Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/01860

 

 

 

 

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/01860

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.У

Нэхэмжлэгч: Б.С

Нэхэмжлэгч: А.Т

Нэхэмжлэгч: Ш.Г

Нэхэмжлэгч: М.М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: сонгуулийн хороонд холбогдох

 

Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан Сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө тараасан гэх хууль бус шийдвэр гаргаж, нийтэд мэдээлсэн үйлдэлдээ уучлалт гуйж нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгах, Б хорооны гишүүдийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас учруулсан хохиролд 50,000,000 төгрөг, сэтгэл санаанд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Т.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн  мандат бүхий тойрогт нэр дэвшигчийг нэр дэвшүүлж сонгуулийн дүнгээр 22 нэр дэвшигч хамгийн олон санал авч ялалт байгуулан төлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б хорооноос 55, 56, 57, 58, 60 дугаартай Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай" тогтоолууд гарган нэр дэвшигч Ш.Г, Б.С, А.Э, А.Т, М.М, Д.У нарыг нэрийн жагсаалтаас хасч нэр, төр алдар хүндэд маань ноцтой хохирол учруулсан. Ийнхүү бид захиргааны хэргийн шүүхэд хандаж гурван шатны Захиргааны хэргийн шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон. Гэтэл Б хороо нь дахин 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 10, 11, 14, 15, 16 дугаар, Дахин сонгууль явуулах тухай" 12, 13, 17, 18, 19 дугаар тогтоолуудыг гаргаж, төлөөлөгч Ш.Г, Б.С, А.Т, М.М, Д.У биднийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэж эцэс төгсгөлгүй хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж бидний хувь хүний нэр төр, алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндийг ноцтойгоор гутаан доромжилсон. Төлөөлөгч бид дахин шүүхэд гомдол гаргаж, захиргааны хэргийн гурван шатны шүүх дахин хэлэлцэж Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 10, 11, 14, 15, 16 дугаар, Дахин сонгууль явуулах тухай 12, 13, 17, 18, 19 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг нь тогтоож хүчингүй болгосон. Б хорооны гишүүд ийнхүү санаатайгаар удаа дараалан хууль бус үйлдэл гаргаж иргэдээс сонгогдсон бидний нэр төр, ажил хэрийн нэр хүнд, хууль ёсны эрх ашгийг хөндсөн бөгөөд үүний улмаас шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хүн тус бүр 10,000,000 төгрөгийн буюу нийт 50,000,000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Харин сэтгэл санааны хохиролд хүн тус бүр 30,000,000 төгрөг буюу нийт 150,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь Б хорооны шийдвэр болон нийтэд үндэслэлгүй худал мэдээлэл тараасны улмаас бидний нэр төр, алдар хүнд гутаагдаж, сонгогч олны итгэл үнэмшил буурч, ажил хэргийн нэр төр гутаагдсан болно. Бидний зүгээс нэг жил орчим хугацаанд мөнгө тараасан гэж худал үндэслэлгүйгээр гүтгэгдэж, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж сэтгэл санааны хувьд маш хүнд цохилтод орсон.

Гурван шатны шүүхээр хэлэлцээд Сонгуулийн хорооны тогтоолыг хууль бус гэдгийг тогтоосон. Энэ асуудлаар жил гаруй хугацаанд маргасан бөгөөд энэ хугацаанд нэр бүхий гишүүд хууль тогтоомж зөрчигч гэдэг нэрийг зүүж явсан. Сонгуулийн маргаан нь нарын төвөгтэй учраас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан. Хууль тогтоомж зөрчигч гэж жил гаран хугацаанд хэвлэл мэдээллийн сайтад тэргүүн эгнээнд явж байсан. Иргэдийн төлөөлөгч гэдэг нь улс төрийн хувьд бусад албан тушаалыг бодвол харьцангуй өөр. Тухайн этгээдийн нэр төр хэдий хэмжээнд дээгүүр үнэлэгдэнэ төдий хэмжээгээр албан тушаал үйл ажиллагаа эрхлэх боломжтой байдаг ба иргэдийн итгэлийг хүлээж үйл ажиллагаа эрхлэх боломжтой байдаг тусгай албан хаагч юм. Мөнгө тараасан асуудал нэгэнт шийдвэрлэгдсэн. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10-д заасан үйлдэл гаргасан бол энэ үйлдлийг цагдаагийн байгууллага шалгана. Тухайн мөнгийг өөрөө тараасан уу эсвэл бусдаар тараалгасан уу гэдгийг гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад арга хэрэгслээр ашигласан байдаг. Гэтэл өөрөө болон бусдаар дамжуулсан эсэхийг нь шалгаад Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэж Эрүүгийн хэргийн шүүх тогтоосон байдаг. Хэрвээ будсаар дамжуулсан бол дамжуулсан гэдгийг тогтооно. Сонгуулийн байгууллага хууль тогтоомжийг өөрт ашигтайгаар буруу хэрэглээд явж байгааг Улсын Дээд шүүх тодорхой заасан байдаг. Өөрсдөө сонгуулийн хууль тогтоомжийг зохиосон юм шиг тайлбарлаад яваад байдаг. Мөн Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гээд байгаа үйлдэл нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд буюу сонгуулийн сурталчилгаа явагдсаны дараа гарсан байдаг. Нэр дэвшигч нарын зүгээс ухуулагч, шадар туслах нартай гэрээ байгуулна, эдгээр хүмүүс нь цалин авахгүй сайн дураараа тэр хүмүүст туслах ёстой гэсэн зарчимтай. Тэгэхээр би таны сонгуулийн сурталчилгаанд явъя гэхэд нь чамайг би хардаж байна, чамайг авахгүй гэж хэлж чадахгүй. Энэ гэрээ эрүүгийн шүүхэд авагдаад шийдвэрлэгдээд тухайн нэр дэвшигч нарыг гэм буруугүй гэдгийг тогтоогдож байгаа асуудлыг сөхөж яриад байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 21, 511, 498 дугаар зүйлд нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудлыг тодорхой заасан байдаг. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж байгаа. Мөн хуулийн 511 дүгээр зүйлд Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж зохицуулсан. Материал эдийн хохирлын талаар яриад байна. Татварт тайлагнаагүй ч гэсэн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн баримтаар тогтоогдож байгаа. Харин өмгөөлөгчийн хөлсийн цаана татвараа тайлагнаагүй эсэх нь захиргааны хариуцлагын асуудал. Тухайн этгээд цааш нь татварт тайлагнах асуудал нь тухайн хүний хуулиар хүлээсэн үүрэг тусдаа хуулиар зохицуулах тул энэ асуудал нь үндэслэлгүй. Сүүлд Сиди бичлэгт хийсэн үзлэг хийсэн бөгөөд энэ нь ямар техник хэрэгслээр хийсэн, хэдэн оны, хэдэн сард, хэн гэдэг хүн хийсэн гэдэг нь тогтоогддоггүй. Үүнийг хэн нэгэн этгээд зохиомлоор хийх боломжтой. Нотлох баримтыг үнэлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал.

Иймд Б хорооны дарга болон гишүүдийн зүгээс бидэнд учруулсан эд хөрөнгийг хохиролд 50,000,000 төгрөг, сэтгэл санаанд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг нийт 200,000,000 гаргуулах, Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарыг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан гэж хууль бус шийдвэр гаргаж, нийтэд мэдээлсэн үйлдэлдээ уучлалт гуйж нийтэд мэдээллэхийг хариуцагчид даалгах гэснийг дараах байдлаар найруулга хийж байна. Үүнд: Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан гэх хууль бус шийдвэр гаргасан үйлдэл болон энэ хууль бус шийдвэрээ нийтэд түгээсэн үйлдэлдээ уучлалт гуйлгуулахыг даалгах гэж найруулж, нэхэмжлэлийн бусад шаардлага хэвээрээ, шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Б хороо, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Э.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан Сонсогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан гэх хууль бус шийдвэр гаргаж, нийтэд мэдээлсэн үйлдэлдээ уучлалт гуйж нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгах, Б хорооны гишүүдийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 200,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нийслэлийн Төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуульд  мандат бүхий тойрогг Баянзүрх дүүргийн  нэр дэвшигчийг нэр дэвшүүлж сонгуулийн дүнгээр 22 нэр дэвшигч хамгийн олон санал авч ялалт байгуулсан БТөлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл Б хороо нь дахин 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 10, 11, 14, 15, 16 дугаар Дахин сонгууль явуулах тухай 12, 13, 17, 18,19 дугаар тогтоолуудыг гаргаж, төлөөлөгч Ш.Г, Б.С, А.Т, М.М, Д.У биднийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэж эцэс төгсгөлгүй, хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж бидний хувь хүний нэр төр, алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндийг ноцтойгоор гутаан доромжилсон. Төлөөлөгч бид дахин шүүхэд гомдол гаргаж, захиргааны хэргийн гурван шатны шүүх дахин хэлэлцэж Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс Сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 10, 11, 14, 15, 16 дугаар Дахин сонгууль явуулах тухай 12, 13, 17, 18, 19 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг нь тогтоож хүчингүй болгосон. Б хорооны гишүүд ийнхүү санаатайгаар удаа дараалан хууль бус үйлдэл гаргаж иргэдээс сонгогдсон бидний нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны эрх ашгийг хөндсөн бөгөөд үүний улмаас шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хун тус бүр 10,000,000 төгрөгийн буюу нийт 50,000,000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Харин сэтгэл санааны хохиролд хүн тус бүр 30,000,000 төгрөг буюу нийт 150,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь Б хорооны шийдвэр болон нийтэд үндэслэлгүй худал мэдээлэл тараасны улмаас бидний нэр төр, алдар хүнд алдагдаж, сонгогч олны итгэл үнэмшил буурч, ажил хэргийн нэр төр гутаагдсан болно. Бидний зүгээс нэг жил орчим хугацаанд мөнгө тараасан гэж худал үндэслэлгүйгээр гүтгэгдэж, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж сэтгэл санааны хувьд маш хүнд цохилтод орсон. Иймд Б хорооны дарга болон гишүүдийн зүгээс бидэнд учруулсан эд хөрөнгийг хохиролд 50,000,000 төгрөг, сэтгэл санаанд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг нийт 200,000,000 төгрөг гаргуулах. Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарыг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан Сонсогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан гэж хууль бус шийдвэр гаргаж, нийтэд мэдээллэсэн үйлдэлдээ уучлалт гуйж нийтэд мэдээллэхийг хариуцагчид даалгах гэжээ. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70,5 дугаар зүйлийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 26 дугаар магадлалаар зөрчсөн болохыг тогтоосон. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл, журмыг зааж өгсөн бөгөөд 159.1-д "Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг буртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж. 159.2-т Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг буртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ" гэж тус тус заасан байна. Уг хуулийн зохицуулалт нь гагцхүү сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нартай холбогдох асуудлаар гарсан шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Б хороо тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасч, мандатыг хүчингүй болгон шийдвэрлэснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128\ШШ\2017\0223 шийдвэрээр дүүргийн сонгуулийн хорооны тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоосон байдаг. Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарын Ш.Гийг хасагдсаны дараа 61 дүгээр тогтоол гарсан уг тогтоолыг хүчин төгөлдөр болохыг захиргааны хэргийн шүүх тогтоосон байдаг. Дүүргийн сонгуулийн хорооноос гарах аливаа шийдвэр нь Сонгуулийн тухай хуульд зааснаар 33.7 Сонгуупь зохион байгуулахтай холбогдон гарсан сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр нь тогтоол, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байна. Б хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай 61 дүгээр тогтоол нь иргэдийн хуралд өргөн барих төслийг тогтоол хэлбэрээр гаргаж танилцуулсан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 33.7 дугаар зүйлд заасны дагуу тогтоол хэлбэрээр гарсан нь ямар нэг хуулийн зүйл заалт зөрчөөгүй байна.

1. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд Б хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоогоогүй.

2. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна гэж заасан бөгөөд Б хорооны гомдолд дурдсан тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4 дэх заалтын дагуу хариуцлага тооцох үндэслэлгүй байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу төрийн албан хаагчид тухай албан хаагчийг томилсон төрийн эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэлийг ногдуулдаг зохицуулалттай.

4. Сонгуулийн байгууллагын шийдвэр нь тусгайлан заасан зохицуулалттай бөгөөд 29 дүгээр зүйлийг зөрчсөн тухай шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй болно.

Өмгөөлөгчид хөлс төлсөн бол өмгөөлөгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хэн нэгэн орлого олсон л бол заавал татварын албанд тайлан гаргаж өгөх ёстой, өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нийтэд мэдээлсэн гэдэг дээр энэ сонгогчдын хассан тухай тогтоол нийтэд мэдээлэгдээгүй. Өмнөх шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сайт дээр тогтоол тавигдсан эсэхийг тодруулахаар хойшлогдсон. Хассан тогтоолууд нь сайт дээр нэг ч удаа тавигдаагүй. Тавигдаагүй гэдгийг сиди бичлэг нотолж байгаа учраас нэхэмжлэгч талаас энэ нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах гэж гомдол гаргасан байх. Энэ сайт дээр нөхдүүдийн тавьсан 5 тогтоол хуулбар үнэн тэмдэгтэй тавигдсан бөгөөд учир нь өөрсдөд нь эх хувь байхгүй юм. Сонгуулийн хороо бол зөвхөн сонгуулийн харилцааг зохицуулахаар түр байгуулагддаг байгууллага бөгөөд нэхэмжлэлд дурдсан 3 зүйл нь бүхэлдээ хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, өөрсдийн бодол санааг дурдсан байгаа учраас Сонгуулийн байгууллага, төрийн албан хаагчид хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн.

Иймд Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нар нь хариуцагч Б хороонд холбогдуулан Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарыг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан гэж хууль бус шийдвэр гаргаж, нийтэд мэдээлсэн үйлдэлдээ уучлалт гуйж нийтэд мэдээллэхийг хариуцагчид даалгах, Б хорооны дарга болон гишүүдийн зүгээс бидэнд учруулсан эд хөрөнгийг хохиролд 50,000,000 төгрөг, сэтгэл санаанд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг, нийт 200,000,000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан гэх хууль бус шийдвэр гаргасан үйлдэл болон энэ хууль бус шийдвэрээ нийтэд түгээсэн үйлдэлдээ уучлалт гуйлгуулахыг даалгуулах гэж найруулж, нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж байна.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын задаргаа нь хууль бус шийдвэрийн улмаас учруулсан хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилж байх ба нэхэмжлэгч тус бүр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, тус бүртээ 10,000,000 төгрөгийг төлсөн, сэтгэл санаанд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг нэхэмжилж байх ба сэтгэл санааны хохиролд нэхэмжлэгч тус бүр 30,000,000 төгрөгөөр тооцон тодорхойлжээ.

 

Хариуцагч Б хороо нь манай байгууллага Сонгуулийн тухай хуулиар түр байгууллагддаг байгууллага бөгөөд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

тойрогт нэр дэвшигч Б.С /55 тоот тогтоол/,  тойрогт нэр дэвшигч А.Т /56 тоот тогтоол/, тус  тойрогт нэр дэвшигч М.М /57 тоот тогтоол/, тус  тойрогт нэр дэвшигч Ш.Г /58 тоот тогтоол/,  тойрогт нэр дэвшигч Д.У /60 тоот тогтоол/ нарыг Б хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3-т тус тус заасныг үндэслэн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн ... дүгээр тойрогт нэр дэвшигч ... нь сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан тул нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, Сонгуулийн дүнгээс нэр дэвшигч ...-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 59, 61 дугаартай тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаартай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0034 дугаартай магадлал, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0024 дугаартай магадлал зэргээр тогтоогдож байна.

 

Б хорооны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 11, 14, 15, 16 дугаартай ... Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолуудыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 62, 68 дугаар захирамж, 20 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 26 дугаар магадлал зэргийг үндэслэн Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр төлөөлөгчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн.

 

Мөн өдрөө буюу Б хороо нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12, 13, 17, 18, 19 дугаартай Дахин сонгууль явуулах тухай тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2, 163.3, 20 дугаар зүйлийн 20.3-т тус тус заасныг үндэслэн ...Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь шүүхээр тогтоогдож нэрийн жагсаалтаас хасагдан, төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон ... тул дахин сонгууль явуулахаар шийдвэрлэжээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 249 дугаартай тогтоолоор дээрх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10, 11, 14, 15, 16, 12, 13, 17, 18, 19 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү тогтоолуудыг хүчингүй болгосон үндэслэл нь сонсох ажиллагаа явуулах Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн, мөн захиргааны актын хуульд үндэслэсэн байх зарчим, захиргааны актад хуулийн зүйл, заалтыг тодорхой заасан байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хууль зөрчсөн захиргааны шийдвэр гэж үзнэ, өөрөөр хэлбэл тухайн сонгуулийн хороо эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэр дэвшигчдэд мэдэгдээгүй буюу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй, тэдэнд тайлбар, санал хүсэлтээ гаргах боломж олголгүйгээр дүүргийн МАН-с ирүүлсэн өргөдлийг тус хорооны хуралдаанд танилцуулж шийдвэрлэсэн нөхцөл байдлууд тогтоогдсон гэжээ.

 

Дээр дурьдсанчилан Б хорооноос сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой эрхийн актуудыг гаргаж, эдгээр тогтоолууд нь шүүхээр хянан шийдвэрлэгдэн хүчингүй болж, нэр дэвшигч нарын эрхийг сэргээсэнээр хариуцагч байгууллагын хууль бус ажиллагаа нь тогтоогдсон гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байна.

 

Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Сонгуулийг сонгуулийн байгууллага зохион байгуулж, явуулна гэж, мөн хуулийн 24.2.3-т сум дүүргийн сонгуулийн байгууллага /цаашид сум, дүүргийн сонгуулийн хороо гэх/ гэж тус тус зааснаар Б хороо нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг явуулсан байна.

 

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д Сонгуулийн хорооны хуралдаан нээлттэй, ил тод байна, 33 дугаар зүйлийн 33.7-д Сонгууль зохион байгуулахтай холбогдон гарсан сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр нь тогтоол, ... хэлбэртэй байна, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2-т тус тус зааснаар Сонгуулийн хорооноос нэр дэвшигчтэй холбоотой гарсан аливаа шийдвэрийг нийтэд мэдээлэх үүрэгтэй буюу эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь Сонгуулийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б хороо нь нэр дэвшигч нартай холбоотой мэдээлэл болон гаргасан шийдвэрээ бусад тухайн сонгуульд оролцож байгаа намуудад болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд мэдээлж буй үйлдэл нь дээр дурьдсанчилан хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурьдсан үндэслэлд хамааруулж хууль бус үйлдэл гэж буруутгах үндэслэлгүй юм.

 

Харин энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлсэн байдал, тус байгууллагаас гаргасан тогтоолууд дараа нь шүүхийн журмаар хүчингүй болж буй нөхцөл байдал нь Б хороо болон тус хорооны гишүүдийн санаатайгаар удаа дараалан хууль бус үйлдэл гаргаж иргэдээс сонгогдсон нэхэмжлэгч нарын нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн эдгээр шүүхийн шийдвэрүүд гарсанаас хойш хариуцагч байгууллагыг өмнө гаргасан хууль бус тогтоол, шийдвэрүүдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа мэдээлсэн, тус сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийгийн ярилцлагад нэр дэвшигч нарын нэр төрийг гутаасан мэдээллийн талаар ярьсан гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэр бүхий 3 сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нарын нэр төрийг гутаасан мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарт учруулсан эд хөрөнгийг хохиролд 50,000,000 төгрөг, сэтгэл санаанд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг, нийт 200,000,000 гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарын хариуцагч Б хороонд холбогдуулан гаргасан Ш.Г, М.М, Б.С, А.Т, Д.У нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан гэх хууль бус шийдвэр гаргасан үйлдэл болон энэ хууль бус шийдвэрээ нийтэд түгээсэн үйлдэлдээ уучлалт гуйлгуулахыг даалгуулах, Б хорооны дарга болон гишүүдийн зүгээс бидэнд учруулсан эд хөрөнгийг хохиролд 50,000,000 төгрөг, сэтгэл санаанд учруулсан хохиролд 150,000,000 төгрөг, нийт 200,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,158,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.ЦЭРЭНДОЛГОР