нь 2-3 удаа цохиж байсан. Тэгээд маргааш нь *** манайд орж ирэхэд нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдалтай л байж байсан. Би энэ талаар *** үр хүүхдүүдэд нь хэлж байсан бөгөөд хүүхдүүд нь очиж уулзъя хэлье л гэдэг байсан. Би хамгийн сүүлд хэзээ харснаа сайхан санахгүй байна 5 дугаар сарын үеэр *** харагдаж үзэгдэхгүй байсан бөгөөд гэрт нь хүн байхгүй байж байгаад хүүхдүүд нь ирсэн харагдахаар нь очиж асуутал нас барсан гэж хэлсэн. Тэгээд л нас барсан талаар нь мэдсэн...“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

6.5. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Талийгаач *** нь манай хамтран амьдрагч *** төрсөн ээж нь байгаа юм. Талийгаач ээж маань одоогоос 3 жилийн өмнөөс тусдаа Тахилтын хашаанд ганцаараа амьдардаг байсан. Харин талийгаачийнд *** гэх залуу 3-4 жилийн өмнөөс л ирж байгаад байсан *** болон эгч *** нар энэ асуудлыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд битгий ээжийнд ирээд бай гээд хөөгөөд явуулахаар л буцаад ирчихдэг байсан. Тухайн хүн нь нэлээдгүй архины хамааралтай, архи уучихаараа их агсан согтуу тавьдаг, хүн харахад л цаанаасаа хүйтэн, хүний нүүр рүү ч харж чаддаггүй хүн байсан. Тэгээд бид нарыг байхгүй үед ирж ээжийг маань зөөлчлөөд зодоод байдаг юм шиг байсан. 2023 оны 09 дүгээр сард би ээжийнд *** хамтаар ирэхэд ээж маань ганцаараа байсан бөгөөд зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад *** зодуулсан мөн намайг гэрээс хөөгөөд байна гэж хэлж байсан. Тэр үед удалгүй *** ороод ирсэн бөгөөд яагаад ээжийг зодсон талаар асуухад тодорхой зүйл хэлээгүй... ...Биед нь халдаж байсныг би нүдээрээ харж байгаагүй. Харин талийгаач ээжээс болон хажуу хавийн айлын хүмүүсээс сонсож байсан юм. Ээжийг зодож байхыг ээжийнхээс тог авдаг айлын эмэгтэй харсан байсан...“ гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 47 дахь тал),

6.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7967 дугаартай “...*** биед 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, (12 хуруу гэдэсний уруудах хэсгийн гадна хажуу ханын урагдал оёх мэс заслын дараах байдал хэвлийн тархмал гялтантас оношоор 2024.05.27, 2024.06.03, 2024.06.04 мэс заслын дараах байдал) баруун тохой, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 57-62 дахь тал),

6.7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 912 дугаартай “...Амь хохирогчийн цогцсын шинжилгээгээр 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн гадна хажуу ханын урагдал, хүзүү, баруун тохой, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл авснаас хойш тодорхой хугацаанд амьд явах боломжтой. Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.5-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь үхэлд хүргэжээ. Амь хохирогч нь 2024.06.18-ны өдөр нас баржээ. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчид эсэргүүцэн тэмцэлдсэн гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж эрт үед нь үзүүлсэн бол амь нас аврагдах нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн гадна хажуу ханын урагдлын улмаас хэвлийн тархмал идээт гялтантасаар хүндэрч олон эрхтний дутагдлаар нас баржээ." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 87-93 дахь тал),

6.8. Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би *** гэх эмэгтэйтэйг 2014 оноос хойш таньж мэддэг болсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтад байх гэрт нь ирэн очин байдаг байсан. *** эхэндээ ааш зан сайтай дөлгөөн тайван хүн байж байгаад сүүлийн 2 жил орчимд архи дарс уух нь ихсэн, агсан согтуу тавих нь ихсэх болсон. 2024 оны 05 дугаар сарын 20-23-ны өдрийн хооронд миний санаж байгаагаар 21-ний орой 17-18 цагийн орчимд байсан/ би ажлаа тараад замаараа архи уучхаад дэлгүүрээс Их монгол нэртэй 0.5 литрийн архи аваад *** гэрт нь явж очиход *** гэртээ ганцаараа байсан бөгөөд бид хоёр миний авч ирсэн архийг хувааж уусан. *** надад удахгүй манай хүү *** ирнэ гэж хэлэхээр нь би хүүгээс нь айгаад явлаа гэж хэлтэл *** намайг битгий яв гэж хэлээд явуулахгүй байсан. Тэгээд намайг хоол авч ирж өгсөнгүй гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байгаад *** сууж байхад нь хойноос нь нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд газар унагаагаад дээрээс нь зодсон. Би хэрхэн яаж зодож цохисноо санахгүй байгаа юм. Тэгж маргалдаж байгаад гараад явчихсан юм. *** нь намайг хоол авч ирсэнгүй, мөн явуулахгүй гээд байхаар нь би бухимдсан уурандаа ийм үйлдэл гаргасан. Би урьд өмнө нь архи уучихсан байх үедээ хоорондоо зодолдож, зодож цохиж байсан. Харин он сар, хэзээ яаж цохиж зодсон талаараа санахгүй байна. Нэг хоёр удаа алгадаад нүд нүүр нь хөхөрсөн байдалтай байдаг байсан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байгаагаа хэлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал),

6.9. *** овогт *** *** 2024 оны 06 сарын 18-ны өдөр нас барсан тухай гэрчилгээ (хавтаст хэргийн 115-116 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

7. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

7.1. Шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

7.2. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17-18 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч *** зодсон үйлдэл, амь хохирогч *** учирсан 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн гадна хажуу ханын урагдал, хүзүү, баруун тохой, нурууны зулгаралт гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой болох нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, шүүгдэгч ***, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

7.3. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч *** нь амь хохирогч болох хамтран амьдрагч *** алах гэсэн санаа зорилготой байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, 2.5 дахь заалтад “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилсан.

7.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн бол гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан.

Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д зааснаар “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгох бөгөөд шүүгдэгч ***, амь хохирогч *** нарын хувьд 2014 оноос хойш таньж мэддэг болсон Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотод хамтын амьдралтай байсан, шүүгдэгч *** зүгээс амь хохирогчийг зоддог, үг хэлээр доромжилдог зэрэг үйлдлүүд нь байнга давтагддаг, хэвшил болон тогтсон байсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, ***, ***, *** нарын болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа.

7.5. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан тул шүүгдэгч *** “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

7.6. Шүүгдэгч *** нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр амь хохирогч *** нуруу, хэвлий хэсэг рүү өшиглөх зэргээр цохиж, зодсоны улмаас гэртээ хэвтэж байгаад 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 3 удаа хагалгаанд орж, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний уруудах хэсгийн гадна хажуу ханын урагдлын улмаас хэвлийн тархмал идээт гялтантасаар хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *** зүгээс хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус нийгэмд аюултай болохыг ухамсарласан, хүний амь нас хохироох хор уршгийг хүсээгүй хүнийг алах санаа зорилго агуулаагүй боловч шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, нас барсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул  шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Хохирол төлбөрийн тухайд:

 

9.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** талаас оршуулгын зардалд 3,873,136 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 99,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг, нийт 104,873,136 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүх дараах байдлаар дүгнэлээ.

9.2. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтын 2.6 дахь хэсгийн 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тооцохоор тогтоосон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** хувьд насанд хүрээгүй болон төлбөрийн чадваргүй хохирогчид хамаарахгүй байх тул өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлс болох 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.3. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/...-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-г тогтоох 25 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж,

Уг тогтоолын 3.8-д Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан учирсан хор уршгийн зэрэглэл, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулсан.

9.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг тогтоолгохоор шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн боловч уг хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг тогтоож амжаагүй гэх тайлбарыг улсын яллагчаас гаргасан тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

9.5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нотлох баримтын дагуу нэхэмжилсэн 3,873,136 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** олгохоор шийдвэрлэлээ.

10. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

10.1. Улсын яллагчаас шүүгдэгч ***  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

            10.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хариуцлагын хувьд прокурортой санал нэг байна” гэсэн саналыг,

 

            10.3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн хувьд гэм буруу, зүйлчлэл дээр маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Иймд тухайн зүйл ангид заасан хамгийн доод ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

           

            10.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            10.5. Шүүгдэгч *** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв. 

 

            10.6. Шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            10.7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овгийн *** *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар *** 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *** цагдан хоригдсон 65 (жаран тав) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Амь хохирогчийн гэр бүлийн гишүүний тухайд сэтгэцэд учирсан гэм хорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар *** 3,873,136 (гурван сая найман зуун далан гурван мянга нэг зуун гучин зургаа) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс гэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ

 

                   ШҮҮГЧИД                             Б.БУЛГАНТАМИР

 

                                                                М.МӨНХБААТАР